2018 оны тавдугаар сарын 21, 22-нд “Монголын эдийн засгийн форум 2018” “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд болох гэж байна.
Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд чиглэлдсэн энэхүү арга хэмжээг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн.
2018 онд “Монголын эдийн засгийн форум”-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болж Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан. “Монголын эдийн засгийн форум” энэ удаагийн чуулганаар “Монгол Улсын хөгжлийн загвар”, “Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвээр нэгдсэн хуралдаан , “Аж үйлдвэрийн IV хувьсгал” “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол улсын брединг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл баялагийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Эдийн засгийн форум зохион байгуулахтай холбогдуулан http://mef2018.mn/ сайтыг нээн ажиллуулах юм байна. Мөн тусгай апплейкшн ажиллуулах юм байна. Энэ апп болон сайтаар дамжуулан форумын шууд дамжуулалтыг үзэж асуултаа илгээх боломжтой аж.
Энэ талаар хуралдаан зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах, бизнесийн ажил хэрэгч байдлаар хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн чуулганы уулзалтыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна. Чуулганаар "Монгол Улсын хөгжлийн загвар, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого" сэдвээр нэгдсэн хуралдаан, "Аж үйлдвэрийн IV хувьсгал, Төр, хувийн хэвшлийн түншлэл" нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бдолого, МУ-ын брендинг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижилтал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард "Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг" сэдвийн дор Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", "Татварын хуулийн шинэчлэл" зэргийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд татварын хуулиа өргөн барьж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх зэрэг олон дэвшилтэд шинэчлэлийг авчрах төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар олон эерэг үр дүн гарна" гэв.
Мөн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав “Манай танхим энэ форумд анхнаасаа идэвхтэй оролцож ирсэн. Энэ удаагийн форумд хөрөнгө оруулагч, төр, хувийн хэвшил талаас түншлэлийг бататгахаар оролцож байна. Эдийн засаг эрчимтэй унасан. Сүүлийн нэг жил л 5.1 хувийн нэмэхтэй гарч байна. Ойрын хоёр жил 6-7 хувьд өсөлтийг барих байх. Тиймээс энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн санхүүжилтын ил тод байдал, авлигагүй байх талд асуудлыг тавина. Мөн Нийтийн сангийн мөнгөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтуудад анхаарлаа хандуулна. Үүнийг тойрсон авлига хээль хахууль, түшмэдийн 10 хувь гэх зэргийг арилгах бодлогоо форумын үеэр тавина. Нийт аж, ахуй нэгжүүд иргэийн маань цуцалтгүй хөдөлмөрөөр бизнес сэргэж байгаа. Гэтэл Зөрчлийн хууль гэх маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон байна. Энэ бол авлигалын үүд хаалгыг нээж өгч байна. Цаашлаад бүх бизнесийг зогсоож, нийтийн мөнгөний санхүүжилтын ил тод байдлыг хувиарласан нэртэйгээр үгүй хийх арга байна. Нөгөөтэйгүүр, ОУВС, бусад донор орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалт нь манай монголчуудын ерөнхий ашиг, манай улсад үйлчилж буй зах зээлийн зарчмыг барьж байна уу гэдэгт өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж оролцоно. Төр засгийнхан харилцан ярилцахаар орж ирж буй бол маш анхаарлаа хандуулж, сэтгэл гаргаж оролцох ёстой. Би “Дарга нар чинь гарч явах юм бол бид бизнесмэнүүдээ аваад гарна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бэлэг тэмдэг болгох гэж хэдэн хүн суулгаагүй. Яг түүнтэй адил сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаасаа ярьж явж байгаа. Найман жилийн өмнө улс орны эдийн засаг болон бусад асуудлаа Төрийн ордны гадна талд ярьдаг байлаа. Харин одоо Төрийн ордонд орж ярилцдаг болсон. Цаашдаа Засгийн газрын ч юм уу эсвэл нэг эрх мэдэлтний дуу хоолой болгож энэ форумыг ашиглуулахгүй” гэлээ.
Т.Хулан