Их сангийн эзэн маань өнөөдөр сонин хэвлэл, олон сайтаар бодлоготойгоор ярилцлага өгчээ. Ний нуугүй л хэлье, ярья, дарамт ирнэ, иргэд эрсдэл үүрэх нь тодорхой гэдгийн нялуунаас шулуун нь дээр хэлчихье гэсээр эрс шийдэмгий ярьжээ. Ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотголыг хэлэлцэнэ хэмээн уль доль болтол ярьж, бичиж байна. Ээлжит бус чуулганыг зарлах гэхээр Сангийн яам төсвийн тодотголоо оруулж ирэхгүй байгаа гэх. Эсрэгээрээ уламжлалт сар шинийн баяр олон хоног үргэлжилж эрхэм УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад хөдөө орон нутгаас ирэхгүй байгаагаас шалтгаалан ирц хүрэхгүйгээс чуулганаа зарлаж чадахгүйд байгаа гэх зэргээр бие биеэсээ “доош хийнэ”. Сангийн сайд төсвийн тодотгол ОУВС-гийн шаардлагыг бүрэн хангасан. Тус сантай эцсийн байдлаар тохирчихсон. Хамтраад ажиллаад явчихна гээд дүгнэлтээ хэлчихлээ. Тэгэхээр долоо төрлийн татварын нэмэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй.
Ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хадгаламжийн хүүгээс татвар авч эхлэснээр монголчууд бид санхүүгийн сахилга батад суралцаж эхлэх аянд мордоно.
Хэр удаан аянших нь одоогоор хэлэхэд эрт байна. Сангийн сайдын ярьснаар бол ОУВС-гийн зүгээс л ийм төрлийн татваруудыг нэмье гэсэн санал оруулж ирсэн. Бид бол татвараа нэмье гэж огт санал гаргаагүй гэх. Ёстой л өгөх нь томорч, авах нь улам бөхийсөөр нүдэн балай хэлснийг нь үг дуугүй дагасан мэт харагдахаар байна. Бүхэл бүтэн зургаан сарын туршид хэлэлцээрийн ширээний ард хэдээс олон удаа суухдаа татвартай холбоотой ганц ч санал хэлээгүй гэхэд арай л биш юмаа. Түүний хэлснээр хэлэлцээр үнэхээр хэцүү байдалд үргэлжилсэн аж. Хэрэв манай бодлого тодорхойлогчид ийм татвар нэмье гэхээр ОУВС “Ура” гээд хүлээгээд авах байсан гэнэ. Эдийн засагчдын энэ асуудлыг тойрсон ярианаас харахад тус сантай үүнээс илүүтэйгээр тохиролцох тал байсан гэдгийг дуу нэгтэйгээр батласан байдаг. Долдугаар сарын 01-нээс дизель түлш, бензиний татвар нэмэгдэнэ. Шатахууны үнэ нэмэгдчихээр бүх л хүнс, бараа таваарын үнэ нэмэгдэнэ. Ёстой л дур зоргоороо аашлах нь нүдэнд харагдаж байна.
Гэвч Сангийн сайд маань тайшир л даа. Хугацаа болоогүй байна. Долдугаар сарын 01-нээс шүү дээ гээд байх юм. Ард түмнээ 4-5 сарын өмнөөс дасгасаар, лавшруулан дасган дэглэмд оруулна гэдгээ ил тод хэлж байх юм даа.
ОУВС-гаас орж ирэх мөнгөөр төсвийн цоорхойг л нөхнө. ОУВС-гийн эрхэм Матай бид хоёр эртний танилууд л учраас их тус болсон гээд ярьж өгсөн байна лээ. Энэ дараа өөрт том асуудал болохгүйд гэдэгт найдаад л үлдэхээс. Учир нь манайд иймэрхүү асуудлаар дараа нь эвгүйдсэн тохиолдлууд олон байдаг болохоор хэлсэн хэрэг. Засаг төр нь аргаа барчихсан болохоор тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмнэ гэнэ. Ийм бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019 оноос тэтгэврийн санд нэг их наяд төгрөгийн татаас улсын төсвөөс өгөхөөр болж. Тэтгэврийн нас 2026 он гэхэд эрэгтэй 65 настай, 2036 он гэхэд эмэгтэй хүн 60 настай тэтгэвэрт гаргаж эхэлнэ гэдэг нь баттай болжээ. Ирэх жилээс гэхэд 60 нас зургаан сартай тэтгэвэрт гарч эхлэх нь байна. Улсаа нэгдүгээрт бодоод намаа хоёрдугаарт тавьсан. Юун Ерөнхийлөгчийн сонгууль цаашаа гэсэн аястай уурсаж, бид бүрэн эрхийн хугацаа 48 сар хэдий ч өмнөх Засгийн балгийг арилгах гэж, эдийн засгийн сэргээх хөтөлбөрийг 18 сарын хугацаанд хэрэгжүүлэхээс өөр аргагүй хүрлээ гээд Сангийн сайд ихэд загнаж байх юм. Төрийн байгууллагад ажилд орно гэж горьдсоны гарз гэж байна.
Тэтгэвэрт гарсан хүний орны хүнийг авна гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилох нь.
Данхайсан бүтцээ цэгцлэх тухайд бол ер нь хөдлөхгүй шинжтэй. Дэд сайдууд заавал байх хэрэгтэй гэнэ. Учир нь яамдууд шөнийн 00 цаг хүртэл, амралтын өдөрт ажиллаад ажлаа дийлэхгүй байгаа аж. 142 төрийн албан байсан чинь одоо 180 орчим мянган албан хаагчтай болсон гэх. Бүх төсөвт байгууллагуудын зардлыг танаж болохгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдах ёстой гээд ер халгаахгүй шинжтэй. Явж явж л жирийн иргэд бид л бүсээ улам улам чангалах нь гарцаагүйд үнэн оршино. П.Од