8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлчээрийг хуваарьтай ашиглах, хонины ноосны чанарыг сайжруулах тухай асуудлыг хөндлөө

2019-08-21 10:09:44

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АДРА Монгол олон улсын байгууллага хамтран "Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал" уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 14-нд ХХААХҮЯ-ны 1 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.  

Уулзалт, хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХААИС, түүний харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ-ын ХХААБ, АДРА, Мерси Кор ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрууд, Севори инстутит, Мал үржүүлэгчдийн холбоо, Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн холбоо зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.

Бэлчээрийг байгалийн аясаар нь нөхөн сэргээж болно

АДРА Монгол ОУБ-ын урилгаар "Севори" институтийн судлаач Рольф Преториус, Байрон Шелтон нар Архангай аймгийн Ихтамир, Завхан аймгийн Идэр суманд ажиллаж, бэлчээрийн төлөв байдалд хийсэн товч судалгаа хийсэн байна. Уулзалт, хэлэлцүүлгээр институтийнхээ үйл ажиллагаа, хийсэн ажлууд, судалгааны үр дүнгээ танилцуулав.   

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор дэлхий нийт одоогийн менежментээрээ бол 60 жилийн хугацаанд л хөдөө аж ахуй эрхлэх боломж байгаа бөгөөд түүнээс цааш хөрс, бэлчээрийг ашиглах боломжгүй болно. Тиймээс бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийг "Севори" институтийн судлаач Рольф Преториус хэлж байлаа. Бэлчээрийн цогц менежмент гэдэгт тухайн орон нутгийн бэлчээрийн доройтлын шалтгааныг олж тодруулахаас эхлээд фермер, газрын эзэд санхүүгийн төлөвлөгөөтэй ажиллах, газрын төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ хийлгэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах зэрэг олон асуудлыг хамруулан авч үздэг болохыг тэрбээр нэмж тодотгов.

Монгол Улсад бэлчээр ч байна, мал, амьтан ч байна. Нэг талаар мал, амьтан бэлчээрлэх нь хөрсөнд сайн нөлөөтэй байдаг. Үхэр, хонины баас, шээс зэрэг нь хөрсийг бордох сайн талтай. Нөгөө талаар мал, амьтан аливаа ургамлыг идсэний дараа тухайн ургамал нөхөн ургахад тодорхой хугацаа шаарддаг. Ургамал хэр хурдан хугацаанд сэргэн ургах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Монгол Улсад улирлын онцлогоос хамаарч хавар, намарт унах хур тунадасны хэмжээ харилцан адилгүй байдгаас хөрсний чийг тогтмол, жигд бус байна. Энэ нь эргээд ургамлын задрах, хөрсөндөө шингэх, сэргэн ургах хугацааг уртасгаж саатуулдаг. 

Өөр нэг хүчин зүйл бол өвс, ургамалд дахин ургах хугацаа өгөлгүйгээр малыг нэг бэлчээрт дахин дахин бэлчээрлүүлэх нь хөрсөн доорх үндэс, массыг нь багасгаж, нөхөн ургах чадварыг муутгадаг. Эдгээр нь бэлчээрийг доройтуулж байна. Тиймээс малыг төлөвлөгөөтэй буюу хугацаатай бэлчээрлүүлэх, бэлчээрээ сэлгэх нь нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай менежмент бөгөөд энэ хүрээнд хамтран ажиллаж болно. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг олшруулж, байгалийн аясаар нь нөхөн сэргээснээр малаас авах ашиг шим нэмэгдэж, түүхий эдийн чанарт эерэгээр нөлөөлдөг гэдгийг "Севори" институтийн судлаач Байрон Шелтон зөвлөлөө.

Монгол хонины ноосыг улам нарийн, чанартай болгох боломжтой

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал бол нарийн болон нарийвтар ноост хонины үржил, селекцийн ажил, хонины ноосны чанар. АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга Брэндон Ирвин нь хонины үржлийн мэргэжилтэн бөгөөд энэ чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа юм. Тэрбээр энэ оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, нарийвтар ноост, мах-ноосны чиглэлийн "Орхон", мах-ноосны чиглэлийн жигд нарийн ноост "Хангай" үүлдрийн хонины онцлогийг Шинэ Зеланд, Австралийн Меринос үүлдрийн хоньтой харьцуулан судалсан байна. Уг судалгааныхаа үр дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Дэлхийн хэмжээнд 1-1,5 тэрбум толгой хонь байна. Олон улсад хонины аж ахуйгаараа БНХАУ тэргүүлдэг бөгөөд 180 сая толгой хоньтой. Үүний дараа Австрали, Африкийн орнууд, Иран улс ордог. Австрали улсад нийт хонин толгойн 6 хувь нь байгаа бөгөөд дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 20 хувийг дангаараа хангаж байна. Монгол Улсад дэлхийн хонин толгойн 3 орчим хувь байгаа боловч дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй ноос үйлдвэрлэж байна.

Манай улсад ноосон нэхмэлийн үйлдвэр 1950 оны сүүлчээр байгуулагдаж, нэхмэлийн үйлдвэрийн жилийн 1500 тонн нарийн, нарийвтар ноосны хэрэгцээг хангахын тулд нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонийг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нарийн ноост шинэ чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага үүссэн. Тиймээс 1961 оны 2 дугаар сард нарийвтар "Орхон" үүлдэр, 1990 оны 3 дугаар сард "Хангай" үүлдрийн хонийг Хөдөө аж ахуйн яам бие даасан үүлдэр болгон баталгаажуулав.  

"Орхон" хонь үүлдрээр батлагдах үедээ 21921 толгой байсан бол 2017 оны байдлаар 6,1 мянган толгой байна. Элит, нэгдүгээр ангийн хонь 100 эхээс 110-115 хурга авдаг, нас гүйцсэн үржлийн хуцны амьдын жин 85 кг орчим, ноосны гарц 5,6 кг, эм хонины амьдын жин 55 кг, ноосны гарц 3,4 кг байжээ.

 “Хангай” хонь үүлдрээр батлагдах үедээ 91501 толгой байсан бол 2017 оны байдлаар 8,2 мянган толгой байна. Тус үүлдрийн хонины ноос нь 19-25 мкм нарийн, 7-8 см урт, гэдэс хэвлий, хөл нь өвдгөө, хойд хөл нь боривоо хүртэл ургасан ноостой. Махны гарц нутгийн хониноос 20-30 хувь, нэг Хангай хониноос 3-4 энгийн хонины ноос гардаг. Өөрөөр хэлбэл, үржлийн хуцны ноосны гарц 7 кг, эм хониных 3,8 кг байв.

1990 оноос зах зээлд шилжиж, нарийн болон нарийвтар ноост хонь үржүүлдэг сангийн аж ахуй, нэгдлийн мэдэлд байсан хонь хувьчлагдаж, нэхмэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Үүний улмаас ноосны зах зээл хумигдаж, малчид цэвэр, эрлийз хонио нутгийн хониор сольж махалж борлуулан, монгол хуцаар хээлтүүлж, бүдүүн, бүдүүвтэр ноост хонь болгон өөрчилж, үүлдэрлэг байдлыг алдагдуулжээ.

Одоо бол Хангай үүлдрийн хонины ноос 18-22 мкм, Орхон үүлдрийнх 23-27 мкм ширхэгтэй байна. Нэг хониноос гарах ноосны гарц өмнөхөөсөө буурч, харьцангуй багассан. Монгол Улсын дотоодын хэрэгцээ нь 800 тонн нарийн ноос гэж үздэг. Энэ хэмжээний ноосыг үйлдвэрлэхэд 250-400 мянган толгой нарийн болон нарийн ноост хонь шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс бага тооны хониор хэрэгцээгээ хангахын тулд үржил, селекцийн ажлыг сайжруулах сорилт бидний тулгарч байгааг АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга, хонины үржлийн мэргэжилтэн Брэндон Ирвин хэлж байна.  

Өөрөөр хэлбэл, Орхон, Хангай, Ерөө зэрэг үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж, цөм сүрэг бүрдүүлэх, шалгарсан удмын малыг сайжруулагчаар тавих, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглах, малыг ялангуяа хээлтэй үед нь өвс, тэжээл, усаар сайтар хангах, малын эрүүл мэнд, үржил селекцийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, туршлагатай эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа, бие биенээ ойлгон дэмжих нь илүү үр дүнд хүргэнэ гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноост Хангай, Орхон үүлдрийн хонины үржил, селекц, судалгааны ажлыг чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, энэ салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцсон юм6

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл