8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ЖДҮХС-аас зээлийн асуудыг АТГ-т шилжүүлж, Эмэгтэйчүүдийн баг олимпийн эрхийн төлөө барилдах өдөр

2018-10-30 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж  байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Б.Найдалаа: ЖДҮХС улстөрийн өөрийн хүрээллийг хөгжүүлдэг тогтолцоо болсон

ХҮН-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа. 

-Сүүлийн үед ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд өөрсөддөө зориулж зээлийн журам гаргаж, жижиг дундад биш том зээлийг маш бага хүүтэй авсан тухай шуугиан дэгдээд байна. Энэ асуудалд танай нам байр сууриа илэрхийлвэл?

-Энэ бол зөвхөн хэдхэн гишүүний асуудал биш. Гэнэт өнөөдөр ч гарч ирсэн асуудал биш. Тэр дундаа зөвхөн МАН-ын асуудал. АН, МАН гэх энэ хоёр улс төрийн хүчин жилийн 20 гаруй жил ээлжилж төр барьж аль эртнээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр төсвийн мөнгийг зувчуулдаг явдлын илрэл. Авсан зээлээ өөрийн бизнест өгдөг, өөрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлүүлдэг, жинхэнэ мөнгө хүүлдэг тогтолцоо бий болсныг харуулж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэдэг бүхэл бүтэн систем болж тогтсон  гэдгийг үүгээр хардагдаж байна. АН байна уу МАН байна уу ялгаагүй аль нь гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Энэ бол зөвхөн илэрсэн ганц нь.

-Баялаг бүтээгдчийн холбоо болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид УИХ-ын гишүүд, сайд нар ЖДҮ дэмжих нэрийдлээр барин улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгөхүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал гэж үзэж байна?

-ЖДҮХС-аас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой жилийн гурван хувийн хүүтэй, урт хугацаатай зээлийг УИХ-ын нэр бүхий гишүүд авсан байна. МАН, АН-ын олон ЗГ дамжиж, олон жил үргэлжилсэн ЖДҮ дэмжих нэрийдлээр улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал.

Тодруулбал, ЖДҮХС 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг, засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага.  Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэгдэх боловч санхүү, үйл ажиллаганы тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг. Бүрэн бус мэдээгээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-нд тус тус олгож байсан.  2014 оны 6 сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолын дагуу 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас ЖДҮХС-д олгож, 2 тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн байна.  Бодлогын зээл гэх нэртэй жилийн 3 хувийн хүүтэй, 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргах тогтоолыг Ж.Эрдэнэбатын ЗГ 2016 оны 11 сард гаргаж, түр журам баталсан.

Энэ журмаар бодлогын зээлийг сонгон шалгаруулж, ЖДҮ эрхэлсэн сайд нь шийдвэр гаргахаар зааж өгсөн. 2011 онд С.Батболд Ерөнхий сайдын үед “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг баталж, сумын засаг дарга, төрийн албан хаагчид ЖДҮ, бизнесийн зээл судлан шийдвэр гаргах, хяналт тавих эрхийг олгож байсан. 2016 оны гурван сард сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолоор энэ журмыг шинэчлэн баталж байсан. Энэ мэтчилэн дээр дурдсан сангуудаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг гоё нэртэй боловч үйл ажиллагаа, санхүүгийн тайлан нь ил тод бус төсөв хөрөнгө ЖДҮ-ийг дэмжих нэрэн дор хяналтгүй зарцуулагдаж байна. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна. Тусгай зориулалтын сангууд дотор яг ийм луйвар явагдаж байгаа. Монголын санхүүгийн зах зээлийн системийг эрүүл болгоё гэвэл намуудын санхүүжилтийг ил болгох цаг нь болсон.

-Энэ сангаас хамгийн ихдээ 100 сая төгрөгийн санхүүжилт авах боломжтой гэж та сая хэлж байна. Гэтэл 900 гаруй сая төгрбг, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гишүүн, сайдын хамаарал бүхий этгээдийн компани байна шүү дээ.

-Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гуравны нэгд нь 10 сая хүртэлх төгрөг л хэрэгтэй байдаг. 30 хувьд нь 50 сая хүртэлх санхүүжилт хэрэгтэй байдаг. Нийтдээ 80 хувьд нь ердөө 100 сая төгрөгийн санхүүжилт байхад хангалттай болох нь судалгаагаар тогтоогдсон.

Гэтэл яагаад хоёр тэрбум төгрөгийн зээлийн журам гараад түүнийг нь сайд дарга нар авсан байна вэ. Энэ хэдхэн сайдын асуудал биш, улстөрийн өөрийн хүрээллийг хөгжүүлдэг тогтолцоо болсон байна.

-ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэх ямар боломж байна вэ? 

-Төсвөөс зарцуулсан олон зуун тэрбум төгрөг жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгч, санхүүжилт шаардлагатай байгаа иргэд, байгууллагуудад очилгүй, ийм байдлаар цөөн сайд дарга, тэдний хүрээлэлд үйлчилдэг санхүүгийн сүлжээ болсон гэдгийг санжхүүжилт авсан байдлаас харж болохоор байна.

Иймээс, нэр нь тодорсон хэдхэн УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцоод зогсохгүй, асуудлыг цогцоор авч үзэж, ЖДҮХС, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдийг ил тод болгож, ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэн цэвэрлэх ёстой.

Ингэж иж бүрэн шалгаж, цэвэрлэхгүй, хэдхэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрвөл цаана нь татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн хэвээр, дараагийн сайд дарга нар урьдын адил ЖДҮ-д зориулсан хөрөнгийг шамшигдуулсаар байх болно. 

-Ярилцсанд баярлалаа. 

МХЕГ: ЕБС-иуд үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцдоггүй

Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын ажлаа НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Эрүүл ахуй, халдвар хамгааллын ахлах байцаагч М.Нэргүй нар танилцуулав. Шалгалтад  120 сургууль, 129 хоолны газар хамрагдсан байна.   Хяналт, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг дурдвал. 

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, 141, 73, 51, “Шинэ-Эрин”, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль.

2. Цайны газрыг технологийн  урсгалын  дагуу зөв зохион  байгуулаагүй, бэлтгэлийн  өрөө,  агуулах,  ажилчдын  хувцас  солих өрөөгүй байгаа сургууль-БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, 47, 51, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 53, 120, 85, СХД-ийн 9,134, 129, 107, 62, 122, “Ирээдүй” цогцолборын 2-р бага, СБД-ийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, НД-ийн 109-р сургуулиуд.

3. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, СХД-ийн 107, 65, 122, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд сургууль, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан” заал, 31, 45, 71,  БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 34, 75, НД-ийн “Голомт” цогцолбор сургуулиуд.

4. Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа  23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад худалдаалж байгаа,  ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль,  СБД-ийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн  ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль,

5. Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь  цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна.  Жишээ нь: СБД-ийн 2,4,31, 35, 45, 71-р сургуулиуд

Мөн ХУД-ийн 10,114, СХД-ийн 104,  СБД-ийн 11-р сургууль, ЧД-ийн 12 дугаар ахлах сургууль, МУИС, ШУТИС, АУШУИС-ын ахлах сургууль цайны газаргүй бол шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй байна.

6. Хүнс түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй- БГД-ийн “Шинэ Эхлэл”, БЗД-ийн 83, 53, 55, БЗД-ийн цогцолбор, 33, 88, 127, 48, СХД-ийн 42, 112, 9, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд, 76, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан”, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, “Найрамдал”, ЧД-ийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 26, 135, 41, 34, 75, 32, НД-ийн “Голомт” цогцолбор, БНД-ийн 66, 125, “Гүн галуутай” цогцолбор сургуулиуд.

Шалгалтаар эрүүл ахуй, хүнсний чанар стандартын чиглэлээр нийт 847 зөрчил илрүүлж 56.7 хувийг арилгуулан, 44 байгууллагад улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 хуулийн этгээдэд 9 сая 400 төрөгний  шийтгэлийг оногдуулжээ.

Мөн “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Хөнгөлөлт 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” 2018-2019 онд хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт ирэх 11 дүгээр сарын 1-ээс эхэлж 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Шөнийн тарифын хөнгөлөлт нийслэлийн 8 дүүрэг, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хүрээнд, зөвхөн шөнийн цагаар буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно. Ингэхдээ холбогдсон техникийн хүчин чадлаас шалтгаалан 220В-ын хэрэглэгч бол сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг цахилгаан хэрэглээнд 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь, 380 В-ын чадалд холбогдсон хэрэглэгчийн хувьд сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг цахилгаан хэрэглээг 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлнө. Харин хөдөө орон нутагт сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн бүх хэрэглээг 50 хувь хөнгөлнө. 

Тэгэхээр хөнгөлөлт зөвхөн шөнийн цагаар тооцогдоно гэж журамд заасан учраас гэр хорооллын айл өрхүүд өдөр, шөнийн ялгаварт тарифт тоолууртай байх ёстой. Нийслэлийн хэмжээний гэр хорооллын нийт айл өрхүүдийн 90 гаруй хувь нь ийм тоолууртай байдаг. УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг: Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, галын аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай

УБЦТС ТӨХК шөнийн тарифын хөнгөлөлтийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу хэрэгжүүлнэ. Хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй, өдөр шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж ойлгож болно.

