8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Мэндсайхан: Аймаг бүрт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдаж байгаа

2016-06-07 08:20:00

Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзэн, зургадугаар сарын 1-нээс хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, аймаг болон дүүргүүдийн дунд шүүх байгуулан, дагнасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байсныг болиулах шийдвэр гарсан. Ингэснээр шүүхүүдийг нэмж байгуулан, өмнөх тогтолцоо руугаа эргэн шилжихээр болсон юм.Шинэ зохицуулалтаар 15 шүүх нэмж байгуулна. Энэ  сарын 1 гэхэд давж заалдах шатны 19 шүүх 26 болж нэмэгдэнэ. Мөн дүүргийн найман шүүх 16 болно. Мөн анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэх юм байна.

Давж заалдах шатны шүүхийн зохицуулалтыг ингэж хийжээ. Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрд эрүүгийн болон иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулна. Харин нийслэлийн дүүргүүдийн хувьд дараах байдлаар зохицуулжээ. Долоон дүүрэг тус бүрд эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхтэй болно. Зөвхөн Багахангай, Налайх дүүргийн дунд л эрүү, иргэний тус бүр нэг шүүх байгуулахаар зохицуулсан байна. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т. Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүхийн шинэчлэлээр шүүхүүдийг нэгтгэж,тойргийн шүүх болсон. Харин тойргийн шүүхээ хуучин хэвэнд оруулахаар болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч аймаг, дүүргийн дунд нэг шүүх байх нь үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн шийдвэр гарсан байгаа. Аймаг  болгонд давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүх  байгуулахаар хуульд өөрчлөлт орсон. Үүнийг энэ сарын 1-нээс эхлэж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Дорнод аймаг байсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хоёр төрөлжсөн шүүх байсан. Үүнийг татан буулгаж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг бүрт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэж байгуулагдаж байгаа.

-Бүтцийн өөрчлөлт орох уу?

-Бүтцийн өөрчлөлт орно. Тухайлбал, Дорнод аймагт байсан 9 шүүгчийн гурван Хэнтий аймаг руу, гурван Сүхбаатар аймаг руу явна. Үүнээс гадна тамгын газарт нь гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа.

-Тэгэхээр шинэ боловсон хүчний шаардлагагүй юм уу?

-Уг нь бол шаардлагатай. Гэхдээ 2016 оны төсөвт батгааж өөрчлөлтийг хий гэсэн чиглэлийг УИХ-аас өгсөн учраас зарим бүтэц орон тоо хэмнэх үүднээс зохион байгуулж байгаа.

-Нийслэлийн дүүргүүдийн  хувьд өөрчлөлт орох уу?

-Дүүрэг бүрт эрүүгийн ба иргэний хэргийн шүүх байгуулагдана. Тухайлбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх гэж байсан. Энэ шүүх дүүрэг дүүргээр хуваагдаж байгаа. Тамгын газрын хувьд  хэвээр байна. Иймээс байр сав болон хүний нөөцийн хувьд хөдөлгөөн орохгүй. Хэвийн явна гэж харж байгаа.

-Орон байрны хувьд өөрчлөлт орохгүй гэж байна. Хуучин байсан байрандаа орох уу?

-Одоо байгаа байрандаа байна. Шинээр байранд орох боломж байхгүй. Нийслэлийн шүүхүүдийн хувьд байр нэлээд хүндрэлтэй байгаа. Иймээс шүүхийн байрны асуудал шийдвэр гардаг хүмүүсийн анхааралд байгаа байх.

-Шүүхийн шинэчлэлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна уу. Шинэчлэлийн  хүрээнд ямар ажлууд хийгдсэн вэ?

-Шүүхээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа байнга хийдэг. Шүүхэд хандах иргэдийн итгэл сэргэж байгаа нь судлагаанаас харагдаж байна. Мэдээж шүүмжлэлтэй, сул тал бий.

Нөгөө талаар шүүх нээлттэй болсон, хэргийн төрлөөр дагнасан, шүүгчийн хүний нөөц 25 хувиар шинэчлэгдсэн, бүх шүүхүүд хоорондоо шилэн кабелиар холбогдсон, бүх шүүхийн шийдвэртэй танилцах боломж нээгдсэн. Мөн  шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал бий болгох үүднээс цалинг  эцэслэн  тогтоосон зэрэг шинэтгэлийн үр дүн сайн байгаа.

Шүүхийн төсөв санхүүгийн асуудалд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын зүгээс ихээхэн анхаарал тавьсан шүү. Орон нутгийн хэмжээнд шүүхийн эдийн засгийн байдал харьцангуй гайгүй болсон.

Харин нийслэлд асуудал хүнд байна. Нийслэлийн шүүхүүд маш их ачаалалтай. Гэвч өөрийн  орон байр байхгүй. Шүүх танхим жижигхэн байгаа. Үүнд цаашид анхаарч ажиллана.

-Нийслэлийн шүүх нэлээд их ачаалалтай байдаг гэж байна. Ер нь нэг шүүгч сард хэдэн хэрэг шийдвэрлэж байна вэ. Нарийн тоо гаргах боломжтой юу?

-Улирал, жилээр гаргаж болно. Иргэний хэргийн шүүгч жилд 340 орчим хэрэг хянан шийвэрлэдэг. Харин нийслэлийн захиргааны хэргийн шүүгчид 70 орчим хэргийг шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг харьцангуй гайгүй байдаг. Иймээс иргэний хэргийн шүүгчдийн тоо нэмэгдүүлэх мөн шүүх хурлыг цаг хугацаанд хийхийн тулд танхимын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдвэрчихвэл ачаалал, хугацааны асуудал шийдэгдэх боломжтой. 

-Одоогоор хичнээн шүүгч ажиллаж байна вэ?

Одоогоор анхан ба давж заалдах шатны шүүхэд 496 шүүгч ажиллаж байгаа. Батлагдсан орон тоо 693. Орон тоогоо бүрэн хангавал цалингийн сан хүрэлцэхгүй байгаа. Төсвийн асуудлаа шийвэрлэчихвэл орон тоогоо нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment