8o
Улаанбаатар хот
mobile menu

Орос бухимдал

2015-12-01 11:23:00


Үнэхээр хэн ч бодсон 1933 оноос хойш ам муруйгаагүй явсан Орос, Турк хоёр ийм хурдан муудалцана гэж яаж таах вэ дээ. Аливаа улсын Зэвсэгт хүчин бол нэгдүгээр ээлжинд өөрийгөө хамгаалах үүрэгтэй, тийм чадвартай байх ёстой, энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Зэвсэгт хүчний хэрэг юун. Өөрийн газар нутагт нь хүний онгоц дайраад ороод ирсэн юм бол Туркууд харваж унагаахаас аргагүй, агаарын хамгаалалт бол төлөвлөгөө, номондоо яаж тусгасан түүгээр л маш богино хугацаанд асуудал шийдэгддэг тоглоомын хатуу дүрэмтэй.

Онгоц агаарын хил зөрчсөн, зөрчлийг илрүүлсэн, хариу арга хэмжээ болгож пуужин харвасан, бай оносон, онгоц унасан  агаарын цэргийн хүчин ажлаа яаж хийх ёстой түүгээрээ л гүйцэтгэсэн. Цэргийн тактикийн ийм асуудал дээр хоёр улсын Зэвсэгт хүчин дор дороо л дүгнэлт хийж байгаа ингэх ч ёстой. Хариуцлага ч ярина, гавьяа ч ярина байх.

Гэхдээ үр дүн нь бөөн бухимдал болсон нь харамсалтай. Түүх сөхөөд үзвэл энэ хоёр орон 1568 оноос 1918 оны хооронд 351 жилийн хугацаанд 12 удаа үндсэндээ 69 жил хоорондоо болон зах хязгаар хэсгээрээ газар нутгийн маргаанаас үүссэн дайнтай, дайн бүхий байдалтай байсан, цэрэг дайны дүрмээр хэн нь яавал мөргөлдөөн үүсэх вэ гэдгийг тун сайн мэддэг улс юм.

Ер нь бол 1470-аад оны дунд үед Иван III болон Султан нар Крымийн байлдан дагууллын дараа хэл амаа ололцоогүйгээс олон жил цэрэг дайны хөлд нэрвэгдэх эхлэл болсон юм шиг санагддаг.

Терроризм газар авсан, хажуу хавирганд нь их дайны халуун гал дүрэлзэж байгаа энэ үед БНТУ өөрийн болоод өрөөл бусдын аюулгүй байдалд их болгоомжтой хашир нямбай хандахгүй бол энэ бүс нутагт үүссэн аюулыг улам дэвэргэж, ёстой л гал дээр тос хийсэнтэй ажил юм болох магадлал их ойрхон байна. Мөн ОХУ-ын зүгээс С-400 загварын пуужингээ Туркийн хилээс холгүй байрлуулсан нь тус улсын агаарын хяналтын хэсгийнхний анхааралд өртөж, энэ пуужинтэй холбогдсон маргаан болгоомжлол нь Турк улсын хуурай хил болон агаарын хилийн хамгаалалтыг системийг өөрчлөхөд хүргэж мэдэхээр боллоо.

Систем өөрчилнө гэдэг ч тоглоом биш л дээ. Эрдоганы хэлсэн үгнээс тэгж ойлгогдож байгаа юм. Сир улсын болоод тэр орчмын улсын нутаг дэвсгэр, тэнгис далайд цэргийн зориулалттай их хэмжээний зэвсэг техник, хүн хүч хуралдаж байгаа нь “Хаана хүч их хуралдана тэнд проблем үүсдэг” гэдэг дайны бичигдээгүй хууль үйлчилж эхлэх сөрөг талтай. Дайтах гэж очоод тулалдахгүй буцах нь байлдааны өндөр бэлтгэлтэй цэргийн бүлэглэлд таалагдахгүй нь лавтай. Энэ бол цэвэр цэрэг хүний дайнч зан чанар. Зөөлнөөр хэлбэл бие бялдар, зэр зэвсэг, сэтгэл зүй гээд бүхий л талаар цэрэг эрсийг төгс бэлтгэж чадахаар ийм болчихдог. Тэр тусам дайтах урлагийн мастер Орос хүнд их том бухимдлын нэг шалтгаан. “Даргынхаа өшөөг авна, газар нутгаа таван хуруу шигээ мэднэ” гэж сөнөөгч онгоцны нисгэгч нь зүгээр ч нэг муу эр дайнд хөөрөв гэдэг шиг хэлээгүй нь лавтай. Орчин үед хүн төрөлхтөн дайнаас зугтдаг, энхтайваныг эрхэмлэдэг, ухамсар нь өөр болсон гэдэг хэдий ч их бухимдал юундч хүргэж мэднэ.

Лавтай мэдээгээр онгоц унагаасан дуулиан эхний ээлжинд эдийн засгийн баахан проблем үүсгэж эхэллээ. Оросууд жилд 25 тэрбумыг Туркэд экспортлоод тэндээс 6,97 тэрбумыг импортлодог гэнэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хоригийн дүнд оросууд өөрсдөө 18,1 тэр бумын боломж алдагдах нь. Энэ цаашлаад ОУ-ын худалдааны гэрээ зөрчигдөх, арбитрын шүүх гээд үргэлжлэх магадалтай. Өмнө нь хоригтой учраад үзчихсэн Кремль БНТУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээг сайтар тооцож, нэг бүрчлэн гаргахаар бэлтгэж, Орос орон тун их бухимдалтай байна.

Дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын ислам шашинтай иргэдээс “Исламын улс” бүлэглэлд гишүүнээр элсэх тоо нэмэгдэж болзошгүй гэсэн таамаг өдөөн хатгалга гарч байна. Өчигдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн үндсэн хууль, төрийн байгуулалтын хорооны тэргүүн Андрей Клишас БНТУ-ын Саарал чоно буюу “Боз Гурд” гэдэг сайн дурын байгууллагыг ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглох, Дээд шүүхээс энэ байгууллагыг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотойг тогтоохыг шаардсан албан бичгийг Ерөнхий прокурорын нэр дээр хүргүүлснийг “Интерфакс” мэдээлсэн байна. Эрэлхэг орос хүний өөрийн гэсэн өнгөтэй бухимдал газар авсаар байна.

Судлаач Ж.Амгалан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл