8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Лхагвасүрэн: Монгол орны нутгаас Хүн гүрний үеийн томоохон бичээс анх удаа олдлоо

2017-08-10 08:49:00

Чингис хаан дээд сургуулийн зөвлөх багш, түүхч, профессор Б.Балжинням,“Чингис хаан”дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэн нар Хүннү гүрний үеийн эртний ховор бичээсийг тайлж уншсан байна. “Чингис хаан” дээд сургуулийн ахмад, дунд, залуу үеийн судлаачид эртний хятад ханз үсэг судлалаар Хятад Улсад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран судалгаа хийсэн юм байна. Хоёр орны судлаачид Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн ажээ. Энэ талаар бид Чингис хаан” дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэнгээс түүхэн бичээсийн талаар мэдээлэл авлаа. 
 

-Та бүхэн чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Чингис хаан дээд сургууль Өвөрмонгол их сургуулийн багш нартай хамтарч түүхэн бичээс илрүүллээ. Эртний ханз үсэг судлалаар Хятадад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүллээ. Энэ бичээс эртний түүхэн үйл явдлыг бичсэн бичээс байна. Энэ бичээсэнд Өмнөд Хүннү, Умард Хүннү байлдсан тухай, хэрхэн байлдсан тухай, мөн хэн удирдсан хэдий хэмжээний хор хохирол гарсан талаар бичсэн байна. Энэ бичээсний ач холбогдол нь юунд байна гэвэл эвтэй байгаагүйгээсээ болж хоорондоо эвдрэлцэж, нэг орон, нэг үндэстэн хоорондоо дайтаж, нэгнийгээ хороож байсныг бодитойгоор тэмдэглэснээрээ онцлогтой. Монгол орны нутгаас Хүн гүрний үеийн томоохон бичээс анх удаа олдлоо.  Энэ бичээсийг эртний Зүүн хань улсын бичгээр бичсэн байна. Бидний өвөг дээдсийн анхны байгуулсан төрт улс бол Хүннү. Энэ улс маань хоорондоо эвдрэлцэж Умард Хүннү, Өмнөд Хүннү гэж салсан. Өнөөгийн байдлаар Хүннүгийн судалгааны талаар зуун жилийн хугацаанд 1,000 гаруй ном бичигдсэн байдаг. Гэвч зөвхөн түүхийн хувьд гол үйл явдлуудыг л дурдсан байдаг ба зарим талаар он тооллын хувьд зөрдөг. Түүхэн ховор бичээсийг олсноор Хүннү судлалд том нэмэр орууллаа. Тус бичээс нь Монгол нутгаас олдсон Монгоочуудын эртний дурсгал юм. 

-Тухайн бичээс нь хэмжээний хувьд хэр том юм бэ?

-Дэлгэрхангай уулын баруун элэгний том хадан цохио байгаа. Тэр цохио нь уртаараа 85 метр, өргөнөөрөө 42 метр толигор чулуун дээр сийлсэн байсан. Байгалийн хадан дээр цохиж сийлсэн гэсэн үг. Сийлэхдээ өндөрөөрөө 1 м орчим өргөн нь 85 см талбайд 250 орчим ханзыг сийлж цохисон байсан. Бичээсийг маш нямбай сийлсэн нь харагдаж байна лээ. Зарим үсэг нь сийлсэн газраа бүдэг байвал хажуу талд хадаж хийсэн байна. Мөн бичээс үйлдэх гэж байсан талбайгаа маш сайн цэвэрлэж бэлтгэсэн байна. Үүнээс харахад бичээс үйлдэснээс гадна тахилга явагдсан гэж бид ойлгосон. 

-Та бүхэн энэ түүхэн бичээсийг анх хаанаас мэдсэн бэ. Хэдий хэр хугацаанд ажиллаж байж илрүүлэв?

-Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дэлгэрхангай сумын М.Гомбодорж гэдэг хүнээс мэдээлэл авсан. Анх тэр хүн тухайн газар нутагт ан хийж явахад нь , хүчтэй бороо орсон юм байна лээ. Тэр борооноос хорогдоод тэр хадны нөмөрт зогсож байгаад олж харсан гэсэн. Тэгээд энэ тухай бидэнд мэдэгдсэн. 

-Бичээсийг хуулж аваад хэрхэн тайлж уншсан бэ?
-Өвөрмонголын Их сургуулийн багш, эрдэмтэн Ж.Чимэддорж олдворын бичээсийг тайлсан. Тэр эрдэмтэн эртний хятад ханз бичигт гаршсан хүн.Тэрээр Сычуань мужийн Их сургуулийн докторант Го Жонгун шавиа дуудаж авчраад, хэдэн талаас нь эрдэмтэн, судлаачид нийлж байж энэ бичээсийг тайллаа. Гэхдээ нягтлаж сайн үзсэн. Маш олон толь бичиг харж тулгаж, нягталсны эцэст бичгийг тайлж чадсан.
-Энэ түүхэн бичээсийг цаашид хэрхэн хамгаалах вэ. Улсын тусгай хамгаалалтанд авах ажлыг хөөцөлдсөн үү?

-Манай сургуулийн багш, судлаачид өмнө нь тус газар гурван удаа очиж байсан. Сая дөрөв дахь удаагаа очиж, долоо хоног ажиллалаа. Хамгийн чухал нь энэхүү түүхэн бичээсийг хадгалж хамгаалах хэрэгтэй байна. Бид бичээсийг бүрэн хуулж авлаа. Одоо улсын хамгаалалтанд авах хэрэгтэй байна. Улсын түүх соёлын дурсгалд бүртгэж авах хэрэгтэй. Түүх соёлын дурсгалд зэрэг дэв гэж байдаг. Улсын хамгаалалт, аймаг, сумын хамгаалалт гэж байдаг. Мөн хамгаалалтын бүс бий болгох ёстой. Анхны төрт улсаа байгуулсан өвөг дээдсийн маань гэрэлт хөшөө учраас үүнд төр засгийхан ч мөн анхаарах хэрэгтэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Onon gol ch geh shig
Onon gol ch geh shig
2017/08/10 202.70.47.134
hurdan hamgaalaltand avaarai
OK
2017/08/10 202.55.184.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment