8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, энэ сарын 26-нд нийтэд зарлана

2017-02-13 16:04:07

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж  Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталжээ. Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж  заасан. Хуваарьт санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт  нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажиллагаа, санал авах, дүгнэх, сонгуулийн зардал тогтоох, тайлан гаргах зэрэг асуудлыг хуулийн  холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан  тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулах ажлын төлөвлөгөөнд  холбогдох тогтоолын төслийг боловсруулж батлуулах, хүн ам,сонгуулийн насны хүний тоог 2017 оны нэгүгээр сарын 01-ний байдлаар гаргуулжээ. Дүрэм, журам, маягт, загварын төсөл боловруулж батлуулах, сонгуулийн  хороод, тэдгээрийн бүрэлдэхүүн, хэсэг, сонгогчдын тооны талаархи судалга  гаргах зэрэг зохион байгуулалтын ажлыг төлөвлөж тэдгээрийг хэрэгжих хугацаа, хариуцах байгууллага, ажилтны нэрсийн хамт гаргажээ. Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичиг боловсруулах, сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол,  сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байна Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлон зарласан. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдон гарч буй юм байна. Харин гадаадад амьдран сууж буй иргэд зургадугаар сарын 10, 11-нд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан саналаа өгөх нь. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.

Тодруулбал, нэгдүгээр сард сонгууль товлон зарлах, санал авах өдрийг товлон зарлана.

Хоёрдугаар сард сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногт багтаан байгуулна гэж хуульд заасан байдаг. Хоёрдугаар сарын 26-наас өмнө хэсэг байгуулах ёстой юм байна.

Хэсгийг сум, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид тогтоож, эхний шийдвэрээ Оюуны өмч, улсын бүртгэлийн газар ирүүлж байгаа аж.

Мөн энэ сарын 26-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлах аж.

Гуравдугаар сард сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг сургалтад хамруулах аж. Журамд зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны судалгааг гуравдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой юм байна.

Дөрөвдүгээр сард аймаг, нийслэл, сум дүүрэгт байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулагдах аж.

Тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил явагдана.

Зургадугаар сард  саналын хуудас бэлдэх, санал тоолох машинаа програмчлах, хүргүүлэх ажил явагдах юм байна. Мөн сонгуулийн сурталчилгаа явагдах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment