Орон сууцны зээлийн хүү таван хувь болчихвол ядаж төлөх зээлийн хэмжээ буурна, төлж дуусах жил нь урт ч, төлөх мөнгө нь сардаа бага байх нь хэмээн хүлээсэн иргэдийн хүлээлт дээр улс төрийн шоу хийлээ хэмээн иргэд Ардчилсан намыг буруутгаж байна. Үнэндээ байр авах хүсэл хэрэгцээгээ түр хойшлуулж, АН-ынхны амлалт биелэлээ олоосой хэмээн залбирч байсан залуус олон байсан. Гэвч тэдний хүлээлт хийгээд хүсэлт дээр тоглолт хийж, сонгуульд нэмэрлэх оноогоо ахиулж байгаа нь эрх баригчдийн буруу биш гэж үү.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, барилгын салбарын ипотекийн зээл нэг л өдөр зогсонги байдалд орж байсан нь саяхан. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгож байгаа болон тэдгээр үл хөдлөх хөрөнгийг иргэд өөрөө дур мэдэн бусдад худалдаж, шилжүүлж, түрээсэлж болохгүй, заавал банкны зөвшөөрлөөс шийдэж байгаа нь Үндсэн хуультай харшилдаж байна гэсэн дүгнэлт гарснаар банкууд зээлээ зогсоосон. Удтал үргэлжилсэн энэ маргаан Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдэгдэж, шийдвэр гаргалцсан хүмүүс нь бараг баатар болох дөхсөн. Цаг үеийг мэдэрсэн АН-ынхан үүний дараа зээлийн хүүг 5 хувь болгох мэргэн санаа гаргаж, иргэдийн анхаарлыг ипотекийн зээл хэрхэн зогссон, сэргэсэн гэх асуудлаас холдуулж, бага хүү рүү шилжүүлж чадсан. Гэвч энэ нь зөвхөн сонгуулийн шоу төдий байж.
Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ энэ таван хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж буй иргэд нийтээр хамрагдахгүй. Засгаас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгажээ. Тухайлбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм байх. Мэдээж дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан байр авах нь хотын төвийн ачаалал хийгээд утаа буурахад чухал нөлөөтэй. Гэхдээ иргэдийн орон сууцны зээл хамрагдахгүй байгаа хамгийн том хаалт бол урьдчилгаа хийгээд банкны шалгуур. Хэдхэн сарын өмнө Барилга хот байгуулалтын яам урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох талаар мэдээлж бүр зарим нэг банктай гэрээ хүртэл байгуулсан. Гэвч энэ яриа эдийн засгийн үндэслэл, тооцоо муутайгаас шоу болоод өнгөрсөн. Иргэдийн хүлээсэн таван хувийн зээл энэ асуудлыг яагаад хөндсөнгүй вэ. Нийслэлд борлогдохгүй байгаа 40 гаруй мянган орон сууц бий.
Барилга, хот байгуулалтын яамны мэдээлснээр, нийслэлд хэрэглэгчээ хүлээсэн 12 мянга 500 айлын орон сууц байна. Тэгвэл Монголын ипотекийн корпорацаас “170 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй ч шалгуур хангасан 64 мянган өрх бий” гэсэн судалгаа гаргасан байдаг. Зээлийн хүүг бууруулж, төлбөрийн нөхцөлийг уян хатан болговол нийлүүлэлтээс гурав дахин давсан эрэлт байгааг судалгаа харуулж байна.
Гэвч сүржин нэртэй даржин шийдвэрээр мянга гаруй өрх л чүү ай орон сууцтай болох нь. Учир нь нийслэлд борлогдохгүй байгаа 40 гаруй мянган орон сууцнаас дахин төлөвлөлтөд хамрагдсан 434, алслагдсан гурван дүүрэгт 954 орон сууц л таван хувиар иргэдийн гарт очих юм байна. Үүнийг иргэдийн буруутгаад байгаа улс төрийн өнцөгөөс харвал Ардчилсан нам нийслэлд нэр хүндтэй байдаг. Харин хөдөө орон нутагт бардаггүй. Тиймээс таван хувийн хүүтэй зээлийг Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутагт хэмээн иргэдээ ялгаварлан гадуурхан барин байж тусгайлан зөөж өгсөн иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.