-8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамгаалж хөгжих нь чухал байна

2019-09-10 12:50:52

Монгол Улсын Засгийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран  “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулганыг  энэ сарын 17, 18-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.   Энэхүү чуулганыг  угтан  Ерөнхий сайдын Жендерийн асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Сүхжаргалмаатай уулзаж, ярилцлаа.

-“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулганыг  Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулах гэж байна.  Энэ чуулганы ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Монголын Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан, Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү чуулганыг зохион байгуулах гэж байна.   Монголын Эмэгтэйчүүдийн холбоо өөрийн гэсэн гентэй байгууллага.  1922 оноос эмэгтэйчүүдийн бүлгэм байгуулагдаж,  дараа нь хэлтэс, газар болж, өргөжин хөгжсөн байдаг.

Тэр түүхэн улбаагаа их хурцаар мэдэрч  ажилладаг газар гэж би хувьдаа дүгнэдэг. Төр засагт хандах хандлага нь ч бусдаас өөр. 95 жилийн түүхэндээ хамтраад ажилласан учраас  төрд нөлөөлөх нөлөөлөл нь бусад эмэгтэйчүүдийн байгууллагаас илүү хүчтэй байдаг.  Тэр дагуу энэ хурлыг  Засгийн газрын дэмжлэгээр зохион байгуулах гэж байна.  Хоёр сэдвийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна.  Хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудлыг хөндөх юм.  Хэлэлцэн гаргасан санал санаачлагаа  цаашид ажил хэрэг болгоод явах тал дээр анхаарч байна.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас энэ чиглэлийн  судалгаа шинжилгээний болон төрийн өндөр төвшний зочдыг урьсан байна. Энэ хурлаас би олон зүйлийг хүлээж байна.  Хамтын ажиллагаа өргөжиж, мэдлэг, туршлагаа солилцоно.  Үүгээрээ маш чухал ач холбогдолтой хурал болох юм.

-Эмэгтэйчүүдийн байгууллагын анхны бүлгэмийг таны эмээ удирдаж явсан гэдэг.  Түүнээс хойш 95 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ байгууллагын түүхэн улбаа таны ажил, амьдралтай салшгүй холбогдох юм л даа?

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага гэж хуулийн этгээдийг ярихаас илүүтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, аж байдал, хөдөлгөөн хэзээнээс идэвхжиж ирсэн гэдгийг ярих хэрэгтэй.  1921 оноос өмнө эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог ярих боломжгүй байсан.  Түүний дараа Ардын хувьсгал ялсан.  1922 онд  намд элссэн анхны 20 эмэгтэйн нэг нь манай эмээ С.Янжмаа байсан. Тэгээд намын төв хорооны дэргэд эмэгтэйчүүдийн бүлгэм байгуулсан. Түүнээс хойш эмэгтэйчүүдийн байгууллага маань утга агуулгатай, илүү албан ёсны болж ирсэн.  Манай эмээ 1922 онд тухайн бүлгэмийг байгуулж, 1927 он гэхэд эмэгтэйчүүдийн суртал,  боловсролын тасаг хэлтэс болж өргөжсөн байгаа юм.  Тэгээд яваандаа эмэгтэйчүүдийн бие даасан холбоо болж  хөгжсөн.  Намаас тодорхойлж,  төрөөс хэрэгжүүлж буй  бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж, хариуцлага хүлээх байгууллага болсон.  Одоо бодоход эмэгтэйчүүдийн байгууллагын хамгийн хэцүү цаг үед  эмэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөхөд эмээ маань хүчин зүтгэж байсан юм байна. Түүний дараагаас Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон сайхан хүн нуруун дээрээ авч явж ирлээ. Олон улсад гаргах, байгууллагуудтай холбож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гээд өргөжиж хөгжиж иржээ.  Үүнээс хамгийн чухал нь Үндсэн хуульд тэгш эрхийн асуудлыг тусгахад  манай эмэгтэйчүүдийн холбоо түүхэн үүргээ  гүйцэтгэж  ирлээ.   Өнөөгийн бидний Монголыг бүтээн байгуулахад гол үүргээ гүйцэтгэсэн л гэж бодож явдаг. Эмэгтэйчүүдийн асуудал бол хүн амын талаас илүү хувийн асуудал шүү дээ.

-Та эмээгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн энэ салбарт зүтгэж байна.  Цаг үе, нийгмийн хувьд мэдээж өөр л дөө.  Гол онцлог, ялгаа нь юу байв?

-Би эцэг эхээс тавуулаа.  Д.Сүхбаатар жанжны зээ охин, С.Янжмаа эмээгийн үргэлжлэл гэдэг утгаараа бидний гэр бүлтэй холбоотой нийгэмд хүлээлт үүссэн байсан.   Би сургуулиа төгссөнөөсөө хойш Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд  15 жил ажилласан.  Тухайн үеэс л эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн.  Тэр цаг үед  эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр явдаг байлаа.  Түүнчлэн 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар иргэдийн сайн дурын, санаачлагын байгууллагууд бий болох хөдөлгөөн өрнөсөн.  Тэр үед 40-өөд байгууллага үүссэн байдаг.   Тэр дундаас эмэгтэйчүүдийн байгууллагууд нь тодорч үлдсэн гэдэг юм билээ.  Ер нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн байгууллага хамгийн идэвхитэй байсаар ирсэн.  Яагаад гэхээр хүний эрх, амьдралын чанар, гэр бүлийн харилцаа өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтны бүхий л амьдрал эмэгтэй хүнтэй холбогдож байдаг.  Ажил эрхлэлт, орлого ч  эмэгтэйчүүдтэй холбоотой.  Тийм учраас эмэгтэйчүүдийн байгууллага хамгийн идэвхитэйдээ ордог.  Манайд  ч яг тийм байсаар ирсэн дээ.

-Түүний дараагийн цаг үед  жендерийн тухай ойлголт ний­гэмд цацагдаж эхэлсэн.  Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан даа?

-Тийм ээ.  Ер нь бол  эмэгтэй хүн хүүхэд гаргана, гэртэй сууна гэдгээс эхлээд л  нийгмийн оролцооноос хоцрогдох, орхигдох магадлал байна.  Төрийн бодлого үүнийг нь зохицуулах хэрэгтэй.  Гурван сая монголчууд  тав арван сая болох хэрэгтэй байна.  Эмэгтэй хүнийхээ тэнгэрээс заяасан үүргийг хүндэтгэх ёстой.  Ингэхэд тухайн эмэгтэйн  ажил мэргэжилд ямар нэгэн саад бэрхшээл тулгарах ёсгүй.  Энэ бүхнийг их нарийн  судлаад төр  бодлого боловсруулах ёстой.  Үүнийг жендерийн мэдрэмжтэй бодлого гээд байгаа юм.   Энэ асуудалд зөвхөн төрийн бодлого биш байгууллагууд ч мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй.   Гэтэл манайхан жендер гэж  ярихаар их буруу ойлгодог.  Эрэгтэй эмэгтэй хүний бие биенээ хайрлаж хүндэлсэн харилцааг хольж хутгаад байдаг.  Жендер ярихаар “Миний эхнэр миний толгой дээр гараад манай гэрийн хоймор  залрах юм уу” гэх нэгэн ч байна.  Уг нь бол тэр хоёр хүний хэн нь хоймор хэн нь үүдэнд байх тухай яриагүй юм шүү дээ.  Тэр бол хоёр хүний хоорондын хайр хүндэтгэлийн асуудал юм.  Эрэгтэй нь хог гаргаснаас хорвоо нурчихгүй, ажил бүтэх бүтэхгүйн асуудал түүнээс үүсчихгүй л дээ.  Жендерийн тухай ойлголт үүнээс тэс өөр юм.

-Жендер гэж олон жил ярьж байгаа.  Тэгэхээр одоо тэр ойлголт арай өөрчлөгдсөн биш үү?

-Жендер, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрх, аж байдлын асуудал дэлхийн даяараа тулгамдсан асуудал.  Тийм зүйл байхгүй  бол Мянганы хөгжлийн зорилгуудад орохгүй байсан.  Хүн төрөлхтний тэн хагасын эрх, амьдралын чанарыг ярьж байна.  Манайд жендер гэдэг үг хэрэглэхэд дургүйцдэг. Нөгөө талаар ойлголцох асуудал нэг үеэ бодоход гайгүй байна. Жендерийн аливаа зөрчил манайд харьцангуй  гайгүй байгаатай холбоотой.  1924 оны  Үндсэн  хуульдаа хүнийг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ заасан.  Энэ нь бусад салбар хуулиудаар хэрэгжээд явж байгаа.  Энэ бол маш чухал зохицуулалт болсон. 

Түүхэн дэх эмэгтэйчүүдийн оролцоонд, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгодог. 1990-ээд оны дундаас би НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ажиллаж эхэлсэн.  Тэнд 10 жил болсон. Манай сангийн шугамаар гол төлөв өрнөдийн мэргэжилтнүүд ирдэг. Тэд манай улсын эмэгтэйчүүдийн асуудалтай танилцаад эмэгтэйчүүдийн эрхийн түүхэн дэх олсон ололт амжилтуудаа хамгаалах хэрэгтэй. Алдаж болохгүй, ухралт гаргаж болохгүй гэдэг дээр зөвлөмж өгдөг.

-Монгол эмэгтэй хүний онцлогийг та юу гэж хардаг вэ?

-Гадныхан танай монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдээс тэс өөр  гэж хэлдэг.  Хүний нүүр рүү харж байгаа, алхаа гишгээ, харьцаж байгаа нь бие даасан байдаг.  Дундад зууны үед манай Монголд ирж байсан зочин гийчид ч энэ тухай ном, сурвалж бичигт өгүүлсэн байна. Монгол эмэгтэйчүүд аж ахуйн бүрэн эрх мэдэлтэй байж чадаж байна. Тухайлбал, мал хөрөнгөө зарцуулахад хүртэл шийдвэр гаргаж чаддаг гэжээ.  Тухайн үед ийм үзэгдэл өөр газар оронд байгаагүй байна. Энэ нь манай үндэсний онцлог юм.  Тэгээд Үндсэн хуулийн тэгш эрхийн тухай заалт гээд л энэ бүхнээрээ манайх эмэгтэйчүүдийн эрхээ дархалж өгсөн.  Одоо үүнийгээ алдчихгүй,  хамгаалах нь чухал байна.  Ер нь бол Монгол Улс хөгжиж буй орон.  Харин эмэгтэйчүүдийн асуудал маань хөгжингүй нийгэмд тулгамддаг асуудал байна гэдгийг өрнөдийн шинжээч нар хэлж байсан. Өөр нэг жишээ гэхэд манайх тархай бутархай нүүдэлчин улс.  Гэхдээ хүмүүс  амьдралаа авч явахдаа авгай нөхөр биш хоёр түнш шиг амьдарч ирсэн байна.  Нэг түнш нь  нөгөөхөө  дээрэлхээд  суухгүй шүү дээ.  Харилцааны нэг өөр хэмжигдэхүүн тэнд байжээ.  Тэр хэмжигдэхүүн манай нүүдэлчин соёлын онцлог болж ирсэн байна.  Тэр нь манайд жендер гэх ойлголтын суурь болж байна.

-Эмэгтэйчүүдийн асуудлаар хамгаалалт, дархлааг бид сайн суулгаж өгч чадсан юм байна.  Одоо сайжруулах төвшинд юу хийх хэрэгтэй бол?

-Одоо эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэхэд дөрвөн том асуудал байна. Тэр нь сонгуулийн тогтолцоо, эдийн засаг, нэг хүйс давамгайлсан шийдвэр гаргах тогтолцоо.  Өөрөөр хэлбэл дарга нар  нь  бүгд эрэгтэйчүүд байдаг. Түүний дараагийнх нь нийгмийн хэвшмэл ойлголт байдаг.  Эмэгтэйчүүд гэртээ л байх ёстой гэсэн ойлголт байна.  Ийм саад бэрхшээлүүд бий. Энэ ойлголт нь бусаддаа нөлөөлөөд байдаг. Тухайлбал, Төрийн албыг аваад үзэхэд 70 орчим хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэтэл дарга нарынх нь 75 хувь нь эрэгтэй байна. Дээд түвшинд  орон тоо гарлаа гэхэд таван эрэгтэй дарга сууж байгаад эрэгтэй хүнийг л сонгодог.  Саяхан нэг судалгаагаар хэвшмэл ойлголтыг харуулсан их сонин  дүн гарсан байна.  Яг ижил CV байхад судалгаанд оролцсон албан тушаалтнуудын 70 гаруй хувь нь эрэгтэй хүний нэртэй СV-г сонгосон байна.  Тэгэхээр энэ хэвшмэл ойлголт нийгэмд засагдахгүй л байна.  Тэгэхээр  Жендерийн үндэсний хороо гэх  том механизм ажиллаж байна. Даргаар нь Ерөнхий сайд маань ажилладаг. Бүрэлдэхүүнд нь бодлого боловсруулах, зохион байгуулах хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын төлөөлөл байна.  Жендерийн тэгш оролцоог хангах хууль нь байна.  Үндэсний хөтөлбөрөө  баталсан. Хороотой, тогтолцоотой.   Харин энэ асуудалд эмэгтэйчүүдийн байгууллагуудын оролцоо  чухал байна.  Бүгд хамтраад ажиллая гэж уриалмаар байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
МЭДЛЭГТЭЙ ЧАДВАРТАЙ ШУДРАГ ЭМЭГТЭЙ САЙХАН ЭЭЖ ДЭЭ ӨӨРИЙГ ЧИНЬ ДЭМЖЭДЭГ ШҮҮ ШУДРАГ ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭСЭН НАМУУД БА ИРГЭД ЭНЭ СОНГУУЛААР ЦӨМ НЭГДЭХ Л ХЭРЭГТЭЙ ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА
2019/09/13 103.10.23.96
  • Recent
  • Most Read
  • Most Comment