8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба намуудын “гэрийн даалгавар”

2023-09-05 10:52:00

Орон нутагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намуудад “гэрийн даалгавар” өгчихлөө. Хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн намууд одоо тоо бодохоос өөр аргагүйд хүрч байгаа байх. Ховд аймагт ажиллах үеэрээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд бус, эрх баригч МАН-ын даргын хувьд нэгэн мэдэгдэл хийсэн нь өчигдрийн гол сенсаац болов. Тэр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН жагсаалтын эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлнэ гэдгийг мэдэгдэв. Бүр энэ мэдэгдлээ Ховд аймагт байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв дээр хийж, бусад намуудыг ч бас давхар уриаллаа. Энэ бол сонгогчдын хувьд сенсаац, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ялалт, харин улс төрийн намуудад...?!

Учир нь, 2024 оны УИХ-ын сонгууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор явагдана. Өөрөөр хэлбэл, 78 гишүүн мажоритар буюу тойргоос, 48 гишүүн пропорциональ буюу намын жагсаалтаар УИХ-д сонгогдоно. Хэдийгээр намын жагсаалтад нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх зэрэг “тоглоомын дүрэм”-ийг эцэслэн тогтоох сонгуулийн хууль батлагдаагүй ч жагсаалтын эхний 5 гэдэг бол найдвартай УИХ-ын гишүүн гээд бодчиход буруудахгүй.

2012 оны УИХ-ын сонгуулийг 48:28 гэсэн холимог тогтолцоогоор явуулахад АН 10, МАН 9, “Шударга ёс” эвсэл 7, ИЗНН хоёр суудал авч байсан билээ. Гэхдээ энэ үед жагсаалтын эхэнд дандаа намын дарга нар, бас олигархиуд нэр дэвшиж байсан түүхтэй. Бүр зарим жижиг нам жагсаалтын эхний байруудаа тэрбум, тэрбумаар нь үнэлж “зарж” байсан ч гэлцдэг. Тэгвэл ирэх сонгуулиар эрх баригч МАН хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жагсаалтын эхний таван суудлаа өгч, тэд нь УИХ-д орж ирэх нь цаг хугацааны л асуудал боллоо. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн энэхүү мэдэгдлээсээ ухарна гэж үгүй биз, улам л лавшруулж залуусыг, эмэгтэйчүүдийг гэхчилэн жагсаалтаа цэвэрхэн болгох болов уу.  

...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн улс төрийн энэхүү мэдэгдэл тэгэхээр бусад намд яах аргагүй “гэрийн даалгавар” болж очиж байна. Тэр тусмаа саяхан нэг Тэргүүн дэд дарга, 15 дэд дарга томилсон АН-ын хувьд тааварлаагүй цохилт болсон байх. Үнэн эсэхийг нь мэдэхгүй ч АН-ын жагсаалтын 15 нэр дэвшигч тодорхой боллоо гэсэн яриа 15 дэд даргын томилгоотой зэрэгцэн гараад амжсан байдаг. Энэ үнэн байсан ч одоо бол ирэх сонгуулийн жагсаалтын нөхцөл байдал бүх намд тэс ондоогоор зурагдаж эхэлнэ. Энэ бол Монголын 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд ялалт юм.

Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид нь өчигдрийн ганц ялалт нь байсангүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ мэдэгдсэн. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг аймаг болгонд барина гэдгээ амласан нь Монгол Улсын 110 гаруй мянган иргэн, тэдний ар гэр, ойр дотнынхонд баяртай мэдээ байсан биз ээ. Учир нь, энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах, тохируулах, засварлах зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх юм байна.  

Ийнхүү өчигдөр Ховд аймагт ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт өмнөх өдөр нь Говь-Алтай аймгаас эхэлсэн. Саяхан 100 жилийн ойгоо тэмдэглэсэн Говь-Алтайчуудад энэ томилолтоос үлдэх өгөөж нь ч их байсан. Эрчим хүчний найдвартай байдал гэдэг зөвхөн хөдөөд төдийгүй Улаанбаатар хотод ч тулгамдсан асуудал болсон. Тэгвэл Ерөнхий сайдын томилолтын үеэр Есөнбулаг суманд нээлтээ хийсэн “Сэрвэн” нарны цахилгаан станц нь Говь-Алтайг Монголын анхны ногоон эрчим хүчний хосолсон эх үүсвэртэй аймаг болголоо. Өмнө нь Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж, 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байдаг. Тэгвэл Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр босгосон “Сэрвэн” нарны цахилгаан станц жилдээ 18.4 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 16 мянган өрхийн 56 мянган хүнийг цахилгаан эрчим хүчээр хангах ажээ.

Монгол Улс нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс ч Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгааны станц гэсэн томоохон төслүүдийг хөдөлгөж эрчим хүчний хараат байдлаас гарах, цаашлаад эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэсэн.

Эрчим хүчний дутагдсан эх үүсвэрээ бид хөршөөсөө авдаг. Иймд эрчим хүчний, тэр дундаа байгаль орчинд нээлтэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт. Ямар боловч “Сэрвэн” нарны цахилгаан станцыг нээснээр энэ зорилт руу нэг алхам дөхлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл