АНУ-ын засаг захиргаа зах зээлийг тэнцвэржүүлэх шатахууны үнийн өсөлтийг одоогийн түвшинд хадгалахын тулд стратегийн нөөцөөсөө 10-15 сая баррель газрын тос гаргаж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Блүүмбергийн мэдээлж байгаагаар цагаан ордон өнгөрсөн хагас жилийн хугацаанд стратегийн нөөцөөсөө 155 сая баррель газрын тосыг зах зээлд нийлүүлжээ.
Энэ сарын эхээр Газрын тос олборлогч орнуудын байгууллага ОПЕК болон гишүүн бус орнуудын эрчим хүчний сайд нар цар тахлын дараах анхны нүүр тулсын уулзалтаа Австрийн нийслэл Вена хотноо хийсэн. Энэ уулзалтаар гишүүн орнууд түүхий эдийн зах зээл дээрх газрын тосны ханшийг өсгөхийн тулд ирэх 11-р сараас эхлэн олборлолтоо огцом танах шийдвэрийг гаргасан. ОПЕК ирэх 11-р сараас газрын тосны гарцыг нэг өдөрт 2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон. Энэ нь дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 2 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн 2020 онд цар тахлын улмаас дэлхийн зах зээл дээрх эрэлт буурч ОПЕК газрын тосны гарцаа нэг өдөрт 10 сая баррелиар бууруулж байсан.
Улмаар өнгөрсөн 2 жилд эрэлт нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор олборлогч орнууд газрын тосны гарцыг цар тахлаас өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлээд байсан юм. Саудын Арабын эрчим хүчний сайд ОПЕК-ийн орнууд дэлхийн эдийн засаг болон газрын тосны зах зээлийн төлөв байдлыг тойрсон тодорхойгүй байдлын үүднээс олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Байдены засаг захиргаа ОПЕК-ийн энэ шийдвэрийг бага дунд орлоготой орнуудад хамгийн их хохирол учруулан хямралтай байгаа дэлхийн эдийн засагт дахин нэг томоохон цохилт өгч байна гэж үзжээ. Иймд цагаан ордон ирэх 11-р сараас эхлэн стратегийн нөөцөөсөө өдөрт 10 сая хүртэлх баррель газрын тосыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Олон улсад эдийн засгийн уналт эрэлт буурах төлөвтэй байна гэсэн болгоомжлолын дунд газрын тосны үнэ эргээд буурсан. Тухайлбал, дэлхийн хэмжээнд хамгийн өргөн ашигладаг Брент маркийн газрын тосны ханш 20 хувиар буурчээ. Өнгөрсөн 3-р сард л гэхэд газрын тосны жишиг үнэ баррель нь 139 америк долларт хүрч өссөн юм. Одоо дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш өссөнөөр хөөрөгдсөн инфляц ч удаан хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй болж ирлээ. Мөн АНУ-ын төв банк буюу холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ улам өсгөж мөнгөний бодлогоо чангатгах дохиог ч зах зээлд өгч байна. Үндсэндээ Вашингтоны стратегийн нөөцөө ашиглах энэ шийдвэр нь нийт нөөцийнхөө 30 гаран хувийг шавхаж байгаагаас гадна 1984 оноос хойш 40 орчим жилийн хугацаанд Америкийн стратегийн нөөц түүхэн доод түвшинд хүрч буурахаар байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Гэвч нөгөө талдаа энэ шийдвэрүүд нь үнийн савлагааг тогтоон барих газрын тосны импортын хараат байдал буурах нөхцөлийг бүрдүүлэх болов уу гэж олон улсад таамаглаж байна. Түүхий эдийн зах зээлийн өнөөгийн тогтворгүй байдал нь суурь үзүүлэлтийн өөрчлөлтөөс илүүтэй геополитикийн нөхцөл байдалтай холбоотой гэж гишүүн орнууд үзэж байна.