Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы үеэр мэдээлэл хийв.
--------------------------------------------
Тэрбээр:
-Улс төр, уул уурхай, шүүх хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд үгүй гэж хэлж авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөсдвөл олон нийтийн дэмжлэг авч тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ. Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-ын эрх мэдлийг алгасан завшсан хулгайг таслан зогсоож Дархан төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрийг олон нийтийн өмчлөлд эргүүлэн авч энэхүү хэрэг шүүхэд шилжиж чадлаа. 22 тэрбумын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэгэлж гацсан байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан. Улсынхаа нэрээр бонд босгож бүлэглэлийн зарчмаар хувааж эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж Чингис бондын 2 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадсан.
Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж Засгийн газар руу ноцож байгааг би ойлгож байна. Амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.
Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг мэдэж байна. Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө тэмцэж буй ард түмэндээ талархаж байна. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсан. Үүнийг ч би нуухгүй. Учир нь Монголын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг монголын нийт ард түмний баялаг юм.Нүүрс тойрсон далд эдийн засаг тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын сүлжээ амь бөхтэй өнгөрсөн 30 жилийн хугацаанд оршин тогтножээ.
Энийг л би нам дагнасан МАНАН бүлэглэл гэж нэрийдсээр ирсэн. Зэсийн луйварыг шалгах гишүүдийн саналыг би дэмжиж байна. Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр улс хөгжихгүй. Бид асуудлыг агуулгын хувьд харах шаардлагатай нүүр тулж байна. Аливаа асуудлыг аргацаасан, гал унтраах байдлаар явахгүй.
Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараах 3 эрхзүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай.
Нэгдүгээрт. Орлогын тэгш бус байдлыг арилгах. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Нэг үгээр хэлбэл, улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрсөн. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монгол төрийн хорт хавдар учраас мэс заслын аргаар өвдөлт өгч эмчлэхгүй бол архагшин бугларч эцсийн шатандаа орж ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслахын төлөө зүтгэх нь миний үүрэг. Авлигал арилаагүй цагт орлогын тэгш бус байдал бүрэн арилахгүй. Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн тухай хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлэх багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Засгийн газраас ойрын хугацаанд УИХ-д өргөн барина.
Хоёрдугаарт. Иргэний төлөөлөх эрхийг хангах. Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.
Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотлоно. Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт. Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.
Гуравдугаарт. Хариуцлагын тогтолцоог чангатгах. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна. Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна.
Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:
• Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
• Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
• Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
• Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа.