Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар яаралтай горимоор Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, нэг хүний саналын зөрүүтэйгээр татах асуудал дэмжигдсэн. Ж.Амарсанааг эргүүлэн татахыг хүссэн өргөдлийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Уг өргөдөлд “УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 19-ний нэгдсэн хуралдаанаараа ҮХЦ-д өөрчлөлт оруулах тухай, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Гэтэл ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа нь 2016 оны нэгдүгээр сарын 20-нд ҮХЦ-д УИХ дээрх хуулиудын эцсийн найруулгыг сонсож, ёсчлохыг зөвшөөрч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээгүй, Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хориг тавих эсэхээ шийдээгүй, Төрийн мэдээлэл-д нийтлээгүй байхад ҮХЦ нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээжээ.
Гэвч түүнийг хүчин түрэн огцруулахаар улайрч байгаа нь эхнээсээ хууль бус байна гэдгийг УИХ-ын гишүүд сануулсаар байна. Тодруулбал үүнийг огцруулах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэгийн тухай хуулийг зөрчиж асуудлын дараалалд ороогүй байхад хуралдааны дэг зөрчин гэнэт оруулж ирэн хэлэлцүүлсэн. Хуулиараа бол гурав хоногийн өмнө гишүүдэд хэлэлцэх асуудлыг танилцуулах ёстой аж.
Түүнчлэн хуульд Үндсэн хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүнийг гурван тохиолдолд эргүүлэн татах хуултай. Нэгд, Цэцийн гишүүн өөрөө хүсэлт гаргавал. Хоёрт, Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогвол, гуравдугаарт хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогвол Цэцийн гишүүнийг эргүүлэн татах хуулийн заалттай. Гэвч Ж.Амарсанаа хүсэлт гаргаагүй, гэмт хэрэгт холбогдоогүй, хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдоогүй тул үүнийг УИХ-ын дарга З.Энхболдын явуулга гэдгийг олон хүн хэлж байна. Өөрөөр хэлбэл ҮХЦ-д маргаан үүсгэсэн тухай албан бичиг УИХ-ын даргад илгээсэнийхээ төлөө ҮХЦ-ийн дарга ажилгүй болж магадгүй нь.
Гэвч ийм үйлдэл хийхийг нь З.Энхболд анаж байсан мэт дараагийн Цэцийн бүрэлдэхүүн аль хэдийнэ яригдаад эхэлчихэж. Учир нь УИХ Ж.Амарсанааг буулгаж чадвал түүний оронд Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох гэнэ. АН-ынханаас Цэц орох хүсэлтэй хүмүүс цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд л хууль Г.Нарангэрэл УИХ-ын гишүүн Ж.Тэмүүжинг Цэц-д орохоор санаархаж байгаа тухай ярилцлагандаа дурдсан байдаг.
Гэхдээ УИХ-ын даргын энэ санаархал бүтэх магадлал бага юм. Ж.Амарсанааг хүчээр чөлөөллөө гэхэд Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө. Мөн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаагаар ҮХЦ-д маргаан үүсэх боломжтой. Тиймээс энэ асуудал цааш сунжирах магадлал өндөр байгаа юм .