8o
Улаанбаатар хот
mobile menu

Валютын нөөцөө нэмэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зарна

2022-10-06 09:20:00

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй байна. Инфляц өнөөдрийн байдлаар  14.4 хувь, бидний тооцоолж буйгаар ирэх оны хоёрдугаар хагаст инфляцыг нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзсэн. Гол нь асуудал нь төгрөгийн ханшийн уналт юм. Уул уурхайн салбар уналттай байгаа хэдий ч 2023 онд эргэж өснө гэж тооцож байна. Экспортын хэмжээгээр аваад үзвэл цар тахлын өмнөх хэмжээнд буюу 2019 оны түвшинд хүрээгүй. Харин 2023 оны эдийн засгийн бодлогод экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэнэ. 2019  онд Монголын экспорт рекорд эвдэж байсан. Долоо хоногт 150-160 мянган тонн нүүрс гарч байна.

Хоногт 120 мянган тонн нүүрс гарна гэж тооцвол үлдсэн 100 гаруй хоногт 1 тонныг нь 150 ам.доллараар бодоход 1.8 тэрбум ам.доллар олох боломжтой. Гадаад валютын албан нөөц буурсан. Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Хоёр удаагийн Засгийн газрын  хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн. 

1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө энэ хэмжээтэй тэнцүү ам.доллар Монгол Улсад орж ирэхгүй байна. Монголд орж ирсэн ам.долларын хэмжээ нь 500-600 сая ам.доллар байх жишээний. Нэг компанийн жишээн дээр аваад үзэхэд ийм байна.

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Экспорт нэмэгдэж  байгаа ч валютын урсгал бага байгаа нь урьдчилаад зарсан нүүрсний гаргалтууд болон  жишиг үнэ гэрээний үнэтэй холбоотой үнийн зөрүүтэй холбоотой. Он дуусах хүртэл Засгийн газраас түр зохицуулалтын арга хэмжээ авч экспортоор нүүрс гармагц ам.доллар нь орж ирэх бодлогыг баримтална. Ингэж чадвал валютын нөөцийн уналтыг зогсооно. Нүүрсний амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Бид ямар үнээр нүүрсээ зарах ёстой вэ? Уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллараар, хил үнээр бол 129 ам.доллараар зарагдана. Тээврийн улмаас 51 ам.долларын  зөрүү үүсч байна.

Уурхайнууд ам үнээр нүүрсээ зарвал монголын банкинд тонн тутамд 71 ам.доллар орж ирдэг. Харин хил үнээр зарвал нэг тонн тутмаас 129 ам.доллар орж ирдэг. 

Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна. Бүх гэрээг бүртгэнэ. Уурхайн амнаас хил хүртэл нүүрс алдагддаг байдлыг бууруулна. Энэ онд бэлтгэл ханган, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу ирэх оны эхний өдрөөс шилжинэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ. Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гардаг гэдгийг олж мэдсэн. Хуулийн байгууллагад хандсан чимээгүй л болсон.  Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд олон өдөр дугаарладаг. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй.  Засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа. Дэлхийн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа тул ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авч байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Яагаад өмнө нь энэ өндөр хилийн үнээр нь зарж байгаагүйм бэ? Хил дээр наймаа явагддаг гэж ойлгож болох уу? Үнийн зөрүү хэн нэгний халаасанд орж байсан нь тодорхой байна. Санаатай хорлон сүйтгэгчид.
2022/10/06 202.179.11.230
  • Recent
  • Most Read
  • Most Comment