Хөнгөлөлтөд хамрагдах бэлтгэлийн хувьд 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, айл өрхүүд тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тиймээс ирэх 11 дүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй гэж хэлье.

Хоёрдугаарт, айл өрхүүд цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангах гэдэгт холбогдсон цахилгааны чадалдаа тохирсон хэрэглээг авах, тоолуураас байшин, сууц руугаа татсан оруулгын утас, гэр доторх цахилгааны холболт монтажууд орно. Ихэнх айл өрхийн цахилгаан хэрэгслийг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25-40 ампер буюу 2-4 кВт-аар хязгаарлагддаг. Энэ чадалдаа тохируулан ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгээс гадна халаагуураа ашиглана гэсэн үг. Тэгэхээр халаагуур худалдаж авах гэж байгаа бол өөртөө тохирсон чадалтай,үйлдвэрийн гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур сонгохыг зөвлөе. Хэт өндөр чадал шаардагддаг халаагуур аваад ашиглах боломжгүй болох вий. Гар хийцийн болон ил утастай улайсдаг халаагуур авахгүй байхыг анхааруулж байна.

Халаагуураас гадна түргэн тогоо гэх мэт өндөр чадалд ажилладаг цахилгаан хэрэгслийг ашиглах үедээ бусад цахилгаан хэрэгслээ зэрэг залгахгүй байх нь тохиромжтой.  

Хөнгөлөлт тооцох шөнийн тариф нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг. Тиймээс хөнгөлөлттэй тариф үйлчлэх шөнийн цагуудад халаагуураа ашиглах нь зүйтэй. Энэ нь цахилгаан түгээх сүлжээний техникийн боломжоос гадна тухайн өрхийн цахилгааны зардал мөнгөө хэмнэх шаардлагын аль алинд нь нийцэж байгаа юм.

Ер нь цахилгааны төлбөрөө багасгах хамгийн энгийн арга бол гэр, сууцныхаа дулаан алдагдлыг багасгах шүү дээ. Гэр, байшин дулааны алдагдал ихтэй байхад хэчнээн сайхан халаагуур залгаад цахилгааныг хэдэн зуун кВт-аар нь урсгаад ч нэмэргүй. Хангалттай сайхан дулаалга хийх зардлаа хэд дахин нугалж цахилгаан, түлшний төлбөрт өгнө гэсэн үг.

Нэг хашаанд амьдардаг өрхүүд газар эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр тоолуур, оруулгын утсаа бэлдээд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хашаандаа нэгээс дээш айл амьдарч байгаа тохиолдол хотын төв хэсгээр их байдаг. Одоогийн нөхцөлд бид хууль, дүрмийнхээ дагуу газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчтэй цахилгааны гэрээ байгуулж байна. Хэрвээманайтай гэрээтэй үндсэн хэрэглэгч хүсэлт гаргавал бусад айлын хэрэглээг тусад нь тооцох тоолуур суурилуулснаар код дээр нь нэмэлтээр бүртгэх боломжтой. УБЦТСТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярсайхан: Хэрэглэгчид нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгахад анхаараарай

Гэр, сууцныхаа цахилгааны дотоод холболт /монтаж/-ыг шалгаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, ямар ч гэмтэлгүй, аюулгүй болгосон байх шаардлагатай. Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Оруулгын утсаа халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй.

Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй. Олон залгаастай утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлээрэй. Дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгана. Ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь тухайн өрхөд санхүүг хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангахад маш том нөлөөтэй.

Өнгөрсөн өвөл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад гарч байсан нийтлэг зөрчлүүдээс дурдвал айл өрхүүдийн оруулгын утаснууд олон залгаатай, хоорондоо тохирохгүй утаснуудыг залгаж татсан, гэр, сууц доторх цахилгааны холболтыг хийхдээ ачаалал даахгүй, буруу утас сонгосноос гал гарах дөхсөн, зарим нь галын аюулд өртсөн, гэр хороололд байрлах авто угаалгын газар, дугуй засвар зэрэг жижиг хэмжээний үйлдвэр, үйлчилгээ хувиараа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд объектынхоо дотор холболт буюу монтажийг маш замбараагүй хийсэн, олон тооны уртасгуурыг бие биенээс нь дамжуулан залгаж хэрэглэсэн зэрэг зөрчлүүд их байсан.

Хөнгөн цагаан, зэс утас хэдийгээр гүйдэл дамжуулдаг боловч хооронд нь мушгиж холбоод, тусгаарлах лентээр ороох байдлаар залгах нь гал гарах маш өндөр эрсдэлийг бий болгодог. Хөнгөн цагаан, зэс судалтай хоёр утсыг хооронд нь холбоход хөнгөн цагаан утас нь исэлдэж, эсэргүүцэл нь ихэссэнээр дулаан ялгарч хална, улмаар гал гарах аюул үүсдэг.
 
Авто угаалга, дугуй засвар зэрэг үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд нь хэдийгээр зөвшөөрөл авч, холбогддог ч объект доторх холболтыг аюулгүй байдлаа хангах хэмжээнд хийж чадахгүй байна. Дээр нь цахилгааныг зөвшөөрөгдсөн ачааллаас хэтрүүлж хэрэглэдэг, дур мэдэн автоматын чадлыг томруулдаг, маш олон стандартын бус уртасгуур ашигладаг, дулаан их алддагаас өндөр чадлын цахилгаан халаагуурыг тасралтгүй ашигладаг зэргээс галын аюул гарахад ойрхон байдаг. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, дотор монтажаа аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж хийхийг уриалмаар байна.

Дээр нь гэр хорооллын айл өрхүүд нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгах, хэрвээ залгаас хийх зайлшгүй шаардлагатай бол тусад нь щит байрлуулж, ачаалалдаа таарсан автомат тавиулах байдлаар шийдэхийг зөвлөж байна.

Таканоива А.Баасандорж Харүмафүжигээс хохирлын мөнгө нэхэмжилсэн шийдвэрээсээ татгалзжээ

Монголын сүмоч Таканоива А.Баасандорж ёкозүно Харүмафүжи Д.Бямбадоржоос 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилж, шүүхэд байсан билээ. Тэгвэл  Таканоива А.Баасандорж Харүмафүжигээс хохирлын мөнгө нэхэмжилсэн шийдвэрээсээ татгалзжээ. Тэрбээрн Монголд байгаа гэр бүлийнх нь багагүй доромжлол амсч байгаа тул ийм шийдвэр гаргахад хүрсэн гэжээ. 

ЖДҮХС-аас зээл олгосон албан тушаалтныг шалгуулахаар хэрэг нээж, АТГ-т шилжүүлжээ

ЖДҮХС-аас хамаарал бүхий компани нь зээл авч, баримтаар нотлогдож буй УИХ-ын гишүүд, сайд нарын буухиа үргэжилсээр байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Прокурорын Газраас "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд нийтлэгдээд буй “...Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас  зээл авсан иргэдийн нэрсийг зарлаад байна” гэсэн  утга бүхий мэдээллүүдийг хянаад ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзжээ.

Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна" хэмээн мэдээллээ.

Дээрх хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд цаашид Нийслэлийн прокурорын газраас хяналт тавина гэв.

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар

Эмэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн эрхийн төлөө барилдана

Ц.Ганболд дасгалжуулагчтай хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр өнөөдөр Тажикстан улсыг зорилоо.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай "А" хэсэгт хүч үзнэ.

Тэмцээний эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 04-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтоо 08-нд Тайваний багтай хийх хуваарьтай байна.

Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой юм.

Их хэмжээний валютыг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгахад БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь илэржээ. Зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.

УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг зөвшилцөх тухай саналаа өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр (2018.10.29) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.

Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амалсан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг олгосон. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа хэмээн дурджээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасан.

    Иймд Улсын Их Хурал бүрэн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна хэмээн дурдсан байна.

    Зөвшилцөх тухай саналыг өргөн барихад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар байлцлаа.

Алга болсон хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоо траншейнаас олжээ

Энэ сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон билээ. Тухайн  үед холбогдох байгууллага хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Хоёр хоногийн дараа буюу 29-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнх нь ойролцоо траншейнаас хүүгийн цогцсыг олсон байна.

Одоогоор хэргийг харьяа газрын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.  

Алга болсон БНХАУ-ын иргэдийг хүч нэмэгдүүлэн хайж байна

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос сураггүй алга болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хүч нэмэгдүүлэн хайж байна.

БНХАУ-ын харьяат иргэн 25 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй иргэн Г нар 10 сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдаж, 10 сарын 28-ны өдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн Ар голын-Эх гэдэг газраас Байцын хад гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг Нуурт хөндий гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Шимийн-Агь гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй харанхуй болсон учраас 20 цаг 30 минутад түр зогсоосон байна.

Улмаар эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Хатгал тосгоныг зорьжээ.

Ц.Амарболд дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн уралдаанд түрүүлэв

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийн эзэн болсон юм.

Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, "Шилдэг басс" хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байжээ.

Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна. 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment