Монгол хүний саруул ухаанд итгэх цаг иржээ. Энэ бол зөвлөлдөх ардчилал юм. Шийдвэрийг Монгол Улсын жирийн иргэд нягтлаж, шалгаж дэнслээд шийдвэр гаргах үндэслэл болох зөвлөмжийг гаргана. Монгол хүн өөрөө шийднэ. Бодож боловсруулаагүй, мэдээлэлгүй түүхий бодол нь ард түмнийг буруу шийдвэрт хүргэдэг. Харин ухаж дэнсэлж ойлгох саруул ухаан нь зөвлөлдөөн юм. Тэгэхээр ЗӨВЛӨЛДӨХ гэж юу вэ? Яг үгийнхээ хувьд Я.Цэвэлийн тайлбарласнаар “Аливаа тогтоох, төлөвлөх үйл хэргийг олноороо хамтран хуралдаж, хянан шүүмжилж зөвлөлдөн хэлэлцэх” гэжээ. Харин “Монгол хэлний их тайлбар толь”-д “Аливаа тогтоох, төлөвлөх үйл хэргийг олноороо хамтран хуралдаж шүүн хэлэлцэх: зөвлөлдөх уулзалт (харилцан зөвлөх, зөвлөлдөн ярих уулзалт), зөвлөлдөн ярилцах (зөвийг олохоор санал солилцон ярих, зөвлөлдөн ярих) гэжээ.
Монголын эдийн засаг, улстөр, нийгмийн бүх салбарт олон хүндрэлтэй асуудал тулгарчихаад байгаа учираас зөвлөлдөөн буюу миний үзэж буйгаар ардчиллын хямралыг давах гарцын тухай ярихаас гарцаагүйд хүрээд байна. Эдгээр асуудал нь улстөрийн систем, засаглалын гажуудлаас урган гарсан ба шалтгаан нь засаглалын хэлбэр, хэм хэмжээ, цаашлаад хууль, эрхзүйн зохицуулалтаас эхтэй гэж зарим судлаачид үзэж байна. Муу засаглал, авлига, хариуцлагын хямралыг боломж болгон хувиргах арга зам бол зөвлөлдөх ардчилал байна. Итгэлцлийн хямрал нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, бүх шатанд хариуцлагыг эзэнгүйдүүлж, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт уналт үүсгээд байна. Хоорондоо гинжин хэлхээ бүхий эдийн засгийн хямрал, хариуцлагын хямрал, хуулийн засаглалын хямрал, институцийн хямрал, засаглалын хямрал гэсэн таван төрлийн хямралаас нийгэм, эдийн засаг хямарсан байна. Хямарсан итгэлцэл гадаад, дотоодын институциудад ч нөлөөлснөөр хууль дээдлэх зарчим, хариуцлагын тогтолцоо алдагдаж, бүхий л салбарт тогтворгүй байдал үүссэн нь өнөөгийн уналтын үндэс юм. Хүн бүхэн мэдэрч байгаа болохоор энэ тухай дэлгэрэнгүй нурших нь илүүц биз. Монголын ардчилал хэрхэн дүр эсгэж буй мянган баримт байна. Дэлхий нийтийн ардчиллын уналтын шалтгаан ч Монголын ардчиллын хямрал ч дараахь таван асуудлаар тайлбарлагдаж буй.
- Сул дорой хуулийн засаглал
- Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг буруугаар ашиглах буюу Үндсэн хууль, парламент, иргэний нийгэм, шудрага ёсны хямрал
- Хариуцлагын хямрал буюу иргэд санал гомдол гаргах, илэрхийлэх боломж байдал түүнд хариу өгөх чадварыг хариуцлага гэнэ
- Институцийн хямрал (парламент, улс төрийн намууд, төрийн алба )
- Эдийн засгийн хямрал - ядуурал, тэгш бус, шудрага бус байдал, à МУУ ЗАСАГЛАЛ
Манай улсад төр, засгийн шийдвэр гаргах үйл явцад улс төрийн нам, бүлэг, цаашлаад улстөрчид хувийн ашиг сонирхлынхоо үүднээс хандах, хандлага бий болоод байна. Улс төрийн нам, фракцуудын үйл ажиллагаа, хоорондын зөрчил, эрх ашгаас шалтгаалан төр засгийн үйл ажиллагаа, шийдвэр нь нийгмийн бүх давхаргын эрх ашигт нийцсэн бус ямар нэгэн давхарга, бүлгийн сонирхлыг илэрхийлэх болсон. Засаглалын бүтцээс гаргасан шийдвэр нь ямар нэгэн давхарга, бүлгийн сонирхолд нийцэж, улстөрийн системийн тогтворжилтыг алдагдуулдаг гэжАНУ-ын улстөр судлаач Д.Истон үзсэн байдаг. Аль нэг давхаргын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр, улс төрийн үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт сөрөг үр дагавар бий болгож байгаа бөгөөд олон нийт төр засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах бодит шалтгаан, нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төр засгийн үйл ажиллагааг эсэргүүцэх хөдөлгөөн, сонирхлын бүлэг, ТББ-ууд нэмэгдэж байгаа бөгөөд нийгмийн тодорхой хүрээнд шүүмжлэх хандлага бий болсон. Нийгмийн бүлгүүдийн энэхүү шаардлага нь улстөрийн системийг сулруулах хандлагатай гэж үздэг. Нөгөө талаар ямар нэг давхаргад нийцсэн шийдвэр, улстөрийн үйл ажиллагаа нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бууруулж байдаг. Дэмжлэгт санал асуулгад оролцох, сонгуульд оролцох гэх мэт төрийн үйл ажиллагаанд оролцох олон нийтийн хандлага хамруулж ойлгодог. Манай улсад 1992 оноос хойшхи УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн оролцоо жил ирэх тусам буурч байгаа[1]нь иргэдийн төрд итгэл буурч буйг илэрхийлэх гол хүчин зүйл. Эсрэгээрээ шийдвэр, үйл ажиллагаа нь нийгмийн олон тооны давхаргын шаардлага, эрэлт хүсэлтэд нийцсэн тохиолдолд улстөрийн системийг дэмжих нь ихэсдэг.
Засаглал нийгмийн гишүүдийн шаардлагад хайхрамжгүй хандаж, зөвхөн өөрийн, бүлгийн шаардлага үзэл бодолд анхаарснаар шийдвэр, үйл ажиллагаа дэмжлэг авах нь ихээхэн төвөгтэй болдог. Иймэрхүү явцуу улс төрийн шийдвэр нь таагүй үр дагавартай ба улстөрийн системийн хэсэгчилсэн буюу бүрэн хямралд хүргэж болно гэж Д.Истон үзсэн. Энэ нь манай засаглалын бүхий л түвшинд илэрч одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн санаачлагаар илэрч байна. Эцэст нь, бид ийм дүр эсгэсэн “ардчилал” хүсээгүй Монгол хүний саруул ухаанд шүтсэн Ардын засгийг хүссэн. Харин өнөөдрийн буюу төлөөллийн ардчилал ард түмнийг төлөөлөх чадваргүй болж хувийн эсвэл фракци бүлгийн эрх ашигт үйлчилж байна гэж ард түмэн үзэж байна. Монгол Улсад нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хямралын өнөөгийн бодит шалтгаан нь итгэлцлийн хямрал. Засгийн Газар, Улсын Их Хурал, улс төрийн намууд, хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэл алдарч, Монгол Улсад итгэлцлийн хямрал ужгирч байна. “Сант марал”, “Максима” зэрэг олон байгууллагын судалгаанууд, сонгуульд санал өгөх хандлага буурч байгаа байдал нь ард түмний төрд итгэх итгэл үлэмж суларсныг батална.
1.АРДЧИЛАЛ ХЯМАРСАН УУ?
Нэрт улстөр судлаач С.Хантингтоны анхлан тодорхойлсон дэлхий дахинд 1975 оноос эхэлсэн ардчиллын давалгаа 2005 онд оргилдоо хүрсэн юм. Харин 2005 оноос ардчиллын өргөжин тэлэлт зогсонги байдалд орж, уналт ухралтын үе эхэлсэн гэж судлаачид үзэж байна. Ийм ч учраас ардчиллын хямрал, ухралтын талаар дэлхий даяар өргөн хүрээнд хэлэлцэж байна. Америк, Европ, Японы, нэрт эрдэмтдээс бүрдсэн “Гурван талт хороо” хэмээх байгууллагаас “Ардчиллын хямрал” нэртэйгээр 1975 онд гаргасан тайлан илтгэлд “Ардчилсан Засгийн газрууд өмнөө тулгарч байгаа асуудлуудаа шийдэж чадахгүй, үр ашигтай ажиллах чадвараа алджээ” гэх асуудал дэвшүүлсэн юм. Энэхүү хорооны тэргүүн З.Бзежинский “1930-аад оны Веймарын Германы ардчилал төрийн институциуд инфляцийг жолоодож чадаагүй учраас хямарсан. Латин Америкийн загвар ардчилал гэгдэж байсан Уругвай бас инфляциас болж хямарсан” гэж 1973 онд “Ардчиллын хямралыг шалгах нь” бүтээлдээ бичиж байв. Энэ хорооны мөн нэрт эрдэмтэдийн нэг С.Хантингтон ардчиллын хямралын шалтгааны талаар хамгийн хатуу дүгнэлтүүд гаргасны ачаар ардчиллын судалгааны гурван төв хамтран ажиллаж алдаагаа зассанааар ардчиллын хямралыг урьдчилсан сэргийлээд зогсохгүй ардчиллын гурав дахь давалгаа Португалын хувьсгалаар 1975 оноос эхэлж, социалист орнууд ардчилагдах явцаар өрнөсөн юм. Харин 2013 онд Фарийд Закариа АНУ-д улстөрийн институциудад итгэх итгэх муу байгаагаас АНУ-ын ардчиллын шинэ хямралтай тулгарч байгаа тухай “Ардчиллын шинэ хямрал” хэмээн нийтлэлээ гаргасан. Ардчиллын хямрал нь зөвхөн нэр томьёоны асуудал бус олон нийтийн төр засагт итгэх итгэлээр хэмжигдэж байна.
Манайд гэхэд ардчилал гэдэг үг буруу орчуулагдаад зогсохгүй утга агуулга нь гажуудаад байгаа учраас иргэдийн дунд ардчиллын талаар бүрэн зөв ойлголт төлөвшихөд эхнээсээ л сөрөгөөр нөлөөлжээ. Ердөө л АРДЫН ЗАСАГ гэсэн утгатай үг. Гэвч нэгэнт хэрэглээд тогтсон нэршил, үг ч яахав гол нь үндсэн утгаа алдагдуулахгүй байхсан. Ард-чилал бол үйл явц. Энэ үгийн эх үндэс нь эртний грек үг δημοκρατία (dēmokratía) (грекээрδημοκρατία (dēmokratía) нь АРДЫН ЗАСАГ гэсэн утгатай. (оросоор Демократия «власть народа» англиар “rule of the people”). dêmosκράτος гэдэг энэ грек үгийг үндсээр нь салгаж үзвэл (dêmos) δῆμος, "people" — «ард» оросоор «народ», «κράτος» (krátos) — «власть» «засаг» гэсэн утгатай. Хятад хэлэнд ч бас л АРДЫН ЗАСАГ гэж орчуулагдана. (хятадаар Mínquán (民權主義, Mínquán Zhǔyì). Ард түмэн эзэн сууна гэсэн утгатай ч дүйнэ. Аль ч хэлэнд АРДЫН ЗАСАГ гэх утгатай буусан байгаа юм. Америк, Япон, Европоор аялж судалж, Хонгконгод дүрвэн суусан Сун Ят Сен 1905 онд Брюссельд Ардын гурван зарчимын тухай хувьсгалын үзэл санаагаа тайлбарлаж үг хэлэхдээ АРДЫН ЗАСАГ, АРДЫН НАМ гэсэн утга санааг хятад, манж хэлэнд анх оруулж ирсэн. Манжийн Хаант засгийг түлхэн унагааж АРДЫН ЗАСАГ тогтоох нь түүний номлосон Хятадын үндэсний ардчилсан хувьсгалын гол зорилго байжээ. Эндээс дамжиж Монголын тухайн үеийн хятад, манж хэлтэй сэхээтнүүд АРДЫН ЗАСАГ, АРДЫН НАМ гэдэг утгаар Монголд 1920-иод оноос нэвтрүүлж, манж, хятадын дарангуйлалаас тусгаарлах үзэл санаагаа болгосон нь олон баримтаар батлагдаж буй. Түүний “Ардын гурван зарчим”, “Үндсэн хуулийн таван эрх мэдлийн засаглалын номлол” нь Япон, Солонгос, Хонгконг, Сингапур, Тайван гээд Азийн бар улсууд, өнөөгийн Хятадын хөгжлийн нууц загвар болсон гэж миний бие үзэж байна. Өнөө үеийн Монголын ардчилалд ч тогтвортой байнгын засаглал болох төрийн албыг үндсэн хуулийн нэг эрх мэдэл болгох асуудал чухал шаардлагатай байна.
СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОХ НЬ
Систем гэдэг үгийг Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толинд “аливаа үйл явдал, юмны тодорхой горим, тогтолцоо”[2] гэсэн бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тогтолцоо гэдэг үгийг “эмх цэгц, эрэмбэ дараа бүхий бүтэц, бүрэлдэхүүн:нийгмийн байгуулал, ёс дэглэм”[3] гэсэн байна. Харин судлаач С.Дашдаваа систем гэх ойлголтыг “хоорондоо харилцан үйлчлэл, харилцаанд орж эмхлэгдэн тусгаар байх үед нь өөрсдөд нь байгаагүй нь шинэ шинж чанар бүхий бүхэллэг зүйлийг үүсгэдэг элементүүдийн нийлбэр цогц”[4] гэжээ. Өөрөөр хэлбэл, систем гэдэг нь бие даасан элементүүд тодорхой нэгэн зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэн эмх цэгц бүхий зохион байгуулалтад орж үйл ажилагааны тогтсон горимоор нэгэн цогц болж ажиллаж байгааг хэлнэ гэж ойлгож болох юм.
ХЯМРАЛЫН ТУХАЙ ОЙЛГОХ НЬ
Эртний грек хэлэнд хямрал буюу кризис гэдэг үг нь шүүх, шудрага өршөөлгүй шүүх гэдэг утгыг илэрхийлдэг байсан бол орчин цагийн грек хэлэнд шийдэл, эргэх цэг, гарц гэсэн утгыг, латин хэлэнд ухралт, уналт гэсэн утгыг тус тус илэрхийлдэг байна. Харин Монгол хэлэнд хямрал гэж Я.Цэвэлийн тайлбарласнаар “хямрал гэдэг нь хямрах үйлийн нэр бөгөөд хямрах гэдэг ньэсрэг тэсрэг юмны харилцан зохилдохгүй харшилдах, тэмцэлдэх”[5], ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д“өөр хоорондын санал үл нийлэх байдал, эрх ашгийн зөрчил зэргээс үүдсэн үл ойлголцох байда л; нийгэм эдийн засаг, улстөрийн үйл ажиллагаанд үе үе тохиолдох хүндрэл, бэрхшээл ”[6] нь гэж томъёолжээ.
СИСТЕМИЙН ХЯМРАЛЫГ ТОМЬЁОЛОХ НЬ
Тэгвэл дээрх тодорхойлолтуудад суурилан системийн хямрал гэдгийг нэгтгэн томъёолвоос дотоод болон гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн сис темийн бүрдэл хэсгүүдийн үйл ажиллагаа доголдох, улмаар системийн доторх уялдаа холбоо, үйл ажиллагааны горим алдагдан тухайн систем бүхэлдээ зорилтот үйлээ гүйцэлдүүлэхболомжгүй болон уналтад орж түүнийг засч залруулахад чиглэсэн шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй нөхцөл байдал үүсэхийг хэлэх аж. Монгол Улсыг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бүхий хөгжил дэвшил рүү тэмүүлж байгаа нэгэн цогц гэж үзвэл энэхүү цогц нь улстөр, нийгэм, эдийн засаг, гэсэн дэд бүхэллэгүүдээс бүрдэх бөгөөд эдгээр бүхэллэгүүд нь мөн цаашдаа дотоод дэд бүхэллэгүүдээс бүрдэх ба энэ бүгдийн эцэст нэгж бүрдэл нь хүмүүн байх болно. Өөрөөр хэлбэл, хүн бол энэхүү системийн оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах үндэс, гол хүч нь гэж хэлж болох юм. Эдгээрийн аль нэгэнд нь илэрсэн хямрал тухайн дэд тогтолцооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөр түүнтэй зэрэгцээ орших бусад дэд тогтолцоонуудад дам нөлөөлөн системийн үйл ажилагаа бүхэлдээ доголдоход хүргэх эрсдлийг дагуулж байдаг. Хямралыг анхлан илэрч буй хүрээгээр нь улстөрийн тогтолцооны, нийгмийн тогтолцооны, эдийн засгийн тогтолцооны зэргээр ангилан үзэх нь бий. Мөн тус бүрт хямрал нүүрлэсэн үед илрэх шинж тэмдэг, туулах үе шат зэрэг нь өөр өөр байдаг байна. Тухайлбал, улс төрийн хямралын үед нийгмийн улс төрийн тогтолцооны зөрчлүүд хурцдах, тогтолцоог удирдах удирдлага буурах, улстөрийн институциудын үйл ажиллагааны тэнцвэрт байдал алдагдах, иргэдийн нийгэм-улстөрийн идэвх нэмэгдэх эсвэл бүр сулрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэгбайна. Өмнө дурьдсанчлан гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр системийн хямрал үүс болно. Гэвч аливаа тогтолцооны цөм, хөдөлгөгч хүч нь хүн, хүний үйл ажиллагаа юм. Иймээс системийн үйл ажиллагааны хэвийн байдал хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтай болох юм. Судлаачид аливаа улс орны нөхцөл байдлын талаар хэлэлцэхдээ улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо гэсэн ерөнхий гурван бүлэгт хуваан авч үзэх явдал нийтлэг тул системийн хямралын асуудлыг энэхүү бүлэглэлд хуваан нарийвчлан үзэх нь зүйтэй.
2. УЛСТӨРИЙН СИСТЕМИЙН ХЯМРАЛ
УЛСТӨРИЙН СИСТЕМИЙН ТАЛААРХ Д.ИСТОНЫ ОНОЛ
Д.Истон “Улстөрийн систем”, “Улстөрийн шинжилгээний боломж”, “Улстөрийн амьдралыг судлах системийн шинжилгээ” зэрэг бүтээлдээ улстөрийн хүрээний төлөвшлийн асуудлыг эмпирик түвшинд системчлэн, онолын хувьд нэгтгэх оролдлого хийсэн. Д.Истон улс төрийн системийн загварыг танилцуулж, оролт, гаралтаар дамжин гаднаас ирж буй мэдээлэлд хариу барьдаг өөрийгөө зохицуулагч, хөгжиж буй “амьд” биет хэмээн улстөрийн системийг тодорхойлжээ. Тэрбээр, улстөрийн онолын гол асуудал бол улстөрийн системийн оршин тогтнох тулгуур функцуудыг олж тогтоох явдал гэж үзсэн. Улстөрийн амьдралыг судлахдаа эхлээд түүнийг зан үйлийн систем гэж үзэх нь зүйтэй. Байнга өөрчлөгдөж буй орчинд улс төрийн систем нь өөрийн тогтвортой байдлыг ханган, хадгалагдаж үлдэх нь түүний гол зорилт гэдгийгД.Истон “Улстөрийн амьдралыг судлах системийн шинжилгээ”, “Улстөрийн систем” бүтээлүүддээ онцлон тэмдэглэсэн. Улстөрийн систем нь тэнцвэртэй байдлаа хадгалахыг эрмэлздэг нь гадаад нөлөөлөл байдаг гэдгээс улбаатай бөгөөд тэрхүү “тэнцвэр” гэдэг ойлголтыг хэрэглэхэд олон тооны бэрхшээл байдаг гэж Д.Истон үзсэн. Улстөрийн системийн өөр нэг чухал чанар бол тухайн хуваарилалтыг зайлшгүй, ингэж хийгдсэнийг иргэдэд итгүүлэх чадвар юм. Эдгээр чанарууд нь юуны өмнө улстөрийн системийг нийгмийн бусад системээс ялгаж байдгаас гадна нийгмийн системийг өөрийг нь тогтворжуулдаг. Улстөрийн систем нь өөрийгөө шинэчлэн, хүрээлэн байгаа орчныг өөрчлөхөд бас чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүрээлэн байгаа тэрхүү орчныг гадаад, дотоод гэсэн хоёр хэсэгт хувааж болно.
[1]УИХ-ын сонгуульд иргэд дараах байдлаар оролцсон байна.Үүнд 1992 онд95.6%, 1996 онд 88.4%, 2000 онд 82.4%, 2004 онд 81.8%, 2008 онд 76.5% 2012 онд 65.24 хувьтай оролцсон байна.