Хараат бус бие даасан “Сантмарал” сан Монгол орны нийгэм эдийн засгийн байдлын талаар ээлжит судалгаагаа хийжээ. Энэ удаагийн судалгаа нь 2018 оны 3 сарын 15-наас 4-р сарын 2-ний өдрийн хоорондох үеийг хамарч байна. Харин түүврийн хувьд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн иргэдийг нь хамруулжээ.
Ингээд тайлбараа орхиж, судалгааны дүнд анализ хийе.
“Сантмарал” сангийн судалгааны хамгийн амттай бөгөөд сонирхолтой асуулт нь шилдэг улс төрчдийг нэрлэхэд чиглэгддэг. Энэ удаагийн улс эх орны хэмжээний шилдэг улс төрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлжээ. Түүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувь, С.Жавхлан 12.6 хувь, Р.Амаржаргал 8.5 хувь, Ц.Нямдорж 8.5 хувь, Б.Жаргалсайхан 5.8 хувь, Ж.Батзандан 5.6 хувь, Б.Бат-Эрдэнэ 3.6 хувиар эхний арван байрыг эзэлжээ. Энэхүү судалгааг хийх үед Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах саналыг гаргаж олон нийтийн дунд дуулиан, шуугиан тарьсан учраас түмний нүдэн дээр ил байжээ. Түүнээс биш Монголын шилдэг улс төрчдийг Х.Баттулга тасарч тэргүүлнэ гэдэг явцуу хэрэг болно. Харин Н.Энхбаярт хоёрт жагсах шалтгаан бий билүү.
Түүнд сүүлийн хэдэн жилд хийж, бүтээсэн ажил бий билүү. Сиймхий гарвал улс төрд орж ирэхээр анаж суугаа түүнийг ард түмэн үнэлсээр л байгаа нь эндээс харагдаж байна. Сүүлд намаасаа УИХ-д сууж буй ганц гишүүн О.Баасанхүүтэй намын даргаа булаацалдаж, бужигнасан тэрбээр заргалдсаны эцэст МАХН-ын даргадаа үлдэж чадсан. Гэхдээ түүний нам өнөөдөр гялайж, гялтайгаад байх зүйлгүй л байна.
Харин гуравдугаарт бичигдсан С.Ганбаатар Шинэ үндсэн хуульд ард түмний саналыг авна хэмээн орилж яваа нь улс төрчийн дүрээр гялтайж байсан юм. Энэхүү “гэрэлд гарах” үе нь судалгаа хийх хугацаатай давхцсан учраас ингэж дээгүүр цахилсан байх үндэслэлтэй.Бусад улс төрчдийн хувьд эргэлзэж гайхаад байх юм алга. Жижүүрийн гэдэг шиг судалгаа бүрт л эхний аравт эргэлддэг хүмүүс байна.
Энэхүү томоохон судалгаанаас нэг онцгой зүйл харагдаж байна. Энэ нь АН-аас ойрын хэдэн жилд багтаагүй тооны хүн эхний 10-т багтжээ. Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан нарын гишүүд энэ удаад шилдэг улс төрчдийн жагсаалтад орж ирсэн байна. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнийн сураг ч алга нь анхаарал татна. Гэтэл МАН-ын дарга У.Хүрэлсүх дөрөвт эрэмбэлэгджээ. Түүнээс гадна МАН-аас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын шилдэгт багтсан байна. Сонирхолтой нь шилдэгүүдэд С.Ганбаатар, Н.Энхбаяр, С.Жавхлан, Б.Жаргалсайхан гээд гуравдахь хүчний орон зайг төлөөлж байгаа дөрвөн эрхэм шилдэг аравын 50 хувийг эзэлж байна. Ирэх сонгуульд гурав дахь хүчний орон зай байгааг өгүүлсэн хэрэг юм. Манай сонгуулийн хууль ч тэдэнд боломж олгож байгааг бас дурдъя.
“Сантмарал” сангийн уламжлалт асуулт болох “Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болвол та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэдэгт судалгаанд оролцогчдын 41.5 хувь нь АН-ын төлөө, 38.8 хувь нь МАН-ын төлөө, 16.1 хувь нь МАХН-нд, 1.5 хувь нь ИЗ-НН-д, 2.2 хувь нь өөр намд өгнө гэжээ. МАН болон АН-ын хувьд рейтинг бараг л ойролцоо, аваатай өгөөтэй гэсэн үг. Гэхдээ эрх баригч МАН-ын рейтинг унаж буйг харж болно. Энэ нь ирэх сонгуулиар АН олон болж болно шүү гэдэг сануулга. Хэрвээ МАН-ынхан дотроо хэмлэлдэж, хэрэлдээд хийсэн ажилгүй 2020 он хүргэвэл АН-ын өнөөдрийн түүхийг үргэлжлүүлнэ. Цаашлаад Засгийн газраа дахин унагавал ирэх сонгуульд ухсан нүхэндээ өөрсдөө унаж амаа шороо үмхэх нь тодорхой юм. Тэгэхээр МАН бодлогын түвшний ажлуудаа эхлүүлж ажлаа түргэвчлэх цаг болсон байна. Хөдөөгийн сонгогчдын олонхи нь МАН-д итгэлээ өгч уламжлалаа хадгална гэдгээ илэрхийлжээ. МАХН-д 16.1 хувьтай байна гэдэг бол өндөр үзүүлэлт билээ. Энэ нь сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрын дүр зураг харагдаж буй юм.
Мөн судалгаагаар “Тулгамдсан асуудлыг аль нам нь шийдэж чадах вэ” гэх асуултад 11.1 хувь АН гэсэн бол 9.6 хувь нь МАН гэжээ. Тэгэхээр салхи эргэж АН-д нэмэх оноо нээгдсэнийг улс төр гадарладаг хүмүүс яриад байгаа нь батлагдлаа.
Өөр нэг сонирхолтой асуудал Монголд ямар засаглал тохирох вэ гэх асуулт. Уг асуултад нийт судалгаанд оролцсон иргэдийн 60.6 хувь нь намуудын нөлөөллийг багасгасан Ерөнхийлөгчийн засаглал гэжээ. Тэгэхээр улс төрийн намуудад итгэх итгэл унаж байна гэсэн үг. Судалгаанд оролцогчдын дийлэнхи нь буюу 69.4 хувь нь сонгуулийн хувьсгал хийх цаг болсныг сануулжээ. Тэгсэн мөртлөө шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулийг эрхэм гишүүд ашиг сонирхолдоо нийцүүлсэн гэж 44.3 хувь нь үзсэн бол дөнгөж 5.4 хувь нь ард түмний эрх ашигт тааруулсан гэжээ. Энэ мэт ойлгомжгүй, зөрчилтэй зүйлүүд ч “Сантмарал”-ын судалгаанаас ажиглагдаж байна.
Уг судалгаагаар өнөөгийн улс төрийн байдалд олгархийн бүлэглэлүүдэд дэндүү их эрх мэдлийг оногдуулж байна, хүнд суртал, авлигал хээл хахууль жирийн иргэдэд дийлдэгдэхгүй болсон, бүх зүйл шударга бус болсон, УИХ-ын гишүүд намуудын удирдлагууд сонгогчидоосоо дэндүү их хөндийрсөн, баян хоосны ялгарал нь үймээний эх үүсвэр болно зэрэг анхаарал татсан асуудлууд ч уншигдаж байна. Мөн Монголын нийгэмд ажилгүйдэл их болж иргэд ядуурч байна, эдийн засгийн үзүүлэлтүүд унаж гэж дүгнэсэн байна. Ингээд судалгааны бүрэн эхтэй танилцана уу.
http://santmaral.mn/sites/default/files/SMPBM18.pdf