8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулын дохио зарлаад буй Төрийн ордны тухай сонирхолтой 30 баримт

2017-01-23 10:57:00

70 жил наслаад буй Төрийн ордныг дарьтай торх мэт аюултай болсон гэх мэдээлэл сүүлийн үед хөвөрч байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглагдах зөвшөөрлөө хасуулсан Төрийн ордныг нийт 40 гаруй тэрбум төгрөгөөр засварлана хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдэгдсэн.Төрийн тэргүүнээсээ эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд бүгд энд ажиллаж, төрийн хуулийг бүхэлд нь боловсруулдаг ч аюултай нөхцөл байдалд ороод буй Төрийн ордны тухай 30 баримтыг хүргэе. 

1.Төрийн ордны 1951, 1961 онд ашиглалтад орсон барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгууд ч газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байдаг.

2.  БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оржээ. Төрийн ордонг барихад дотоодын 700, гадаадын 500 хүн ажилласан аж. 

3. Монгол Улсын Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.

4. Нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүрийн гурван давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригджээ. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан гэдгийг тодотгож байлаа.

5. 1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа амралт, баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна. 

6. Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.

7. Харин анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ. Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 491 ажлын өрөө тасалгаатай, 536 хаалга, 932 цонхтой аж. 

8.  Төрийн ордонд 100 хүний суудалтай зоогийн газар болон номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 өрөө тасалгаа бий.

9Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулжээ. 

10.  Төрийн ордон 35804 м.кв талбайтай, нийт давхаруудын багтаамж 134,299,69 м.куб. Ордонд ажиллагч нэг хүнд дунджаар 4144 м.кв талбай оногддог, албан ажлын өрөөнүүд 13075,7 м.кв, танхимууд 2195 м.кв, дээврийн хөвөө хэмжээ 509,6 м.кв бөгөөд сантехникийн шугам сүлжээний нийт урт нь 30 км шахам юм.

11. Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим  олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг бөгөөд 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг.

12. Тус ордоны ажлын өрөө танхимуудыг ээлж тогтоон засварладаг. Ийм байдлаар нэг өрөө 6-7 жилийн дараа засварт ордог байна.

13.  Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, тэрчлэн Төр засгийн үйлчилгээ аж ахуйг хариуцсан газрын төв аппарат, төрийн ёслол үйлчилгээ, харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.

14.    Монгол төрийн ордонд Монгол хүний ур ухаанаар бий болсон урлагийн ховор нандин бүтээл цөөнгүй бий. Одоо төрийн ордонд ахмад болон залуу уран бүтээлчдийн 100 шахам зураг, 10 гаруй уран баримал, сийлбэр, туурган хивс, торго арьсан урлалын бүтээлүүд ордныг чимэглэж байдаг. Эдгээрийн дотор эзэн Чингис хааны гантиг чулуун цээж баримал, есөн хөлт цагаан тугны орчны 87 ам.метр талбай тойрсон чимэглэл, Хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, ардын зураач Н.Чүлтэмийн "Талын Айл", О. Цэвэгжавын "Гүүн зэл дээр", М.Цэмбэлдоржийн "Отгонтэнгэр", Б.Гомбосүрэн, Д.Цэрэнпил нарын бүтээсэн "Эх орон" сэдэвт 20 метр туурган хивс, залуу уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн "Төрийн долоон эрдэнэ" түүх уламжлалын сэдэвт 17 метр урт Монгол зураг зэрэг гайхамшигт бүтээдүүд олон бий. 

15. Ордонд буй ховор нандин бүтээлүүдийн дотроос Д.Баяндалайн санаачилгаар нэрт зураач Н.Лхагвасүрэнгийн удирдлагаар бүтээсэн "Төрийн долоон эрдэнэ" хэмээх 17,5 метр урт, 1,5 метр өндөр, 108 үйл явдал бүхий 999 хүн, 64 бөх, 551 айл, 13 гэр, 9 нохой зэргийг Монгол зургийн аргаар урласан хосгүй нандин бүтээл байдаг. 

16. УИХ-ын хуралдааны танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үндэсний уран гоё сийлбэртэй сэнтий, мөн Төр засгийн тэргүүн нарт гадаадын дээд зиндааны байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн зүйлийн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн байдаг.

17.    Бас төрийн ордны дундах чөлөөнд эзэн Чингисийн суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр бий.

18.    МХЕГ-ын олон удаагийн шалгалтаар муу дүн авч байсан. Цаашид ашиглах боломжгүй талаар ч УИХ-ын Тамгийн газарт албан шаардлага хүргүүлж байжээ. Тухайлбал, 2007 онд Төрийн ордон нурах дөхсөн. Учир нь баруун талд тааз нурж байсан юм. Энэ нь Их танхим дахь доргилтоос болсон гэж үздэг аж. Иймд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Шаравдорж ЗГХЭГ-ын дарга ‘Төрийн ордны Их танхимын аюулгүй байдал талаас авч үзвэл түүнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болох эсэх, энэ арга хэмжээнд оролцож буй хүмүүсийн амь насанд аюул учрах бодит нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй” хэмээн үзэж байжээ. 

19. 2018 оноос эхлэн барилгыг үе шаттайгаар блок хэсгүүдээр буулгаж, шинэчлэн  барих боломжтойг ч тогтоожээ. Ингэхдээ барилгын гадна талын хэв загвар /фасад/-ыг хадгалан авч үлдэж, барилгын дотоод зохион байгуулалт, барих технологийг орчин үеийн төлөвлөлтийн болон арга технологийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.

20. Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 тэрбум төгрөг, нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. 

21. Монголын рок поп, урлагийн ертөнцөд “Монгол поп” урсгалыг шинээр гаргаж ирсэн “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд тоглолт тоглолтоо Төрийн ордонд хийсэн. Монголд анхдагч хэмээн цоллогдож байсан түүний араас олон уран бүтээлч тоглолтоо Төрийн ордонд тоглосон. Түүний нэг бол “Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат мөн тус оны арванхоёрдугаар сарын 17-нд “Давтагдашгүй” тогтолтоо хийсэн. 

22. Төрийн ордонд ганц тоглолтын тайз болсонгүй сүүлдээ киноны нээлт болдог газар болон хувирсан юм. Европт хийгдсэн анхны гэгдэх “Хөх толбот хүмүүс” Монголын уран сайхны кино нээлтээ хийсэн. 

23. Кувейт Улсаас Төрийн ордон барихад зориулан 12 сая ам.долларыг өгөх талаар яригдаж байсан ч гишүүд үүнийг эсэргүүцсэн. Шинэ төрийн ордныг одоогийн ордны арын талбайд барихаар төлөвлөж байсан ч зарим гишүүд тэр газар мод тарьсанаар энэ асуудал намжсан. 

24. Төрийн ордон байгуулагдснаас хойш 4 Ерөнхийлөгч, 8 Улсын Их Хурлын дарга, 17 Ерөнхий сайд, давхардсан тоогоор 456 гишүүд сууж байжээ. Тэдний хөрөг зураг ордны хоёр давхарт байрладаг. 

25. Төрийн ордны хамгийн том сенсаац бол УИХ-ын гишүүд хоорондоо гар зөрөлцсөн явдал юм. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх. Г.Баярсайхан нар чуулганы танхимын үүдэнд болсон уг зодоон Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдснаараа анхдагч хэмээгдэж байгаа боловч үүнээс далдуур зөндөө зодоон болсныг зарим нэгэн эрхэм баталдаг. 

26.  Хаалттай байсан Төрийн ордонг 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг авсан АН-ынхан нээлттэй болгосон. Ийнхүү Төрийн ордон нээлттэй болсноор иргэд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно. 

27.  УИХ-ын гишүүдийн зарим нь өрөөгөө голдог бөгөөд хамгийн жижиг өрөө буюу 411 тоотод УИХ-ын гишүүн  асан С.Ганбаатар суудаг. Тэрбээр энэ өрөөндөө сэтгэл хангалуун байдгаа мэдэгдэж байсан. Харин хамгийн тухлаг өрөөгөөр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өрөө тодорчээ. Учир нь тэрбээр шинэ УИХ бүрэлдэх үед өрөөгөө өгөхгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын шийдвэрийг эсэргүүцэж байсан. 

28. Төрийн ордныг шинээр барих Ажлын хэсэг Төрийн ордны барилгыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгох болон шилжүүлэх байрлуулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн.

29. Энэ үндсэн дээр УИХ-ыг  Засгийн газрын 11 дүгээр байр /одоогийн ШӨХТГ, СЕХ-ны байр/-нд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын 13 дугаар /Зам, тээврийн хөгжлийн яам/ байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг  гаргасан байна.

30. Өнгөрсөн жил А танхимыг Чингис хааны нэрэмжит, Б танхимыг Сүхбаатар жанжины нэрэмжит болгосон. УИХын гишүүн О.Баасанхүү үүнтэй барьцан В танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргасан ч дэмжлэг аваагүй юм. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж
капитал барилга гэж 300 жил зогсдог үнэт хөрөнгө байдаг юм. үүнийг 70 жилд нураагаад байх хөрөнгө хогшил Монголд байдаг бололтой. хэт цамаан загнаж байгаа юм биш үү. шинэ нийслэлдээ сайхан ордон бар
2017/01/24 49.0.204.107
болд
Хамт нураад үхэцгээ
2017/01/23 112.214.183.42
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2017/01/23 59.153.115.62
Сэргэлэн
ХУ НАМЫН ЯНГУУЧЛАЛ
2017/01/23 202.179.24.160
бат
ХОТЫН ТӨВИЙН 5, 14 ӨӨР ОЛОН СУРГУУЛЬ АВААРИЙН БАЙДАЛТАЙ АРД ОЛНЫ ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЭЭ ХИЙГЭЭД Л СУУНА. ЮУН ОРДОНЫ ЗАСВАР. ЕР НЬ ЭНЭ ХУУЧИН СУРГУУЛЬ НУРВАЛ ХЭН ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЮМ БЭ ?
2017/01/23 5.136.138.184
  • Recent
  • Most Read
  • Most Comment