8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Отгон: АТГ-аас сонгуульд нэр дэвшигчдийн санхүүжүүлэгчид нь тодорхойгүй байна гэж үзсэн

2015-11-20 14:58:00

Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, Төв Азийн Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон. Тэгвэл өнгөрсөн онд Авлигын эсрэг сүлжээ нь Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрхзүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргасан юм. Үнэлгээг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын аргачлалаар буюу тус сүлжээний гишүүн орнуудад авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг ижил түвшний мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. Уг үнэлгээний тайланд АТГ-ын үйл ажиллагааг сайшаахын зэрэгцээ өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай АТГ-ын чадавхыг нь сайжруулахад хангалттай арга хэмжээ авахгүй байгааг дурдсан байна.

Мөн авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц аливаа Өршөөлийн хууль батлахаас татгалзахыг Монгол Улсад уриалжээ. Түүнчлэн Өршөөлийн хууль анх УИХ-д ороход АТГ-ын шалгаж байгаа хэргүүд өршөөгдөх магадлалтай байсан ч эцэст нь тэдгээр хэргийг өршөөгөөгүй нь сайшааж байсан юм.

Төв Ази, Зүүн Европын орнуудын Авлигын эсрэг сүлжээний менежер Ольга Савран үнэлгээний тайлангаас зарим зүйлийг онцлосон юм. Тэрбээр "Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газрын үйл ажиллагааг сайшааж байгаа. Гэхдээ хамгийн чухал зүйлийг зөвлөхөд Авлигатай тэмцэх үндэсний стратегийг цаг алдалгүй баталж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах өндөр түвшний механизмыг бий болгох шаардлагатай. АТГ-ын бүтэц, цалин хөлсийг улс төрийн намууд хэлэлцэх нь зүйд нийцэхгүй. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цаад эзэд ил гарах хэрэгтэй. Яагаад гэвэл Ардчилсан оронд иргэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эздийг мэддэг байх ёстой. Түүнчлэн уул уурхай хөгжиж буй Монгол Улсад бизнес дэх шударга байдлыг бий болгох нь чухал юм. Үүний тулд АТГ-аас соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж авлигаас сэргийлж чадна. АТГ нь 2007 онд байгуулагдсан бусад улс орнуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас харьцангүй залуу. Тиймээс бусад улс орны ижил төрлийн зүйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харьцуулах боломжгүй.

АТГ-ын тухайд сүүлийн үед тус байгууллагад итгэх иргэдийн итгэл буурсан нь судалгаанаас харагдсан. Энэ нь АТГ-ыг маш их хүлээлттэйгээр байгуулж байсантай холбоотой юм. Мөн авлигатай тэмцэх байгууллагын дотоод бүтэц, тус байгууллагын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг УИХ-аар улс төрийн намууд хэлэлцэх нь ёс зүйд нийцэхгүй асуудал” гэлээ.

 

Энэ үеэр АТГ-ын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгоноос цөөн асуултад хариулт авлаа.

-Төрийн томоохон албан тушаалтнуудыг шалгахад халдашгүй бүрэн эрхийн асуудал танай үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Халдашгүй дархан байдал гэдэг нь олон улсын конвенцид заасан заалтын дагуу тухайн хүн албан тушаалтайгаа холбоотой амь нас нь аюулд өртөх эсвэл янз бүрийн халдлагад өртөх болзошгүй байдлаас илүү халдашгүй дархан байх ёстой. Түүнээс биш ямар нэгэн гэмт хэрэгт шалгагдах, сэжиглэгдэх байдлаас хамгаалагдах бол энэ ойлголтыг хэт их  өргөн хүрээгээр хэрэглэж байна гэж дүгнэлт хийж байгаа.

-Төрийн байгууллагуудаас ямар байгууллага авилгад их өртдөг вэ?

-Ер нь судалгаагаар манай улсын хувьд хэдэн байгууллага дээр доороо бичигддэг. Тухайлбал газрын алба нэлээн дээгүүр бичигддэг. Мөн хууль сахиулах байгууллагууд, уул уурхай, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаа, эрүүл мэнд боловсрол гэх мэт иргэдийн  өөрсдөд нь ямар хүндрэл учирч байна гэдгээрээ бичигддэг. Сүүлийн үед улстөрийн намууд авлигатай гэдэг асуудал нэлээн өндөр гараад байгаа. Энэ нь сонгууль дөхсөнтэй холбоотой байх магадлалтай.

-Шилэн данс хэрэгжиж эхэлснээр авлигын  тоо өсөж байна уу буурч байгаа юу?

-Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагууд 5 саяаас дээш төгрөгийн зарлагаа олон нийтэд ил тодоор байгууллагынхаа сайтанд тавьж байгаа. Гэвч санхүүгийн хямралаас шалтгаалаад  5 саяас дээших зарлага ховорхон байгаа. Гэтэл иргэдээс шилэн дансанд зарцуулалтаа тавихгүй байна гэсэн гомдол ирдэг. Шилэн дансыг шууд хяналт тавьдаг байгууллага бол аудит. Харин АТГ-ын хувьд авлигын эсрэг хуулийнхаа гуравдугаар зүйл заалтын дагуу төрйин байгууллагуудын төсөв санхүүтэй холбоотой мэдээлэл ил байх ёстой хуулийн дагуу бид хяналт тавиад төрийн байгууллагуудад арга зүйн зөвөлгөө өгч явж байгаа. Иргэд шилэн данстай холбоотой асуудлаар АТГ-д хандах нь ихсэж байгаа.

-Намын санхүүжилтыг хэн хянадаг вэ. Танайхаас хянах боломж байгаа юу?

-Манайхаас хянах боломжгүй. Сонгуулийн ерөнхий хороо, аудитид энэ чиг үүрэг нь байдаг. Гэхдээ улстөрийн намын санхүүжилт улстөрийн нам маань авлигад өртөх магадлал ихтэй гэдэг утгаар нь сонгуулийн боловсролын төвтэй хамтран судалгаа хийж зөвлөмж гаргасан байгаа. Өнөөдрийн гаргасан үнэлгээний тайланд Монголын улстөрийн намын санхүүжилтийн асуудал их сул байна. Тодорхой биш байна, хандивлагчдын мэдээлэл байдаггүй, сонгуульд нэр дэвшигчдийн санхүүжүүлэгчдийн эх үүсвэр тодорхойгүй байна гэх мэт нарийвчилсан зөвлөмжүүдийг гаргасан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл