8o
Улаанбаатар хот
mobile menu

Шон Манди: Хүн нэг өглөө босоод л санхүүгийн мэдлэгтэй болно гэж шийддэггүй юм

2015-10-29 18:44:00

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллагууд хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлуулаад удаагүй байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болоход дэмжиж, Дэлхийн банкнаас томилогдон  хөтөлбөр дээр ажилласан Дэлхийн банкны Санхүүгийн чадавхийн зөвлөх Шон Манди Монгол Улсад ирээд байгаа билээ. Өмнө нь олон ч улс оронд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай нэгэн юм. Банк, санхүүгийн салбар эрчимтэй хөгжиж өдөр тутамд бид санхүүгийн шинэ бүтээгдэхүүнтэй танилцах шаардлагатай болсон энэ цаг үед иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлж, олсон мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдгээ ойлгодог шинэ үеийг бий болгох нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа юм. Тиймээс ч энэхүү анхаарал татсан хөтөлбөрийг ажил хэрэг болгоход зөвлөгөө өгч ажилласан Ахлах зөвлөх Шон Мандиг “Чухал сэдэв” буландаа урилаа.

Таныг олон улс орны санхүүгийн суурь мэдлэг дээш­лүүлэх үндэсний хөтөл­бөр дээр ажиллаж байсан туршлагатай гэж сонслоо. Эндээс яриагаа эхлэх үү ?

-Тийм ээ. Би 2003-2007 онуудад Их Британий санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хөг­жүүлж хэрэгжүүлэх ажлыг ахалж ажиллаж байсан. Мөн 2008 оноос хойш Армения, Азебажан, Киргистан, Уганда, Замбия болон өөр санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрүүдэд зөвлө­гөө өгөхөд оролцож ирсэн байгаа. Одоо Монгол Улсын хөтөлбөрт хамтран ажиллаж байна. Ер нь өөрийн ажиллаж байсан туршлагаас харахад буурай болон хөгжиж буй орнуудын иргэд санхүүгийн мэдлэг хангалтгүй, эсвэл сул байдаг. Харин эсрэгээрээ өндөр хөгжилтэй, өртөг өндөртэй хотуудын иргэдийн санхүүгийн мэдлэг өндөр, хуримтлал үүсгэх зарчмаар ажиллах наад захын мэдлэг нь төгс байдаг юм билээ.

-Дэлхийн банкнаас манай улсад судалгаа хийсэн гэсэн. Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ судалгааны үр дүн санхүүгийн хөтөлбөрт тусгалаа олсон гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Санхүүгийн чадавхийн чиглэлээр 2012 онд судалгаа явуулсан. Энэ хүрээндээ Монголд хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрт өөрийн санал бодлоо хэлсэн юм. Хөтөлбөрийг харахад бидний хэлсэн зөвлөсөн зүйлийг тусгаж өгсөн гэдэг нь харагдлаа. Судалгааг ойр ойрхон хийх нь дэмий болов уу. Одоо 2017 онд дахин нэг судалгаа хийгээд үзвэл болно. 2012 онд явуулсан судалгаагаар монголчуудын дийлэнх нь хувийн болон өрхийн санхүүг удирдах чадвар сул болох нь тогтоогдсон. Хүн амын 30 хувь нь хүүний талаар ойлголтгүй, 60 гаруй хувь нь хуримтлал инфляцид ямар нөлөө үзүүлж байдгийг мэдэхгүй байсан юм. Нөгөө талаар судалгаанд хамрагдаж тавьсан асуултад оновчтой зөв хариулт өгч байсан хүмүүсийн хувьд өндөр орлоготой, бизнесийн чиглэлээр ажилладаг хүмүүс байлаа.

Мөн хот суурин газар ажилладаг иргэдийн санхүүгийн чадвар хөдөө орон нутгаас илүү байгаа. Түүнчлэн, нийт хүн амын 90 орчим хувь нь банк болон банкнаас санал болгодог бүтээгдэхүүний талаар мэдэж байсан бол 50-иас бага хувь нь даатгал болон валют арилжааны талаар, 30 хүрэхгүй хувь нь МХБ-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэддэг гэсэн судалгааг гаргалаа. Брокерийн үйл ажиллагааны талаар судалгаанд оролцогчдын зөвхөн 14 хувь нь мэдлэгтэй. Санхүүгийн харьцангуй олон төрлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй иргэд нь мэдээллийн олон эх сурвалж ашигладаг иргэд байна. Санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголт дутмаг байгаагаас өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгож, урт хугацааны санхүүгийн шийдвэр гаргахдаа  хүндрэлтэй тулгарах асуудал байсаар байна.

Энэ нь тухайн өрх гэрийн санхүүгийн байдлаас гадна урт хугацаанд санхүү, эдийн засгийн системийн тогтвортой байдалд нөлөөлдөг. Иймээс цаашид санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, шударга өрсөл­дөөнийг бэхжүүлэх зорил­гоор санхүүгийн бүтээг­дэхүүн, үйлчилгээг хүртэж байгаа харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага бий болж байгаа. Энэ судалгааны үндсэн дээр боловсруулалт хийгээд санхүүгийн мэдлэг дутуу байгаа гурван төвшинг тодорхойлж гаргаж ирсэн юм.

-Тухайлбал?

-Хөдөө орон нутагт амьдардаг иргэд санхүүгийн мэдлэг маш муу байгаа. Мөн оюутан залуус, бага насны хүүхдэд санхүүгийн мэдлэгийг шат дараатай олгох нь тэд ирээдүйд хэн болох, хэрхэн хуримтлал үүсгэх вэ гэдэгт суралцахад илүүтэй дөхөм болно. Намайг бага байхад аав ээж маань зул сарын баяр, төрсөн өдрөөрөө цуглуулсан мөнгийг хадгаламждаа хийхийг зөвлөдөг байлаа. Тэр ч ёсоор бий хуримтлал үүсгэж байсан. Энэ хуримтлал маань өнөөдрийг хүртэл бага багаар нэмэгдсээр л яваа. Бага наснаас эхлээд хуримтлалтай болох талаар зөвлөж зааж сургах нь чухал гэдгийг би өөрийн амьдралын бяцхан жишээгээр дурьдаж байгаа юм. Нөгөө талаар хүн ам нь санхүүгийн чадавхтай байх нь хэнд хэрэгтэй вэ гэж асуух хүн гарна. Нэгдүгээрт, хэрэглэгчид хэрэгтэй. Хэрэглэгч өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнийг ашиглаж үр ашгийг нь илүү хүртэж чадна. Мөн хэт их өндөр хүүтэй зээл авахгүй, зээлийг үр ашиггүй зарцуулах, санхүүгийн залиланд өртөхөөс өөрийгөө хамгаалж чаддаг болно. Хоёрдугаарт, сан­хүүгийн үйлчилгээний сал­барт ихээхэн үүрэгтэй.

Санхүүгийн үйлчилгээний талаарх иргэдийн гомдол багасна. Чанаргүй зээл багасна. Мөн бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, маркетингийн зардал буурна. Гуравдугаарт, Засгийн газар, Төв банкинд энэ хөтөлбөр үр дүнгээ өгнө гэж харж байгаа. Санхүүгийн чадавхи бэхжиж, иргэд хуримтлалтай, үр ашиггүй зээлээс татгалздаг болсноор ядуурлын төвшин эхний ээлжинд буурна. Түүнчлэн, эдийн засгийг бүхэлд нь дэмжиж, хэрэглээг биш хуримтлалыг чухалчлах, иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасч, хувь хүний ажлын бүтээмж нэмэгдэнэ, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө, даатгалтай иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэрэг буурна гэх мэтээр олон давуу талууд харагдаж байгаа.

-Олон улсын төвшинд дэлхийн хичнээн орон ийм хөтөлбөртэй байдаг юм бол?

-Санхүүгийн суурь мэдлэг иргэддээ олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Их Британи, АНУ, Испани, Австрали, Чех, Австрали, Бразил, Эл Салвадор, Эстони, Гана, Ирланд, Япон, Малайз, Голланд, Шинэ Зеланд, Нигер, Португал, Сингапур, Словен, ӨАБНУ, Испани, Замби зэрэг 20 гаруй орон байгаа. Харин үндэсний хөтөлбөрийг боловсруулах та­лаар дэвшилтэт төвшинд байгаа Армен, Канад, Чили, Колумб, Энэтхэг, Индонез, Израйл, Кени, БНСУ, Латви, Леван, Мексик, Малави, Морокко, Перу, Польш, Рүмин, ОХУ, Серби, Швед, Танзани, Тайланд, Түрк, Уганда, Уругвай зэрэг 25 улс байгаа бол боловсруулахаар төлөвлөсөн Аргентин, БНХАУ, Франц, Итали, Саудын Араб зэрэг таван улс байна. Нийт 50 улсыг энд нэрлэж болж байна. Эдгээр улс орнуудтай мөр зэрэгцээд Монгол Улс Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг олгох үндэсний хөтөлбөрийг Монголбанкнаас санаачлан Сангийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталсан нь маш чухал үйл явдал гэж харж байна. Зарим нэг улсыг дутуу хэлсэн байж мэдэх юм.

-Санхүүгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас та манай уншигчидтай хуваалцаач?

-Миний бодлоор бол Бразил улсын санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөр бол хамгийн сайн жишээ.  Бразилийн ахлах ангийн хөтөлбөр гэхэд л маш сонирхолтой. Хүүхдүүдэд ном, богино сценари хэлбэрээр ойлголт өгдөг. Багш нарынхаа итгэл үнэмшилд маш сайн нөлөөлж чадсан нь Бразилийн давуу тал. Нөгөө талаар багш нарыгаа гарын авлага, сургалтын материалаар хангаж зургаан муж тус бүрт сургалт семинарыг зохион байгуулдаг. Санхүүгийн чиглэлээр ажилладаг олон улсын болон улсынхаа эрдэмтэн доктор, судлаачидтай багш нарыгаа уулзуулж, хамгийн сайн ажилласан сургуулиудыг шагнасан байдаг юм. Ер нь санхүүгийн боловсрол иргэддээ олгож байгаа улс орнууд хэвлэл мэдээлэл, вэб сайтад их анхаардаг. Их Британи улсад гэхэд Эцэг эхчүүдийн мөнгөний гарын авлага гэж вэб хуудас бий. Энд байхгүй зүйл гэж алга. Эцэг эхчүүдийн сонирхол татах, тэр тусмаа залуу гэр бүлд, дөнгөж шинэ хүнээ өлгийдөж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээллийг оруулах зэргээр вэб хуудсаа хүн бүхний өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэрэгцээтэй, сонирхолтой байдлаар хөгжүүлдэг. Ер нь энэ хөтөлбөрийн нэг гол зорилт болон орж ирсэн хэвлэл мэдээллээр дамжуулан санхүүгийн боловсрол хүргэх асуудлыг би хувьдаа маш их дэмжиж байгаа юм.

Вэб хуудсууд ашиглаж боловсрол олгодог Австралийн “Ухаалаг мөнгө” /Smartmoney/, Шинэ Зеландын “Шийдвэрлэсэн” /Sorted/ гэсэн вэб хуудаснууд хамгийн сайн жишээ. Шинэ Зеландын ямар ч иргэнээс “Sorted” вэб хуудсыг мэдэх үү гэж асуухад шууд л мэднэ гэсэн хариулт өгдөг. Энэ мэт сайн туршлагаас суралцах, судлах хэрэгтэй. Вэб хуудас хэтэрхий албаны байвал хүн орж уншихгүй. Тиймээс санхүүгийн боловсрол олгох хөөрхөн тоглоом, хүүхдүүд, залуу, залуу гэр бүл, хосуудад зориулсан тусгай булантай байж болно. Өөр бусад вэб хуудасны холбоос байдлаар эхлээд хүмүүст маш сайн таниулах хэрэгтэй.

-Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл энд асар том үүрэг гүйцэтгэх ёстой гэж хэлээд байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Хөдөө орон нутгийн иргэдэд төрийн болон төрийн бус байгууллагаар дам­жуулан мэдээлэл хүргэж болно. Мөн боршюр танилцуулга, насан туршийн боловсролын сургалт, сургагч багш нараар бэлтгэн хүргэх боломжтой. Гэвч нөгөө талаас харвал хөдөөгийн иргэд гол мэдээллээ сонин, телевизээс авдаг. Тэгэхээр интернет ухаалаг утас, вэб хуудаснаас гадна сонин, телевизээр мэдлэг олгоход анхаарах хэрэгтэй гэж зөвлөе. Санхүүгийн боловсролыг олон ангит кино /савангийн дуурь/, утсаар холбогддог радио нэвтрүүлэг, эсвэл энтэртайнмент, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг боловсролын мессеж түгээх хэрэгсэл болгон ашиглаж болдог Польш улсын сайж жишээ байна. Жижиг ном, сэтгүүл, комикс гаргах зэргээр мэдээллийн суваг бүрийг оновчтой ашиглаж чадвал илүү үр дүн гарна гэж харж байгаа.

-Монголын хөтөлбөрийн онцлог, зорилтыг нь та юу гэж харж байна вэ ?

-Монгол Улсын хувьд хөтөл­бөрийн алсын хараагаа “Иргэд өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй болно” гэж тодорхойлсон байна лээ. Хөтөлбөрийн зорилтдоо иргэдийн хувийн санхүүгээ зохистой удирдах чадварыг дээшлүүлэх, иргэдийг санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах чадвартай болгох, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөөц бололцоог зөв, үр ашигтай зарцуулан зохион байгуулах, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд оролцож байгаа байгууллага болон хувь хүмүүст үр дүнтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх болно гэж тусгасан байна. Гэхдээ орон болгон өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талуудтай байдаг. Монголын хувьд өөрийн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөр батлах нэг хэрэг. Харин хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Хөтөлбөрийг сэтгэл гаргаж хэрэгжүүлэх баг хамгийн чухал.

Маш цомхон мөн зорилтот бүлгээ зөв олсон. Хэтэрхий их асуудлыг тусгачихвал нөгөөхөө хэрэгжүүлэх гэж цаг хугацаа алддаг. Нөгөөх нь үр дүнгүй болдог. Тиймээс цомхон хэдэн асуудалд чиглэж, энэ хүрээндээ хөтөлбөрөө боловсруулсан нь давуу талтай гэж харж байгаа юм. Хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжих юм билээ. Үр дүн хэзээ гарах вэ гэж хүмүүс асуудаг. Гэвч өнөөдөр хэрэгжүүлээд маргааш шууд үр дүн гарахгүй. Хамгийн багадаа л 4-5 жилийн дараа үр дүн харагдаж эхэлнэ. 12 настай хүү 18 хүрч Их дээд сургуульд орохдоо хуримтлалтай, сургалтын төлбөрөө өөрийн хуримтлалаар төлөх хэмжээнд очсон байвал тэр нь үр дүн юм. Тиймээс монголын хөтөлбөрийг би зорилтот бүлгээ зөв тодорхойлж чадсан гэж харж байгаа. Нэн тэргүүнд санхүүгийн боловсролын дөрвөн чиглэлд тулгуурласан хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй. Сургуулийн насныханд, залууст, хөдөө орон нутгийн иргэдэд, цаашлаад хэвлэл мэдээлэлтэй хэрхэн хамтрах талаар хөтөл­бөрөө боловсруулмаар байна.

-Санхүүгийн боловсрол гэхээр их хүнд сонсогддог. Ер нь энэ талын боловсролыг энгийн хүртээмжтэй сонир­холтой хүргэх тал дээр юун дээр нь анхаарах ёстой вэ?

-Үүнийг олон хүн асуудаг. Мэдээж нэг газар суулгаад лекц уншаад байвал сонирхолгүй болно. Санхүүгийн боловсрол олгох мэдээллүүд нь энгийн байх ёстой. Дээр хэлсэнчлэн вэб хуудсаа сонирхолтой байдлаар хөгжүүлж иргэдэд мэдээлэл хүргэж болно. Вэб хуудсыг өртөг багатай гэж хэлдэг шүү дээ. Нөгөө талаар багшлах боловсон хүчнээ бэлтгэх л юу юунаас чухал байгаа юм. Иргэдийн амьдралд ойрхон, хөгжилтэй, сонирхолтой байдлаар хүргэх нь зүйтэй. Ард түмний итгэлийг олсон байгууллагаар санхүүгийн боловсрол нь түгээхэд илүү үр дүнгээ өгдөг гэж харагддаг юм. Зорилго нь  хүмүүсийг мэргэжилтэн болгох биш, энэ нь бодит биш, харин тэднийг хувийн санхүүгээ  үр дүнтэй удирдаж чадах хэрэгслийг өгөх нь чухал. Боловсролын байгууллага үүнд онцгой анхаарал хандуулмаар байгаа юм.

Иргэдэд болон сурагчид, оюутан залууст хичээл заах багшийг бэлтгэхэд анхаарах ёстой. Бүр тусгай хөтөлбөр боловсруулаад явсан ч болно. Бразилд ийм туршлага байгаа. Нэн тэргүүний асуудал энэ байна. Багш мэргэжлийн, асуудлаа ойлгодог, хэнд ямар байдлаар хүргэх вэ гэдгээ мэддэг, дур сонирхолтой байвал сурагчид, оюутнууд түүнийг төвөггүйхэн ойлгочихно. Зорилтод бүлэгтээ хүргэх өөр өөрийн арга хэрэгслийг бий болгож болно. Тухайлбал, оюутан залууст хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулж мэдлэг олгох боломж бий. Залуучуудын клуб, спортын арга хэмжээтэй хамтарч ажиллаж болно.

Санхүүгийн чадавхийн талаарх мессежийг сонин, телевив, вэб хуудас, сошиал медиа ашиглан түгээх, эсвэл драмын бүтээл хэлбэрээр түгээж болно. Кино хийсэн ч болж байна. Нигер улс “Алтны талаарх сэтгэл хөдлөм түүх” гэж кино бүтээсэн. Энэ кинонд орлогогүй, ядуу амьдралаар амьдарч буй хоёр ихрийн түүхийг өгүүлдэг. Адуке, Адуни гэж хоёр ихрийн Адуке нь мөнгөнд хариуцлагатай хандаж хуримтлуулдаг, харин Адуни маш үрэлгэн. Тэдний амьдралын сонирхолтой түүхийг өөрсдийн сайн мэддэг жүжигчдээр дамжуулж авснаараа үзэгчдийн ой санамжинд энэ түүх маш бат бөх хадгалагдаж үлдсэн. Гол дүрүүд хүмүүст хэт ойр хамааралтай байх жишээтэй. Гэвч байн байн сануулахгүй бол эргээд л мартаж орхидог. Тиймээс энгийн, амьдралд ойрхон байдлаар энэ хөтөлбөрийг хүргэж чадвал үр дүн гарна.

-Сурагчдад хэдэн наснаас олговол зүгээр бол. Цэцэрлэгээс эхлэх үү, эсвэл дунд ахлах ангиас явуулбал зүгээр болов уу?

-Монгол Улс харьцангуй залуу орон. Сайн туршлагаас суралцах ёстой. Нөгөө талаар Монгол Улсын боловсролын систем их боловсронгуй. Хүн бүхнийг хамарч чадсан байдаг. Тэгэхээр сургуулийн насны хүүхдүүдийг 12-17 насанд нь санхүүгийн боловсрол олговол зүгээр. Хүн нэг өглөө босоод л “За санхүүгийн боловсролдоо анхааръя, хуримтлал үүсгэе” гэж бодохгүй. Тиймээс сургуулийн наснаас нь эхэлвэл зүгээр. Хүүхдэд тэтгэвэр, ирээдүйд бий болгох сургалтын төлбөр, байр машины талаар яриад дэмий. Харин миний хэлсэнчлэн, төрсөн өдөр, шинэ жилийн баярын мөнгөө хуримтлуулж дараа нь унадаг дугуй авах боломжтой гэх мэтээр өөрийнх нь хамгийн сайн ойлгодог жишээгээр ойлголт өгвөл зүгээр байх. Хүүхдийн нэвтрүүлэг, хичээлээс гадуур унших боломжтой комикс гэх мэтээр маш энгийн байх тусмаа л ойлголт авах нь хурдан байна. Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment