8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Бямбасүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эргэлт хийхээр санаархаж байна

2015-11-20 10:06:00

УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэр бүхий 47 гишүүн өргөн мэдүүлээд байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог 99 болгож, сонгогдох хугацааг 5 жил болгохоор тусгасан. Мөн Ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай сонгохоор яригдаад байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хэр зохистой вэ гэх асуулт гарч ирж буй.  Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Таны хамгийн сүүлд өгсөн ярилцлага нийгэмд нэлээд дуулиан шуугиан тарьсан. Монгол улс үнэхээр гадны колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдээд байна гэж үү?

-Эдийн засгийн байдлын тухай ярьвал монгол улс сүүлийн найман жил ужгирсан, архагжсан хямралын байдалд байна. Манайхан өрсөлдөөн гарлаа, эдийн засаг тэллээ гэж ярьдаг . Гэтэл энэ нь үр өгөөж муутай, улам өрөнд оруулж, дарамтанд оруулсаар ойрын 3-5 жилд эдийн засаг маань өндийх боломжгүй болчихлоо. Бид жилд ойролцоогоор тэрбум долларын ашиг олж байж, өрөө дарна. Гэтэл тэрбум доллар хэр их хэмжээний мөнгө вэ гэдгийг зөвхөн үнээр бодвол 30 сая тонн нүүрс борлуулж олох мөнгө. Гэхдээ үүнээс 200 сая долларын л ашиг олно. Өөрөөр хэлбэл бид 150 сая тонн нүүрс гаргаж байж, олсон ашгаараа өрөө төлөх хэмжээнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засагт ойрын хугацаанд түлхэц өгөхөөр, богино хугацаанд  бүтээгдэхүүн   гаргах хөрөнгө оруулалтын бэлдэц байхгүй байна. Тиймээс ойрын таван жил эдийн засаг их хүндрэлтэй байх нь гэж хараад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар улс төрийн намууд их л сайхан сайхан зүйл амласан. Нефть  боловсруулах  үйлдвэр  байгуулна, зэс, төмөрлөгийн  үйлдвэртэй  болно,  цахилгаан станц байгуулна гээд амлаагүй юм байхгүй. Гэвч эдгээрээс  нэг  нь  ч байгуулагдсангүй. Эрх барьж байгаа улс төрийн хүчинд улс орноо хямралаас гаргах үзэл баримтлал, чиг байхгүй байна. Засгийн газар шинэчлэн байгуулагдаад жил гаруй боллоо. Авсан гэх арга хэмжээ нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Байдал улам  муудах тийшээгээ л хандаад байна. Засгаа байгуулах гэж салаад, нийлээд явж байгааг харахад улс төрийн хүчнүүд маань төр барих чадваргүй болж дээ. Нийлээд ч нэмэр алга, салаад ч нэмэр алга. Ерөнхий сайдын  Их хурал дээр хэлж байгаа үгийг та нар ч сонсч байгаа байх.

- Улс төрийн хүчнүүд чинь эдийн засгаа сайжруулна гэж л салж нийлээд байгаа шүү дээ. Одоо ч гэсэн Шийдлийн Засгийн газрыг унагаах асуудал яригдсаар л байна?

- Засгийн газар байгуулахад учир бий л дээ. Тэр  Засаг өөрийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Өмнө нь ингэж байсан, алдсан зүйл байна, одоо ингэх ёстой гээд чигээ гаргах ёстой. Гэтэл өнгөрсөн онд  Засгийн газар солигдоход өмнөх засаг юун дээр алдсан бэ гэдгээ яриагүй. Нийгмээрээ үүнийг шүүж тунгаагаагүй.  Гэтэл 2008-2012 оны Засаг нэг өөр, 2012 оноос хойшхи Засгийн газар бас нэг өөр аргаар тус тусдаа эдийн засгаа хорлолоо. 2008-2012 онд эдийн засгийнхаа нөөц бололцоог бүгдийг нь хавтгайрсан халамж, хуурамч амлалтаа биелүүлэхийн төлөө зараад дууссан. Өр ширтэй арчаагүй байдал дээрээ тулсан. 2012 оноос хойш Ардчилсан намынхан Засгийн эрхийг толгойлсон ч ялгагдсангүй. Газар нутгаа гадныханд худалдах дээрээ тулж, Ашигт малтмалын татварыг бууруулж, үндэснийхээ эд баялагаа үнэгүйдүүллээ. Эдгээрээс хамгийн хортой зүйл нь 2013 онд Хөрөнгө оруулалтыг дэмжих хуулиар хөнгөлөлт үзүүлж байна гээд татвар, зээлийн хүүгийн бодлого явуулах боломжгүй болгочихсон.  Энэ мэт алдааны үр дүнд эдийн засагт хүндрэл бий болсон. Шинэ Засгийн гарч ирээд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх, уул уурхайгаас гадна бусад салбаруудаа идэвхжүүлэх ямар ч бодлого явуулсангүй.  Эдийн засгаа жолоодох, хөшүүргүүдээ өөрчилж чадсангүй.  Энэ нь сүүлдээ тулга тойрсон хэрүүл болоод өнгөрч байна. Ер нь өнөөгийн  төр засгийн бодлого гадны хөрөнгө оруулалтыг шүтэх зам руугаа орчихлоо. Энэ чинь Монгол улс өөрөө өөрийгөө аваад явчих чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ.  Уг нь манай эдийн засаг өөрөө босоод, сэргээд явах чадвартай. Гэтэл үүнийг нь ашиглаж чадахгүй гар мухардчихаад байх үедээ Засгаа дахин солиод үр дүн яагаад ч гарахгүй. Гэхдээ Монгол улс одоогийнх шиг Засагтай болж өгвөл нэг  ч хоног байх хэрэггүй юм.

- Гадаадын хөрөнгө оруулалтыг шүтсэн Засаг гэж ярьлаа. Үнэндээ энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүд иргэдийн эсэргүүцэлтэй нэлээд тулгараад байна. Хамгийн сүүлд гэхэд л “Халх гол” байна шүү дээ?

- Гадны хөрөнгө оруулалт гэдгийг манайхан янз янзаар шүүдэг.  Гадны хөрөнгө оруулалт гэдэг чинь учиртай. Тухайн оронд шинэ технологи авчирч, санхүү дээр нь түшиг болоод хамтарч ажиллабал тэр бол манай гадаад хөрөнгө оруулалтын түнш мөн.  Хэрэв гадны компаниуд баялагийг нь цөлмөх зорилгоор төр засагт өөрсдийнхөө нөхцөлөө тулгах, эрх  мэдэлтнүүдийг хахуульдах, худалдаж аваад эхэлбэл энэ шинэ колончлолын бодлого. Үүнийг ялгаж харах хэрэгтэй. Манайд орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт төвлөрч байна.  Байгаа хэдэн орд газруудынхаа лизенцийг худалдаж, өгөөд дуусах нь. Үүний ард талд дөрвөн том бүлэглэл байгаа юм.  Нэг нь  гадны хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл олгодог түшмэдийн бүлэг. Энэ нь цаадуулаасаа унац горьддог улсууд л даа. Нөгөөх нь гадныханд үйлчлэгсэд.  00-ийг нь цэвэрлэж, хоолыг нь хийх байдлаар орлого олдог хэсэг. Оюутолгойд гэхэд л нийт  үйлчилгээний 78 хувийг гадны компаниуд хариуцдаг. Монголчууд цөөхөн хэдэн хувь дээр нь шахааны бизнес хийх жишээний. Гуравдах нь гадны хөрөнгө оруулагчдын лобби хийх бүлэг. Тэдэнд үйлчилж, тэднийг сурталчилж, олон нийтийн тархи толгойг угаах зорилготой.  Хамгийн цаад талд нь тэдэнд бүрэн утгаар нь үйлчилдэг эрх мэдэлтнүүд. Үүнд УИХ-ын гишүүд ч орно. Оюутолгойн гэрээг Их хурал баталсан. Зарим гишүүд нь уншилгүйгээр, судалж үзэлгүйгээр баталсан.  Энэ чинь хахууль авсаны шинж шүү дээ. “Халх гол”-ын асуудал дээр надад нэг сонин зүйл харагдаад байгаа юм. 2009 оноос хойш энэ талаар гарсан материудыг үзэж судалсан. Койка  гэхэд л монголоос газар худалдаж авлаа гээд л баяр наадам ч хийлээ. Манайхан мэдэхгүй  юм шиг сууж байгаад 2011 оны төгсгөлөөс энэ талаар дуугарч эхэлсэн л дээ. Тэр үед Ерөнхийлөгч Хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайтай  “Халх гол” явж ирсэнийхээ дараа нийслэлийн иргэдэд  тайлбар өгөхдөө “Т.Бадамжунай чи нийслэлийн газрыг худалдаж дуусаад Дорнодын талыг надтай хамт худалдах гээ юу гэж би хэлсэн. Та нар наад асуудлаа Т.Бадамжунайгаас асуу” гэж. Ингээд 2012 оны 1 дүгээр сард Их хурал дээр Т.Бадамжунайгаас энэ талаар асуулга тавихад нөгөөх нь нэг 200 мянган га, нэг 200 га гэж яриад л мэдэн будилаад өнгөрсөн. Хамгийн сонирхолтой нь тэр асуудлыг хэлэлцэж байх үед манайхан Солонгосын талаас мэдээлэл аваагүй.  Бас чуулганы хуралдаан дуусахад гэж байхад Төв аймгаас сонгогдсон С.Батболд “40 мянган га шүү. Нэг ч га нэмж өгөхгүй” гэж хашгирсан. УИХ-ын дарга ч алхаа цохьсон, хуралдаан ч хаасан. Өөрөөр хэлбэл 2012 оны 1 дүгээр сард буюу МАН-ынхан эрх барьж байхдаа Солонгосын талд 40 мянган га газрыг өгөхийг зөвшөөрч, үндсэндээ зарлачихсан. Энэ нь явсаар сүүлдээ хэдэн ч га болж байгаа юм бүү мэд. Одоо бол их өөр зүйл ярьдаг болсон байна лээ.   40 мянган га гэж хашгирч байснаа мартчихсан бололтой мань хүн. Энэ бол яах аргагүй газрын наймаа. Монголчуудын ирээдүйн хүнс тэжээлийн  нөөцийг хангах газар чинь Халх голын хар хөрс шүү дээ.  Хоёрдугаарт Халх гол гэдэг чинь дайн байлдаан болж, Монгол Зөвлөлтийн цэргүүдийн цусаар хамгаалагдаж үлдсэн нутаг орон.  Энэ яригдсанаас хойш зургаан жил боллоо. Гэтэл энэ газрыг хэн хэнд худалдаад, мөнгө нь хаашаа яваад, хэн аваад байгааг хэн ч сонирхохгүй байна. Үүнийг солонгосын талаас асуух хэрэгтэй.

Бас нэг зүйл бий. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн үед Газрын хуульд өөрчлөлт оруулж, газар нутгаа гадныханд дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл оруулж ирсэн. Бөөн хэрүүлж болж төслийг нь буцаахад дахиж оруулж ирнээ гээд л татаж авсан. Гэтэл энэ жил “Халхгол” чөлөөт бүс нэртэйгээр оруулаад ирлээ. Энэ бол монголын  газар нутгийг худалдах гэсэн санаархлын үргэлжлэл. Үнэхээр Монголын үндсэн хуульд Газар, түүний хэвлийн баялаг бүх  ард түмний мэдэлд байна гэж заачихсан байгаа л бол ард түмнээсээ асуугаач дээ. Нутгийнханаас, монголын нийт иргэдээс асуух хэрэгтэй.  Мөнгөөр зодож, Их хуралд суусан олигархиуд улс орноо худалдаад сууж болохгүй шүү дээ.

-Гэтэл улс төрчид их сайхан зүйл байгуулах гэж байгаа гээд л өдөр шөнөгүй хэвлэлээр ярьж байна?

- Халх гол сум Дорнодоосоо цааш 350 км,  Улаанбаатараас Дорнод хүртэл 660 км. Мянган км-ын цаанаас хэн мах, ногоо авчирч идэх вэ. Хэнийг тэжээж, хааш нь гаргах гээд байгаа юм. Их сонин л байдал үүсчихээд байна. Эрх мэдэлтэнүүдээс тайлангаа авах цаг ирэх байлгүй дээ. Энд ерөөсөө л газар нутаг худалдах гэсэн хүмүүсийн шунахайрал байна л даа. “Халх гол” анхны алхам нь. Дараагийнх нь дааж давшгүй өр тавьчихсан улс чинь өрөө төлж чадахгүй болохоороо нэг Засаг нь гарч ирээд тэнд байгаа сумын нутгийг нь худалчихъя, эндээс нэгийг гээд явчихна шүү дээ.

-Сүүлийн үеийн улс төр энэ мэтчилэн халуухан өрнөж байна. Бас нэлээн дуулиантай, шуугиантай баривчилгаанууд ар араасаа боллоо?

- Төр засгаа яаж байгуулж байгаагийн жишээ энэ шүү дээ. Төрийн албанд ямар хүн сайд хийх вэ? Тэр хүн мэдэх үү, чадах уу, сайдын нэр төрийг авч явж чадахуу, тэнцэх үү.  Энэ шалгуур байхгүйгээс болоос төрийн албанд янз бүрийн хүмүүс орж байна. Нэгт, хоёрдугаарт сонгууль ойртохоор дуулиантай баривчилгаа явуулдаг. Сонгууль өнгөрөнгүүт нам гүн болчихдог. Монголын халуун цусыг нь сорж, бүлээн элгийг нь идэж байгаа авлигачдыг шууд гаргаж ирэх хэрэгтэй. Тэдэнтэй тэмцэл хийхгүйгээр өнгөрсөн баларсан үеийг нь ярина гэдэг зүгээр л халхавч. Дуулианы ард тодорхой хэмжээний хүмүүс нуугдаж байдаг. Ер нь АТГ-ынхыг хоёр алхам хийгээгүй цагт тэднийг үр дүнтэй ажиллаж байна гэж хэлэхгүй. Монгол улсын нэгдэж орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенци гэж бий. Тэр конвенцийн 20 дугаар зүйлд  “Эрх мэдэлтнүүдийн орлогыг төдийгүй зарлагыг хянана” гэж заасан байдаг.  Гэтэл монголын хуульд зарлагыг хянах заалт байдаггүй. Чи хаанаас мөнгө олсон, яагаад Америкт орд харш худалдаж авав гэдгийг шалгах эрх зүйн орчин нь байхгүй. Зарлагыг хянахгүйгээр авлигын эсрэг тэмцэл хэзээ ч үр  дүнд хүрэхгүй. Обшор дансны дуулиан дэгдэхэд манай улс төрийнхөн яаж арьсаа хуулуулсан могой шиг мушгиралдаж байлаа даа. Дараагийнх нь Оюутолгойн гэрээ. Монгол Улсын Их хурал гэрээг баталсан. УИХ-ын гишүүдийн олонх нь гэрээг уншаагүй, үзээгүй бүр гартаа ч барьж үзэлгүйгээр баталсан. Энэ бол монголын хамгийн том баялагийн дээж нь. Энэ асуудалд нийгмээрээ өчнөөн их анхаарал хандуулж ярьсаар байтал баталчихсан. Энэ асуудлыг АТГ шалгаагүй. Энэ гэрээг хийсэн баталсан хүмүүсийг эхнээс нь дуустал нь ил болгоогүй цагт хэзээ ч  Монголд авлигын эсрэг тэмцэж байнаа гэдэгт итгэх хэрэггүй.

- Гэтэл нийгмээрээ төдийгүй улс төрийн хүрээндээ хүртэл Авлигатай тэмцэх газар улс төрчдийн гар хөл боллоо. Тэдний тушаалаар хөдөлж, шалга гэснийг шалгаж, боль гэснийг нь больж, баривчил гэснийг нь баривчилж байна гэж шуугиад байдаг?

- АТГ-ынхныг хараад байхад ийм хэрэг илрүүллээ гэж их сүржигнэдэг. Тэгж байтал чимээгүй болчихдог. Тэдний гэм биш зан болчихсон зүйл л дээ. Нөгөө талаас харахад авлигын эсрэг ажиллагааг тухайн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрөөсөө эхэлсэн бол олон түмний итгэлийг хүлээнэ. Харин өрсөлдөгчөөсөө эхлээд бариад, хориод эхэлбэл улс төрийн яргалал гэж тайлбарлаж болно.  Манай улс төрийн хүчин АТГ-ыг ашиглаж, авлигаасаа салах талаар юм хийгээгүй. Дандаа сөрөг хүчин рүүгээ хандаж байсан болохоор ийм яриа гараад байгаа юм ш дээ.

- Гэхдээ АН-ынхан  намын гишүүдийг хорьж шалгасаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд МТЗ-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа байна. Түүний ард МоАХ буюу Х.Баттулга гэх АН-ын хамгийн том фракцийн тэргүүн байгаа шүү дээ?

- Б.Батзаяагийн асуудал учир нь олдох байлгүй дээ. Энд АН төрийн эрх барьсаны дараа гарч ирсэн хамгийн анхны авлигын асуудлыг л сануулъя. Архангай аймгийн Тариат сумаас Солонгын даваа хүртэлх замын тухай асуудал. “Монроуд” компани 2012 оны 6 дугаар сард  “Анод” банкинд  17 тэрбум төгрөгийн өртэй байсан. Энэ компанийн захирал Д.Гарамгайбаатар УИХ-д сонгогдоод  наймдугаар сард нь өргүй болчихсон.  АТГ-ынхан хүртэл 46 тэрбум төгрөг завшсан. Тавьсан замыг тавиагүй гэж хэлээд мөнгө авчихсан байна гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл үүнээс хойш бараг 4 жил боллоо. Нөгөө захирал нь  “Би энэ компанийн захирал биш шүү дээ, би УИХ-ын гишүүн” гээд л улайм цайм гүрийх жишээний. Иймэрхүү зүйлийг шалгаж, буруутай этгээдийг нь тогтоохгүй бол АТГ гэж яваад яадаг юм.

- Энд нэг зүйл их ажиглагддаг. УИХ-ын гишүүн дархан эрхтэй гэж хуулиандаа заагаад өгчихсөн нь олон хүнийг төрийн мөнгөөр туйлахыг нь хүлээн зөвшөөрөөд ч байх шиг?

-Манай УИХ-ын гишүүд хэтэрнэ, хэтэрнэ гэхэд арай дэндүү. Гаргасан хууль нь хүртэл үйлдэл дээрээ л баригдаагүй бол УИХ-ын гишүүнээс нь татаж болдоггүй байх зохицуулалттай. Энэ чинь өөрсдийгөө дархлаажуулах хууль гаргачихаад ард нь нуугдаад байгаа хэрэг. Авлига чинь  явсаар төрийн үйл ажиллагааны хэвшмэл үзэлдэл болж хувирлаа. Төсвөө батлуулахдаа Засгийн газар нь УИХ-аа хахуульдана. Сү.Батболдын Засгийн газар төсвөө оруулчихаад УИХ нь батлахгүй байхаар нь УИХ-ын гишүүн бүрт тэрбум төгрөг зарцуулах эрх өгнө гэж амлаад 7 хоногийн дотор батлуулсан шдээ. Одоо хар, Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал яригдахад Үндсэн хуулийн Цэцийнхээ даргад нь машин авч өгөөд ойгоо тэмдэглэхэд нь зориулж 300 сая төгрөг гаргаж өгч байна. Монголын  төр өөрөө өөрийгөө  хахуульддаг боллоо. Авлигаас гарах зарчим, бодлого хаана байна вэ.  АТГ-ынхны өнөөдрийн явуулж байгаа үйл ажиллагааг нь их сайнаар үнэлж хэлбэл бид нар амьд байна, цалин авч байна гэдгээ харуулах хэмжээний л байна шүү дээ.

- УИХ-ын гишүүдээс гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүнийг тоовол их цөөхөн тоо гарна даа?

- “Морь унасан толгойгүй хүн” гэж их шимтэж уншдаг зохиол байдаг. Одоо хараад байхад монголын төрд машин унасан толгойгүй хүн олон болчихож дээ. Авлигачдадаа мэхлүүлээд л, тэдэнтэйгээ хуйвалдаад л, тэднээсээ жаахан юм долоогоод л явж байгаа хүмүүс их олон байна даа.

- Саяхан МАХН-ынхан дуулиан баривчилгааны дараа мэдээлэл хийхдээ энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зөв гэж мэдэгдсэн. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

- Тарахын хувьд арай өөр байр суурьтай байгаа. МАХН-ынхан яг одоо үед их хөгжилтэй байгаа шүү дээ. 2012 онд АН-тай эвсэж, Шадар сайдын суудал аваад л. Гэтэл нөгөөдүүл нь болиод Ардын намынхантай эвсээд л. Тэгж байснаа буцаад таарахгүй юм байна, та нар эргээд ир гээд л. Тэр үед л МАХН эсрэг байр сууриа илэрхийлсэн бол энэ бол улс төрийн байр суурь нь баттай байна гэх байлаа. Гэтэл өршөөлийн хууль дээр баахан будилж будилчихаад дараа нь УИХ тарах хэрэгтэй гэж ярьж байгаа бол зөвхөн хэрүүл шүү дээ.

- Гэтэл Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, УИХ-аас Ерөнхийлөгч томилно гэж заачихаад байна. Дээр нь Ерөнхий шүүгчийг томилно, хязгаарлана, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр санаархаж байна?

- Үндсэн хуулийн өөрчлөлтөөр их олон асуудал хөндөгдөж байна л даа. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Ард иргэдэд ч ийм ойлголт байсан. Гэтэл үүнийг нь буруу тал руу нь мушгиад, олигархиуд  төрийн эргэлт хийхээр санаархаж байна. Энэ бол хатуу үг шүү. Магадгүй зарим хүмүүс энэ өвгөн чинь яачихав гэж бодох байх.  Учир юув гэхээр, төрийн тэргүүнээ сонгох онц бүрэн эрх ард түмний мэдэлд байсан. Энэ эрхийг нь УИХ булааж авах нь. Энэ бол ард түмнийхээ эсрэг, тэднийхээ эрхийг хязгаарлаж, хохироож байгаа үйлдэл. Үр дүн юу вэ. Төсөөлөхөд их амархан. УИХ чинь улс төрийн намуудын төлөөлөл. Олонх болсон нам нь Ерөнхийлөгч гаргаж ирэхээс биш цөөнхөөс Ерөнхийлөгч гарна гэж хэзээ ч байхгүй.  Дээр нь олонх болсон намын дарга Ерөнхий сайд болно. Олохи  болсон нам нь Ерөнхий шүүгчийн томилно.

Энэ бол Нөгөө талаар өнөөдөр монголын улс төрийн тогоонд зөвхөн АН, МАН өрсөлдөж байгаа юм биш. Эдгээр намууд бүгд зөвхөн улс төрийн тоглоомны институти болчихож. Өөрөөр хэлбэл монголын улс төрийн тавцанд эдгээр намуудаас гадна, дотны олигархиуд магадгүй гадны улс гүрний бодлого ч явж байна. Ийм нөхцөлд юм. Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийг томилвол зөвхөн нэг нам толгойлоод зогсохгүй, тэрний цаад талд ямар наймаа, ямар хүч орж ирэх вэ. Монгол улсын Ерөнхийлөгчийг худалдаж авахын тул 100 сая доллар өгчих сонирхолтой, чадалтай хүмүүс гадуур дүүрэн байна. Ард түмнийхээ эрхийг хязгаарлана гэдэг маш аюултай асуудал. Үүнийг өнөөдөр эрх баригчид бодолцох хэрэгтэй.

- Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-аас гадна Ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн байгаа. Энэ талаар?

- Ерөнхий сайд  УИХ дээр орж ирээд “Бид дөрвөн жил нэг танхимд сууж байна. Бүгдээрээ суралцаж байгаа учраас хэн нь хэнийгээ гэх юм бэ” гээд л давхар дээлтнүүдийг томилчихсон  шдээ, хэдэн сарын өмнө. Тэгдэггүй юм. Сайд хүн гэдэг чинь Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн салбараа хамгийн сайн мэддэг, нэр хүндтэй, асуудал шийдэх чадвартай хүн байх ёстой.  Нэг суудлаас нөгөө суудал руу гүйдэг хүн биш.  Түрүүчээсээ аавынх руу яваад эхэлчихлээ. Ийм Засагтай, ийм тогтолцоотой байж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлчихвэл үнэхээр сонин төрх гарч ирнэ. Намын дарга нь УИХ-д шууд гарна, олонхийн санал авчихвал Ерөнхий сайд шууд болно. Засгийн газраа хэнээс ч асуухгүйгээр хэдэн найзуудаа авчираад бүрдүүлчихнэ. Ийм нөхцөл байдал руу монголыг түлхэж байгаа улс төрийн хүчин, бүлэг хүмүүсийг ойлгоход үнэхээр хэцүү байна. Гарч байгаа мэдээллээс харахад УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж байна. Энэ хүмүүсийн нэрийг нь ил болгоосой. Эдгээр хүмүүс монгол төрд дахин суух гавьяагүй хүмүүс шүү гэдгийг ард түмэнд харуулаасай гэж бодож байна.

- Бас нэг сонирхол татаж байгаа зүйл заалт нь УИХ-ын гишүүдийг 76 биш 99 болгох. Үүнийгээ зарим нь хүн ам өсч байна. Өнөөгийн УИХ-ын гишүүд хүрэлцэхгүй байна гэж тайлбарлаж байна. Зарим нь бүр  өөр 99 тэнгэртэй, 5 тивтэй ч гэж зөвхөн тоо ярьж байна?

- 30 мянган хүнд нэг гэж тооцоолж байна л даа. Тэгвэл тэрбум 500 сая хүн амтай Хятад улс хэдэн парламентийн гишүүнтэй байх нь вэ? Аймаар тоо гарна биз дээ. Тэгж хүний тоо ярьж, ард түмний тархи угааж, жижиг архиметик хөөцөлдөх уг нь хэрэггүй юм байгаа. Өнөөдрийн 76 дотор чинь авлигачид нь хэтэрчихээд байна. Магадгүй талаас илүү нь авлигачид байгаа болохоор дандаа захиалгат хууль гараад байна. Жишээ нь эдийн засгийн өршөөлийн хууль гэхэд л УИХ-д 4, Ноён уулын асуудал 3 удаа орж ирээд байна. Гэтэл монголын улс төрийн системыг өөрчлөх Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, улс төрийн намуудын тухай, төрийн албаны тухай хуулиудыг хэлэлцэхгүй байна. Ийм Их хуралд эрх мэдэл өгнө гэдэг ёстой чононд хонь хадгалуулах үлгэр болно. Хэрвээ асуудал хүндрэх дээрээ тулбал монголын ард түмэн эрх биш тэмцэлээ өөр хэлбэрээр явуулах биз. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд шүү.

- Хуулийнхаа өөрчлөлтийг оноос өмнө батлахаар эрх баригчид улайрч байна. Санал асуулга явуулахаар 5,5 тэрбум төгрөг зарцуулахаар яригдаж байна шүү дээ?

- Санал асуулгаа хуулийн хүрээнд явуулах хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүл. 45 хоногийн хугацаа байдаг шүү дээ. Хэрвээ өмнөх Оюутолгой шиг хөдөлгөх үү гээд ганцхан асуулт тавьчихвал ямар ч хэрэггүй. Хэн ч Оюутолгойг хөдөлгөхгүй гээгүй.  Гол нь ард түмнийхээ эрх ашигт нийцэхүйцээр зөв ашиглая л гэсэн. Гэтэл 300 мянган хүн зөвшөөрлөө гээд бүх нөөцийг нь гадны компанийн зээлийн барьцаанд ирэхийг хэлээгүй юм шүү. Энэ бол улс төрд байгаа хүмүүсийн явуургүй овжин арга.  Гэтэл хөдөө мал дээрээ байгаа малчин санал өгч чадах уу. Ингэж ард түмнээ доромжилж болохгүй л дээ.

- Тун саяхан Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьчихлаа.

- Наадуул чинь өөрсдөдөө ашигтай зүйл л хийнэ. 1996 оноос хойш өчнөөн олон сонгуулийг харлаа. Ер нь сонгуулийн өмнө хуулиа өөрчилбөл өөрсдөдөө ашигтай л юм хийнэ. Тэд өөрсдөө дахин сонгогдох боломжоо түүгээрээ дамжуулж хэрэгжүүлдэг шүү дээ. Тэр л замаараа явна даа. Уг нь тэр хар машины хувьд текникийн дэвшил. Гагцхүү нэг асуудал бий.  Програм нь хууль ёсных буюу өөрсдийнх байх шаардлагатай. Яагаад гэвэл гаднаас сонгуулийн өдөр нэвтэрч болно. Өөрөө программ ажиллуулах ч боломжтой. Энэ мэт кибер довтолгооноос хамгаалах асуудалд маш сайн анхаарах ёстой. Өнөөдөр чиний, миний гар утсанд хэн ч халдаж болно.

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment