8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Жигжид: Хамгаалах газраа хамгаалж, ашиглах газраа ашиглах зарчмыг баримталж байна

2015-11-26 11:31:00

Сүүлийн үед Уул уурхайн салбарыг тойрсон цаг үеийн асуудал болон зарим төсөл хөтөлбөрийн явц болоод Гацууртын орд, Ноён уулын асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсаар байна. Ирэх жилийн улсын төсөвт зэсийн үнийг хэдээр тооцож, хэдэн тонн зэсийн баяжмал экспортох вэ?

-Дэлхийн зах зээл дэхь зэсийн үнийн уналт үргэжилж байна. Арвандугаар сарын 23-нд нэг тонн зэс 5295 ам.доллар байсан бол арваннэгдүгээр сарын 18-нд 4648 ам.доллар болсон. Ирэх жил нэг сая 361,6 тонн зэсийн баяжмал экспортолно. Ингэхдээ тонн тутмыг 5137,7 ам.доллар байхаар тооцсон. Үүнийг 2015 онтой харьцуулахад 7,6 хувиар буурсан байгаа юм

-Зэс болон төмрийн хүдрийн орлого өнөөгийн байдлаар ямар хэмжээнд төвлөрсөн байгаа вэ?

-Оны эхний арван сарын байдлаар зэсийн баяжмалын орлогоос улсын төсөвт нийт 489,8 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байсан. Үүнээс 556,4 тэрбум буюу төлөвлөгөөний биелэлт 113,6 хувьтай байгаа. Төмрийн хүдрийн хувьд оны эхний арван сарын байдлаар 46,9 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байсан 16,9 сая төгрөг төвлөрч 36 хувь биелсэн. Энэ нь төмрийн хүдрийн үнийн уналттай холбоотой юм.

-Ард иргэдээс санал асуулга авахад “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжсэн. Энэ төсөл одоогийн байдлаар ямар шатандаа хэрэгжиж байна вэ?

-Энэ оны тавдугаар сард Дубайд очиж “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Мөн “Оюутолгой” компанитай хамтарч Далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр форум зохион байгуулсан. Үүнд 600 орчим туслан гүйцэтгэгч компани оролцсож 250 нь дотоодын аж ахуй нэгж байсан. Энэ форумаар дамжуулан “Оюутолгой” компани ханган нийлүүлэлтээ бодитоор харж гэрээ хийх бэлтгэлээ хангаж байгаа ажил хэвийн үргэлжилж байгаагийн тод илрэл гэж харж байна. Би “Оюутолгой” компаний захирлаас товч мэдээлэл сонссон. “Одоогоор хөрөнгө босгох ажил эхэлчихсэн, олон улсын банк санхүүгийн 20 гаруй байгууллагатай уулзсан. Үүнээс гарсан саналыг ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна” гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс арванхоёрдугаар сардаа багтаан энэ төслийн талаар нааштай мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байна.

-Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг гурав дахь  удаагаа өргөн барихаар төлөвлөөд байна. Энэ удаагийн төсөл өмнөх хоёроос ямар ялгаатай төсөл болсон вэ?

-Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай асуудал шийдэгдсэн байгаа. Харин төрийн эзэмших хувийг тогтоож чадалгүй хэд хэдэн удаа буцаагдсан. Үүнтэй холбогдуулаад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн эзэмших хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг авах асуудлаар хөрөнгө оруулагч талтай санал солилцож яриа хэлэлцээр явуулж, зарчмын тохиролцоонд хүрээд байна. Манай яам энэ төслийг хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Харин байгаль орчин, түүх соёлын дурсгал, үнэт туурийг хамгаалах асуудлыг нэг мөсөн цэгцлэх чиглэлийг БОНХАЖ яаманд Засгийн газраас өгсөн. Энэ дагуу Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг БОНХАЖ яам боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Бид хамгаалах газраа хамгаалж, ашиглах газраа ашиглах зарчмын байр суурийг Засгийн газар барьж байгаа. Ер нь ойрын хугацаанд олон нийтийн оролцуулж хэлэлцүүлэг хийх төлөвлөгөөтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment