8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Найдалаа: ЖДҮХС улстөрийн өөрийн хүрээллийг хөгжүүлдэг тогтолцоо болсон

2018-10-30 09:08:00

ХҮН-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа. 

-Сүүлийн үед ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд өөрсөддөө зориулж зээлийн журам гаргаж, жижиг дундад биш том зээлийг маш бага хүүтэй авсан тухай шуугиан дэгдээд байна. Энэ асуудалд танай нам байр сууриа илэрхийлвэл?

-Энэ бол зөвхөн хэдхэн гишүүний асуудал биш. Гэнэт өнөөдөр ч гарч ирсэн асуудал биш. Тэр дундаа зөвхөн МАН-ын асуудал. АН, МАН гэх энэ хоёр улс төрийн хүчин жилийн 20 гаруй жил ээлжилж төр барьж аль эртнээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр төсвийн мөнгийг зувчуулдаг явдлын илрэл. Авсан зээлээ өөрийн бизнест өгдөг, өөрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлүүлдэг, жинхэнэ мөнгө хүүлдэг тогтолцоо бий болсныг харуулж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэдэг бүхэл бүтэн систем болж тогтсон  гэдгийг үүгээр хардагдаж байна. АН байна уу МАН байна уу ялгаагүй аль нь гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Энэ бол зөвхөн илэрсэн ганц нь.

-Баялаг бүтээгдчийн холбоо болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид УИХ-ын гишүүд, сайд нар ЖДҮ дэмжих нэрийдлээр барин улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал гэж үзэж байна?

-ЖДҮХС-аас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой жилийн гурван хувийн хүүтэй, урт хугацаатай зээлийг УИХ-ын нэр бүхий гишүүд авсан байна. МАН, АН-ын олон ЗГ дамжиж, олон жил үргэлжилсэн ЖДҮ дэмжих нэрийдлээр улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал.

Тодруулбал, ЖДҮХС 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг, засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага.  Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэгдэх боловч санхүү, үйл ажиллаганы тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг.Бүрэн бус мэдээгээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-нд тус тус олгож байсан.  2014 оны 6 сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолын дагуу 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас ЖДҮХС-д олгож, 2 тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн байна.  Бодлогын зээл гэх нэртэй жилийн 3 хувийн хүүтэй, 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргах тогтоолыг Ж.Эрдэнэбатын ЗГ 2016 оны 11 сард гаргаж, түр журам баталсан.

Энэ журмаар бодлогын зээлийг сонгон шалгаруулж, ЖДҮ эрхэлсэн сайд нь шийдвэр гаргахаар зааж өгсөн. 2011 онд С.Батболд Ерөнхий сайдын үед “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг баталж, сумын засаг дарга, төрийн албан хаагчид ЖДҮ, бизнесийн зээл судлан шийдвэр гаргах, хяналт тавих эрхийг олгож байсан. 2016 оны гурван сард сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолоор энэ журмыг шинэчлэн баталж байсан. Энэ мэтчилэн дээр дурдсан сангуудаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг гоё нэртэй боловч үйл ажиллагаа, санхүүгийн тайлан нь ил тод бус төсөв хөрөнгө ЖДҮ-ийг дэмжих нэрэн дор хяналтгүй зарцуулагдаж байна. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна. Тусгай зориулалтын сангууд дотор яг ийм луйвар явагдаж байгаа. Монголын санхүүгийн зах зээлийн системийг эрүүл болгоё гэвэл намуудын санхүүжилтийг ил болгох цаг нь болсон.

-Энэ сангаас хамгийн ихдээ 100 сая төгрөгийн санхүүжилт авах боломжтой гэж та сая хэлж байна. Гэтэл 900 гаруй сая төгрбг, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гишүүн, сайдын хамаарал бүхий этгээдийн компани байна шүү дээ.

-Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гуравны нэгд нь 10 сая хүртэлх төгрөг л хэрэгтэй байдаг. 30 хувьд нь 50 сая хүртэлх санхүүжилт хэрэгтэй байдаг. Нийтдээ 80 хувьд нь ердөө 100 сая төгрөгийн санхүүжилт байхад хангалттай болох нь судалгаагаар тогтоогдсон.

Гэтэл яагаад хоёр тэрбум төгрөгийн зээлийн журам гараад түүнийг нь сайд дарга нар авсан байна вэ. Энэ хэдхэн сайдын асуудал биш, улстөрийн өөрийн хүрээллийг хөгжүүлдэг тогтолцоо болсон байна.

-ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэх ямар боломж байна вэ? 

-Төсвөөс зарцуулсан олон зуун тэрбум төгрөг жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгч, санхүүжилт шаардлагатай байгаа иргэд, байгууллагуудад очилгүй, ийм байдлаар цөөн сайд дарга, тэдний хүрээлэлд үйлчилдэг санхүүгийн сүлжээ болсон гэдгийг санжхүүжилт авсан байдлаас харж болохоор байна.

Иймээс, нэр нь тодорсон хэдхэн УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцоод зогсохгүй, асуудлыг цогцоор авч үзэж, ЖДҮХС, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдийг ил тод болгож, ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэн цэвэрлэх ёстой.

Ингэж иж бүрэн шалгаж, цэвэрлэхгүй, хэдхэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрвөл цаана нь татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн хэвээр, дараагийн сайд дарга нар урьдын адил ЖДҮ-д зориулсан хөрөнгийг шамшигдуулсаар байх болно. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ХҮН намыг дэмжиж байна.
2018/10/30 66.181.185.54
  • Recent
  • Most Read
  • Most Comment