Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.12.04.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-аар эхлэв.Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд мэдээлэлдээ, Засгийн газраас нийгмийн даатгалын өмнө тулгарч буй зарим асуудлыг шийдвэрлэх болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуудлыг дөрвөн үндсэн чиглэлээр дэлгэрэнгүй танилцуулав.
Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх чиглэлээр: Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд аажмаар шилжих, нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөр дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоолоо. Түүнчлэн шинэ хууль батлагдан гарснаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөлөө.
Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг УИХ-аас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр баталж, мөрдөж эхлээд байна. Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, дундаж наслалт өсөн нэмэгдэж буй энэ үед ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгохын тулд олон эх үүсвэрт тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2015-2030 онд баримтлах бодлогыг УИХ-аас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мөн баталсан.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өөр нэг томоохон арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн шилжилтийн улмаас 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажилласнаар тооцох явдал байв. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ-аас 2012 онд батлан, Засгийн газраас хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт 580.0 орчим мянган иргэдийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нийгмийн хамгааллын арга хэмжээг авлаа. Эдгээр иргэдийн 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 68.1 хувь нь 31-50 насны иргэд байна. Засгийн газрын 2012 оны 80, 153, 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолуудаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсний үр дүнд тэтгэврийн доод хэмжээг 140.3 мянгаас 230.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 105.2 мянгаас 195.0 мянган төгрөг болгож, дундаж тэтгэврийн хэмжээ 162.0-283.0 мянган төгрөгт хүрч, нийтдээ 63.9-85.3 хувиар нэмэгдсэн байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар чиглэлээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, сангийн болон үйл ажиллагааны зардлын зарцуулалтад хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн туслалцаа дэмжпэг үзүүлэх, дүгнэлт гаргаж үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах чиглэлээр санал боловсруулах, байцаагч ажилтнуудын мэргэжлийн ёс зүйг сахиулах, ажлын хариуцлагыг сайжруулах, хяналт шалгалтаар илрүүлсэн төлбөр, зөрчлийг барагдуулах, ажил олгогч, даатгуулагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 онд 9,077 ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 153.8 мянган даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцооны хуудсыг мэдээллийн сангийн бүртгэлтэй тулган нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн үлдэгдлийн баталгаажуулалт, тайлан авалт, архивын нэгжийн бүрдүүлэлтийг, 55.1 мянган сайн дураар даатгуулагчийн гэрээний хэрэгжилт, 17.4 мянган тэтгэвэр авагчид шинээр тогтоосон тэтгэврийн тогтоолтын үндэслэл, 11.1 мянган тэтгэвэр авагчийн хувийн хэргийн баримтын бүрдүүлэлт, тэтгэврийн олголт, тэтгэвэр авагчдын хөдөлгөөний бүртгэл, хэлтсүүдийн дотоод ажил болон хяналт шалгалтын ажпыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Түүнчлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт банк, даатгал, брокер, хөрөнгийн үнэлгээ, худалдаа, нийтийн хоол, авто засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид “Нийгмийн даатгалын тухай” хууль тогтоомжийн хэрэгжилт, шимтгэл төлөлтийн тооцоо, даатгуулагчийн хамралт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлт, баталгаажуулалтын үндэслэлийг 81 ажил олгогч, 5135 даатгуулагчийг хамруулан шалгав. Шалгалтаар 69 байгууллагад 420.8 сая төгрөгийн шимтгэл нөхөн ногдуулж, 208.4 сая төгрөгийн алданги тооцож, нийт 629.2 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргуулсан байна. Энэ оны эхнээс нийт 475 иргэд, даатгуулагч, байгууллагаас ирсэн өргөдөл, хүсэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэжээ.
Мөн 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас улсын байцаагчийн тогтоосон актаар тавигдсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй болон нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй 110 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 8.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн өрийг шүүхийн байгууллагад шилжүүлж, шийдвэр гаргуулснаас 1.4 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Нийгмийн даатгалын тухай хууль топгоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоодын хяналт шалгалтын 2015 оны 3 дугаар улирлын тайлангийн дүнгээс авч үзвэл нийгмийн даатгалын байгууллагууд нь нийт хуримтлагдсан 4.7 тэрбум төгрөг, түүний дотор энэ онд 3.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсний 3.6 тэрбум төгрөгийг буюу 77 хувийг нь барагдуулсан байна.
Тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтын хүрээнд: Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудаас 2006-2015 онд нас барсан тэтгэвэр авагчдын оршуулгын тэтгэмж олголтод нэгдсэн хяналт шалгалт хийж, илэрсэн төлбөр зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулсан. Уг дотоодын хяналт, шалгалтаар нас барсан нийт 148 тэтгэвэр авагчтай холбоотой 164.9 сая төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчлийн бүртгэлийн алдаа, банкны илүү суутгагдсан тэтгэвэр, ар гэрийн итгэмжлэлээр авсан зэрэг 142.0 сая төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлжээ. Харин 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3 иргэнтэй холбоотой 22.9 сая төгрөгийн зөрчил, төлбөртэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлсэн байна.
Ахмад настнуудад олгож буй тэтгэвэр барьцаалсан зээлийн талаар: Тэтгэвэр олгож буй харилцагч банкуудаас авсан мэдээлэлд суурилсан судалгаагаар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь “тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл” авсан байна. Тэтгэвэр барьцаалсан зээлийн сарын хүү арилжааны банкуудад ижил 1.5 хувь байгаа бөгөөд 12-24 сарын хугацаатай зээлийг тэтгэвэр авагчдад олгож байна. Дэлхийн банкнаас жил бүр цуглуулан мэдээлдэг дэлхийн улс орнуудын эдийн засаг, санхүү, нийгмийн салбарын мэдээллийн дагуу манай улсын хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци болон арилжааны зээлийн жилийн дундач хүүг зарим хөгжиж буй орнуудтай харьцуулан харуулбал манай улсын зээлийн хүү бусад хөгжиж буй улсуудын түвшинд байна.
Банкны тухай хуульд банкны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгох, зээлийн хуүг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг. Иймээс энэ харилцаанд төрийн байгууллага оролцон захиргаадалтын аргаар зээлийн нөхцөлийг өөрчлөх эрхгүй. Харин Монгол Улсын Засгийн газраас Монголбанктай хамтран макроэдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах замаар инфляцийн түвшинг тогтвортой бууруулах, эдийн засаг, санхүүгийн эрсдэлүүдийг багасгах бодлогыг баримталж байна. Түүнчлэн эдийн засгийн шинэ орчинд эдийн засгийг сэргээн тогтвортой өсөлтийн замд оруулах бодлогын зохистой хувилбарыг боловсруулж хэрэгжүүлэхэд чармайлт гаргаж байна. Мөн бизнесийн орчинг таатай болгох хууль эрх зүйн зохицуулалтын шинэчлэлт, өөрчлөлт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас гишүүн орнуудын бизнесийн хууль, эрх зүйн орчинд үнэлгээ өгч, байр эзлүүлдэг судалгаагаар манай улс 189 орноос 56 дугаар байранд орж, өмнөх жилээс 3 байраар урагшилсан байна. Зээлийн олдоцын байдлаар 59 дүгээр байранд оржээ. Макро эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, эдийн засаг, санхүү, бизнесийн орчин сайжирснаар бизнесийн зардал, ялангуяа санхүүгийн, түүний дотор зээлийн хүүгийн зардал аажмаар буурна гэж үзэж байна. Мөн бизнесийн орчин сайжирч, бизнес эрхлэх зардал буурч, захиргааны чирэгдэл багассанаар бизнес эрхлэгчид, иргэд ажпын байрыг олноор бий болгох боломж нэмэгдэнэ гэдгийг хэллээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулсан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан юм.
Ингээд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Оюунхорол, А.Тлейхан, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарын асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар хариулт өглөө.
Үүгээр Ерөнхий сайдын мэдээлэл дуусч, Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж эхэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.