БАЙР СУУРЬ
Банкны тухай хууль болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газраас зарим татварыг нэмсэн асуудлыг эргэн харна гэх мэдээллийг өгч байгаа. Татвар нэмэхээс бусдаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байгаагүй юу?
-Татвар нэмсэн асуудлыг эргэн харах боломж Засгийн газарт бүрэн бий. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгох ёстой гэх шаардлагыг валютын сангаас тавьсан. Гэтэл 2018 оны улсын төсөв батлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлаар валютын сантай ярилцсан гэсэн. Тэгэхээр татварын нэмэгдлийн асуудлыг дахин ярилцахад болохгүй зүйлгүй. Бид олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод тодорхой хугацаа өнгөрсөн. Мөн эхний гэрийн даалгавруудаа хийчихсэн. Тийм болохоор одоо эдийн засагт үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд харилцан ойлголцох боломж бий. Энэ бол Сангийн сайдын хэр ажиллахаас шалтгаална.
- Сая чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр зээлийн хүүг бууруулах заалт унасан байна. Энэ заалт ямар учир шалтгаанаар уначихав?
- Энэ асуудлыг хэлэлцэх үеэр би их бухимдлаа. Банкны хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд би гурван зүйлийг хэлж байсан. Тодруулбал, банк санхүүгийн орчныг сайжруулах, банк дэргэдээ охин компани байгуулж бизнес хийдэг байдлыг зогсоох, хүүгийн дарамтыг бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ заалтууд уг хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн хуулинд орж ирсэн ч харамсалтай нь хасчихлаа. Байнгын хорооны хурлаас буцаасан байна. Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна.
Банкны хуулийг сайжруулах, банк санхүүгийн орчныг сайжруулж хүүг бууруулах асуудлыг ярих бүрт банкны эзэд нийлж нэг баг болж тав, гурван төгрөг босгон ийш тийшээ ханддаг. Хэвлэлийнхэнд ч нөлөөлдөг. Тэд "Үндэсний аюулгүй байдал хэцүүдэж, банкууд дампуурлаа" гэх зүйлийг ярьдаг. Ингэж ярьсаар 20 гаруй жил боллоо. Үүний үр дүнд Монгол улс дэлхийд байхгүй 25 хувийн хүүтэйгээр зээл олгож байна. Мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан. Үүнийг таслан зогсоох ёстой.
Банкны хуулиар Монгол банкинд бүх эрх мэдлийг өгөх боломж байсан. Монгол банк валютын ханшаа тогтоодог, мөнгөний бодлогоо барьдаг мөн УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулиар тодорхой хэмжээнд босго тавиад зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах боломж байсан. Хоёр жилийн өмнө Монгол улсын тэтгэвэр, цалин авагчдын 83 хувь зээлтэй байсан. Малчдын 86 хувь нь мөн зээлтэй байсан. Аж ахуй нэгжүүдийн 72 хувь банкны зээлтэй. Үүнээс нь гарах хэрэгтэй гэж бид ярьж байсан шүү дээ. Үүнээс гарах боломжийг өнөөдөр алдлаа. Банкны том нөлөө орлоо гэж харж байна. Би банкны хүүг бууруулах хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ. Хадгаламжийн хүүг бууруулах, гаднаас орж ирэх мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулах, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь оруулж ирнэ гээд л хэлэлцэлгүй хасчихлаа шүү дээ. Хэзээ ч хэлэлцэх юм бүү мэд.
- УИХ-д хувьдаа банктай хичнээн УИХ-ын гишүүн байдаг вэ?
- Нилээн хэд байдаг байх. Ер нь банктай холбоотой хуулийг хэлэлцэхэд банктай гишүүдийг ажлын хэсэгт оруулахгүй байх ёстой юм байна.
- Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдөөд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
- Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ мэддэг байсан. Үлдсэн 51 хувийн 20 гаруй хувийг нь сангийн яам мэддэг байсан. Үлдсэн 20 гаруй хувийг нь Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэддэг байлаа. Энэ нь төрийн өмч эзгүйдэх, хариуцлагын систем алдагдах нөхцөл байдлыг бий болгоод байсан юм. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ийм нөхцлөөр ажилладаг байсан. Харин манай Засгийн газар үүнийг нь болиулаад 51 хувийг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн.
- Эрдэнэт үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа. Энэ боломжтой гэж та үзэж байна уу?
- Шийдвэр гаргасан Засгийн газрын сайд нараас асуух нь зүйтэй болов уу.
Т.Хулан