МАХН-ын нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан С.Удвалтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгуульд нэр дэвших асуудлыг хүчингүй болгосон. Та улс төрч хүний хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь эрх зүйн болон улс төрийн үр дагвартай шийдвэр. Үндсэн хуулийн цэцийг яагаад буруутгаад байна гэвэл энэ байгууллага шүүх бөгөөд хамгийн шударга байх ёстой газрын нэг. Гэтэл энэ байгууллага нэг асуудлаар хоёр шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай. Өнгөрсөн 2012 онд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн. Гэтэл сая зөрчсөн гэж гаргасан. Энэ нь шүүхийн зарчим алдагдаж байгаа нэг илрэл. Шүүх байгууллага шийдвэрээ гаргасан бол тэр шийдвэр дээр бат зогсох ёстой. Үндсэн хуулийн цэц нь иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэр гаргахаар бусад шатны шүүх яаж шударга ажиллах вэ. Иймээс намын жагсаалтаар гарсан 28 гишүүдийн бүрэн эрхийг нэн даруй түтгэлзүүлэх ёстой. Цэцийн шийдвэрээр эдгээр гишүүдийг бүрэн эрхийг хүчин төгөлдөр бус гэдгийг шийдвэрлэсэн.
Сонгууль удахгүй болох гэж байхад тойргийн асуудал шийдэгдээгүй байна. Хуулиараа сонгууль болохоос 150 хоногийн өмнө тогтоосон байх ёстой. Иргэд аймаг сум хэдэн тойрогтой байгааг мэдэх хэрэгтэй . Энэ бүхэн одоо тодорхой бус байна. Саяхан баталсан хуулиар гэсэн 150 хоногийн өмнө байх ёстой гэж заасан байгаа. Үүнийгээ тодорхой болох ёстой. Нэр дэвшигчид ямар тойрогт байгааг мэдэхгүй байна.
-Тэрбишдавга гишүүн намын бүлгээс гаргах асуудал яригдаж байгаа?
-Намын бүлгээс гаргахаа нэгдсэн чуулган дээр мэдэгдсэн. Намын бүлгээс гарна орно уу тэр хувь хүний эрхийн асуудал. Нэг хүн гаргалаа гээд нам дордохгүй. Нэг хүн орлоо гээд нам дээрэхгүй шүү дээ. Энэ бол хувь хүний асуудал .
-МАН, МАХН нэгдэх асуудал яригдсан. Хоёр нам нэгдэлээ гээд дараа нэгдэхгүй гэсэн мэдээлэл гарсан. Ямар шалтгаанаар нэгдээгүй вэ?
-МАХН, МАН хоёр нэгдэх гээд хэд хэдэн асуудал дээр тохиролцож ажлын хэсэг байгуулж, гарын үсгээ зурчихсан байсан. Хоёр намын бага хурал зэрэг хийгдсэн. Бага хурлаа хийхдээ манай нам мөрийн хөтөлбөрөө баталчихсан байсан. МАН-тай эвссэн нөхцөлд энэ мөрийн хөтөлбөрөө шингээж оруулах гэсэн заалттайгаар мөрийн хөтөлбөрөө баталсан байлаа. Үүний дараа эвсэх асуудал яригдсан. МАН-ын ажлын хэсэгтэй манай намын ажлын ямар тохиролцоонд хүрсэнээ танилцуулж байх явцад хэвлэл мэдээллээр маш сөрөг мэдээлэл явсан. Энэ бол зохион байгуулалтай урьдчилан төлөвлөсөн байсан. МАН-ын гишүүд эвсэх сонирхолтой байсан. Гэтэл бас эвсэхээс айж, эвсүүлэхгүй байх хэсэг бүлэг хүмүүс байсан. Эвсэхгүй гэсэн бүлэг нь хүчтэй давамгайлж , эсвэх асуудал саад болсон гэж үзэж байгаа.
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулагад өөрчлөлт орж эмч эмнэлэгийн ажилтан тооцох хариуцлагад өөрчлөлт гарсан. Үүнийг эмч нар нэлээд их эсэргүүцэж байгаа. Та энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би эмч хүн. Энэ салбарт насаараа ажиллаж, салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг маш анхааралтай харж байгаа. Аливаа мэргэжлийн хариуцлагыг шоронд оруулж торгож шийтгэдэггүй. Мэргэжлийн хариуцлагыг мэргэжлийн даатгалын хуулиар шийддэг. Сайдаар ажиллаж байхдаа Засгийн газарт эмнэлэгийн ажилтны хариуцлагын даатгалын хуулийг санаачилж өргөн барьсан. Энэ хууль маш сайн хууль болсон. Эмч нарын алдаа гэдэг бол дандаа “сайн санаа төөрөгдөл” байдаг. Эмч нар хүнийг зориудаар хүний амь насыг хохироодоггүй. Үүнийг ёс зүйн дүрэм журамд юу гэж үздэг гэхээр “сайн санааны төөрөгдөл” гэдэг. Иймээс энэ хуулийн асуудлыг эсэргүүцэж байгаа.
-Та эрүүл мэндийн сайдын ажлаа өгснөөс хойш хэсэгтээ нам гүм байлаа. Улс төрийн асуудалд ч нэг оролцохгүй байна. Ер нь ямар ажил хийж байна вэ?
-Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Сонгууль энэ тэр гэхээс илүүтэй Монгол улсын төрд үүсээд байгаа энэ хямрал, мөнгөний төр, авлигачид болон мөнгөний төлөөлөх сонгуулийн үйл ажиллагаа зогсоохын төлөө эмэгтэйчүүд хамтарч тэмцэхээр ажиллаж байна.
-Та энэ оны сонгуульд нэр дэвших үү?
-Би нэр дэвшихээ шийдээгүй байна.