Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах тухай Дээд шүүхийн саналыг хэлэлцэж, чуулганд оролцсон 44 гишүүнээс олонхи нь хэлэлцсэн учраас Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 15-25-ны хооронд ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулах захирамж гаргасан. Гэсэн ч МАН болон “Шударга ёс” эвслийн бойкотоос болж хуралдаж чадахгүй байсаар өнгөрсөн баасан гаригийг хүргэсэн ээлжит бус чуулганыг тухайн өдрийн 10.45 цагт нээгээд оройн 21.00 цаг орчимд хааж, ёслол үйлдлээ. Ээлжит бус чуулганы гол зорилго нь Цэцийн дарга Ж.Амарсанаа огцруулах асуудал байсан нь тодорхой болсон.
УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган нээхийн өмнөх өдөр мэдээлэл хийж чуулгандаа оролцохыг сануулж, хүлээгдэж буй олон хуулийг одоо л батлахгүй бол, хаврын чуулган руу орно гэх мэтчилэн хууль батлахдаа их л яарч байгаагаа хэлж байсан. Гэвч үнэн хэрэгтээ ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэн гэж байсан ч ихэнхийг нь хаврын чуулган руу шилжүүлэв. Тухайлбал, Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах шаардлага байгааг мэргэжлийнхэн хэлж байсан. Гэтэл УИХ-ын гишүүд уг хуулийг хэлэлцэж батлахын оронд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулчихаад л санаа амарч чуулганаа хаав. Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой олон төсөл мөн л Татварын багц хуулиудын нэгэн адил хаврын чуулган руу шилжив. Харин одоо нэг өдрийн настай чуулган бус улс төрийн хүрээнд дараагийн Үндсэн хуулийн цэцийн дарга хэн бэ? Гэдэг асуудал яригдаж байна.
Ж.Амарсанааг ҮХЦ-ийн гишүүнээс эгүүлэн татсаны дараагаар түүний суудалд очих дараагийн хүн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гэх бор шувуу нэлээд эртнээс нисч эхэлсэн. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дарга болох нь ердөө л цаг хугацааны асуудал. Хэрвээ ингэсэн тохиолдолд удтал УИХ-ын гишүүн болж парламентад орж ирэх тухай ярьж байсан Худалдаа хөгжлийн банкны автортай Б.Мэдрээ үлдэж байгаа богино хугацаанд, төрийн түшээ болно. Гэхдээ З.Энхболдын дараагийн нэг хувилбар нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан З.Нарантуяагийн нэр яригдаж эхэлсэн сурагтай. З.Нарантуяаг Цэцийг гишүүнээр томилсон тохиолдолд дарга болох эсэхийг парламент гэхээс илүү Цэцийн есөн гишүүн хуралдаж байж, нууц санал хураалтаар сонгох хуультай. Ямартай ч Цэцийн даргын суудалд томилохоор зэхэж буй гэх мэдээлэл хүчтэй тархаж байгаа Р.Гончигдорж гишүүний хувьд 1953 онд төрсөн бөгөөд одоо 63 настай аж. Өөрөөр хэлбэл, тэрээр тэтгэвэрт гарах настайгаа золгож байна. Тиймээс АН засаг барьж байх үеийн эрх мэдлээ ашиглан ахмад гишүүнээрээ хуулийн байгууллагыг толгойлуулах хүсэлтэй байгаа гэх.
Товчхондоо, З.Энхболд дарга одоо цэцэд өөрийн фракцын чих зөөлөнтэй хүнийг оруулж, намдаа ашигтай шийдвэр гаргуулах л үлдлээ.
Б.Анхням