Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд болон УИХ-ын гишүүд хувиасаа хандив өргөөд байна. Өчигдөр Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийж хувиасаа 10 сая төгрөг, мөн 10 адуу, аав ээжээс өвлөж ирсэн алтан бөгжөө улсдаа хандивласан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргахын тулд хувь нэмрээ оруулж ийнхүү хандив өгөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусад гишүүдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө хандив өргөхийг уриаллаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-Засгийн газар эдийн засгийг өргөх хөтөлбөр батлаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Олон улсын валютын сангаас тусламж авах эсэх нь тодорхойгүй удаашралтай байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ер нь ямархуу эдийн засгийн нөхцөл байдалтай Засгийн газар хүлээж авсныг бүгд мэдэж байгаа. Үүнийг өргөс авсан мэт хурдан сэргээх боломж хомс. Үүнд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. 2016-2020 он хүртэл тодорхой зорилт тавьсан. Ирэх хавраас үр дүн нь гарч ирнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхай, барилга зэргээс шалтгаалан улирлын шинж чанартай байдаг. Тиймээс Цагаан сарын дараа бүх ажил эхэлнэ.
-Та “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад, шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой. Тэгж байж хувийн өмчийг төрийн эзэмшилд авах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Эдийн засгийн хямралд өртөж байсан дэлхийн улс орнуудын түүхтэй танилцахад ард иргэдийнхээ хандив, дэмжлэгээр хүнд байдлаас гарч байсан жишээ их байдаг. Ганц жишээ дурдахад түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн хямрал нь Америкийн 1929 оны хямрал. Тус хямралын үед Франклин Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд ажлын өргөн фронт бий болгож ажилгүйдэл, ядуурлаас гарч байсан түүхтэй.
Эдийн засгийн хямралтай нүүр тулаагүй улс орон гэж байхгүй. Азийн бар улс гэгддэг Солонгос мөн л эдийн засгийн хямралтай нүүр тулж байсан. Дэлхийн хэмжээний, Азийн бар улс хэвээр нь үлдээхийн тулд бүх ард түмэн нь өөрт байгаа алт, монетон бөгж, гинж, ээмэг, зүүлт зэргээ хуримтлуулж улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлсэн. "Би эх орныхоо төлөө ингэж сэтгэл гаргаж байна" гэдгээ нотлохын тулд солонгос эмэгтэйчүүд бусдаас урьтан улсын сан хөмрөгийн байрны гадна үүр цүүрээр очиж дугаарлаж үнэт эдлэлээ тушааж байсан гэдэг.
Эмэгтэйчүүдийнхээ энэхүү эрэлхэг зоримог сэтгэлээр бахархаж хүндэтгэсэн эрчүүд нь тухайн үед сонин хэвлэлүүдээр бичиж, кино ч хүртэл зориулж байсан.
Харин манай УИХ-ын гишүүд болон бизнесмэнүүд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү уриалгыг дэмжиж улс орондоо хандив өргөх болов уу. Эсвэл оффшор дансандаа мөнгөө нуусаар байх уу.