УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Яг одоо гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Уг саналуудад “Хилийн бүс100 км хүртэл байхаар тогтооно” гэсэн санал оруулж ирснийг гишүүд дэмжлээ.
Үүнд гишүүн Ё.Баатарбилэг “Хилийн бүсийг 100 км хүртэл байхаар тогтооно гэсний 100 км-ээс багагүй байхаар тогтооно гэж өөрчилвөл ямар вэ? 100 км хүртэл гэхээр 10 км-т ч тогтоож болохоор байна. Учир нь энэ хуулийн агуулгад хилийн бүсэд уул уурхай, ашигт малтмалын ажиллагаа явуулж болохоор тусгасан байна” гэсэн санал гаргасан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ё.Баатарбилэг гишүүний гаргасан саналыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарч хэлэлцэхийг ажлын хэсэгт даалгалаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Дэлгэрсайхан “Гадаадын иргэн харъяатын албанд энгийнээр ажиллаж байгаа хүмүүсийг эргээд хилийн цэрэгт авна. Ингэхдээ энгийн байсан хугацааг нь цэргийн болгох уу” гэсэн асуултыг тавилаа. Үүнд ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн “Гадаадын иргэн харъяатын газарт энгийн албан хаагчаар очсон ажилтнууд эргээд хилийн цэрэгт очвол өмнө нь олгосон цолыг сэргээж болно. Манай шилдэг офицерууд очсон. Үүнийг эрх үүргийн дагуу цолыг нь сэргээдэг” гэлээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Цэргийн байж байгаад энгийнээр 300 орчим албан хаагч Гадаадын иргэн харъяатын газарт шилжсэн. Одоо эргээд цэргийн албанд шилжүүлж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энгийнээр ажиллаж байсан. Үүнийг нь цэргийн болгож шилжүүлэх үү гэдгийг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан та хоёр хэлэлцэх хэрэгтэй. Тэтгэвэрт гарахад нь энгийн байсан үе нь нөлөөлнө шүү" хэмээн анхааруулав.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Гишүүн О.Баасанхүү “Хилийн цэргийн ар гэрийнхнийг хилчнээр хуульчилж болохгүй юу” хэмээхэнд ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн “Монгол Улсын тушаал авсан, зэвсэглэсэн, хамгаалагчийг хилчин гэж тодорхойлсон байдаг. Ар гэрийнхнийг нь цэргийн гэдгээрээ явах нь зөв гэж үзсэн” хэмээн хариуллаа.
Гишүүн Ж.Ганбаатар Гадаадын иргэд хилээр орж ирсэн тохиолдолд Гадаадын иргэн харъяатын алба давхар шалгадаг байх санал оруулжээ. Харин зарим гишүүд энэ саналыг давхар шалгах шаардлага байна уу, зөрчил илэрвэл Гадаадын иргэн харъяатын алба шалгадаг байвал ямар вэ” гэсэн санал хэлж байлаа. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Ганбаатар саналаа татаж байгаагаа мэдэгдсэн юм.
Үүнд гишүүн О.Баасанхүү “УИХ-д бизнесмэн гишүүн олноор орж ирээд наймаа явагдаад байна. Төрийг наймаалцахгүй шүү. Үг хэлэхэд хүртэл ар өврийн хаалга хэрэглэж болохгүй. Яагаад оруулж ирсэн саналаа татаж байгаа юм бэ, Ж.Ганбаатар гишүүнээ” хэмээн бухимдав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч Ж.Ганбаатар гишүүнийг саналаа татаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж “Энэ асуудал чинь улсын аюулгүй байдалтай холбоотой чухал санал. Танай намын гишүүд дэмжихгүй ч би дэмжиж байсан” хэмээлээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Гадаадын иргэдээс зөрчил илэрвэл Гадаадын иргэн харъяатын албанд шилжүүлнэ гэсэн санал уг нь хураагдсан даа. Та бүхэнд үүнийг нээлттэй үлдээе. Дараагийн хэлэлцүүлгээр эргэж хараарай. О.Баасанхүү гишүүн үг хэлэх бүртээ бусад руугаа дайрдгаа болиорой. Би бусдадаа хатуу үг хэлэх нь хэлдэг. Гэхдээ үг хэлсэн бүр рүү дайраад байж болохгүй шүү” хэмээн учирлах зөвлөхийн завсар хэллээ.
Чуулганы хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна.