АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал авч тодруулахаар саналыг нь авч байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын хуульчдын үзэж буйгаар одоогийн дарга нь хүний оронд томилогдсон учраас үүрэгт хугацаан нь дууссан гэж буй. Тиймээс түүний орны хүнийг сонгохоор олон нийтээс саналыг авч байна хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин УИХ-ын зарим гишүүд уг үйлдлийг хууль зөрчсөн хэмээн дүгнэж байгаа юм. Санал асуулгын дүнд АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д санал оруулах юм. Гэхдээ ард түмний сонгосон хүн нь хэн байх вэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэг дагуулж буй. Ерөнхийлөгч олон нийтийн саналаар далимдуулан өөрийн хүнийг АТГ-ын даргаар сонгох нь уу гэсэн хардлага ч зарим хүнд байгаа юм. Мөн АТГ-ын даргыг томилохын тулд иргэдэд таалагдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа нь төрийн тусгай албаны үнэлэмжийг бууруулж байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна. Ерөнхийлөгч тус газрын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д оруулах бүрэн эрхтэй. Үүний дагуу хэнийг томилох нь УИХ-ын бүрэн эрх юм. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэж буйг нь тодрууллаа.
Олон нийтээс санал авах нь хуулийн зөрчилд орохгүй. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг УИХ-д санал оруулах бүрэн эрхтэй. Ингэхдээ олон нийтийн санаа бодлыг л тусгах гэж хичээж байгаа юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, үүнтэй хатуу тэмцэх цаг болсныг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Энэ шийдвэр хоёр талтай байж болно. Нэг талдаа сайн буюу нэр дэвших боломжтой хүмүүсийг олон нийтийн саналаар гаргаад ирж болох юм. Хуулийн шаардлага хангасан, олон түмэнд танигдсан хүмүүсийг гаргаад ирвэл их сайн. Харин буруу байж болох тал нь сошиал орчинд сөрөг тал олон бий. Тодруулбал, хуурамч хаягтай хүн олон болсон учраас зохиомол нэр дэвшилт хийж, энэ санал асуулгад нөлөөлөх магадлалтай.Эцсийн дүндээ олон нийтийн санал асууна гэж байгаа нь энэ асуудалд олны анхаарлыг татах гэсэн санаа юм болов уу гэж харсан. Мэдээж санал асуулгаар тодруулсан хүний нэрийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирнэ. Ингэж байж эцсийн шийдвэр гарна шүү дээ. АТГ-ын дарга болох хүнд хуулиар тогтоосон босго маш өндөр. Мэргэжлийн болон ажлын туршлагын төдийгүй улс төрөөс ангид байх ёстой зэрэг тодорхой шалгуур бий. Тиймээс энэ шалгуурыг хангах хүний тоо цомхон байх болов уу. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн санал асуулгын эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцээс төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой гаргасан нэг дүгнэлт бий. Энэ нь хоёрдмол байдал үүсгээд байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч хуулийн гаргалгаагаа тооцоод дараагийн даргын нэр дэвшүүлэх процессыг эхлүүлсэн юм болов уу гэж ойлгож байгаа.
АТГ-ын даргыг хэрхэн яаж тодруулах вэ гэдэг тухайд бие даасан хуультай юм шүү дээ. Тэгэхээр энэ процессыг хуулийнхаа дагуу дүрэм журмаараа зохицуулах ёстой. Гэтэл Төрийн тэргүүн маань олон нийтийн санаа бодолд нийцүүлэхийн тулд санал асуулга явуулна гээд дур зоргын зүйл яриад байж болохгүй шүү дээ. Хэрвээ асуудалд энэ мэтээр зур зоргоороо ханддаг болчихвол хууль, дүрэм журам гэж байгаад яах юм. Авлигын эсрэг хуульд энэ талаар маш тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэдэг заалт байхгүй шүү дээ. Монголчууд ярьдаг биз дээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж. Гэтэл хэн дуртай нь хүссэн албан тушаалдаа очоод суучихдаг болчихвол төр засгийн хэрэг байхгүй болно биз дээ. Одоогийн даргын үүрэгт хугацаа дууссан эсэхэд маргах шалтгаан огт байхгүй. Энэ талаар мөн л Авлигын эсрэг хуульд тодорхой заалт бий. АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин одоогийн дарга Х.Энхжаргалын 2016 оны долоодугаар сарын 8-нд УИХ-аар томилсон шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаа дуусаагүй. Ийм байхад дараагийн даргын асуудлыг хөндөөд, олон нийтээс санал асууна гээд байж болохгүй.
АТГ-ын даргын хувьд мэргэжлийн ур чадвар өндөртэй хүн байх ёстой. Хуулийн шаардлагыг бүрэн хангаснаас гадна нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг энэ албан тушаалд томилох ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлээд байгаагаар олон нийтээс санал асууна. Хүссэн хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой болчихож байна шүү дээ. Хүссэн хүн бүр АТГ-ын даргад тавигдах хуулийн шалгуурыг хангах уу үгүй гэдэг эргэлзээтэй. Жишээлбэл, би хуулийн шаардлага хангасан гээд нэг дуучин нэрээ дэвшүүлээд олон нийтээс хамгийн өндөр санал аваад ороод ирвэл яах вэ. Гэтэл ийм хүн хууль сахиулах салбарын үйл ажиллагааг удирдаж чадах уу. “Энэ дууг хэн сайн дуулах вэ” гэдэг шоуны ялагч тодруулах гэж байгаа юм огт биш шүү дээ. Ийм байж хэрхэвч таарахгүй. Төрийн тусгай албаны даргыг тодруулахдаа цахимаар олон нийтийн санал асууна гэдэг байж боломгүй хэрэг. Үүний цаана хууль, хүчний салбарт олон жил зүтгэсэн, дадлага туршлагатай төрийн тусгай албаныхны нэр хүнд явж байгааг мартаж болохгүй. АТГ-ын даргыг тодруулахдаа зөвхөн хуулиа л баримтлах ёстой. Хуулийг хэн сайн сахиулж чадах юм, хуулийн шаардлагыг хэн хангаж байгаа юм, ийм хүнийг л АТГ-ын даргаар томилох учиртай. Энэ байгууллагыг удирдана гэдэг чинь миссийн тэмцээний ялагч тодруулахаас тэс өөр зүйл шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуулиараа тийм боломжгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ.
Ж.Мөнхбат: Энэ талаар мэдээлэлгүй байна. Ер нь бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал шүү дээ.