Чуулганы нэгдсэн хуралдаанаар ХНХЯ-с өргөн барьсан Ахмад настны тухай хуулийн төслийг 83.7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс тэтгэвэрт гарах нас, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх чигтэй байгааг тодруулахад тэтгэвэрт гарах нас, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөхөд салбарын сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Өнөөдөр эмэгтэй 50, эрэгтэй 60 насанд хүрсэн бол тэтгэвэрт гардаг. Зарим ахмадуудын хувьд ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байдаг тул тэтгэвэрт гарах насыг 60-65 хооронд хэлбэлзэлтэйгээр буюу энэхүү хязгаар дотор дуртай насандаа тэтгэвэрт гардаг байх асуудлыг судалж байна" гэв. Мөн гишүүд салбарын сайдаас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахмадууд хоёр холбоонд харьяалагдаж байгааг хэрхэн зохицуулах гэж байна вэ?.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Монголын ахмадын холбоо нь нийт ахмадуудыг төлөөлнө. Монголын чөлөөт холбооны удирдлагуудтай хуулийн боловсруулах явцад уулзаж, хоёр холбоог нэгдэж ажиллахыг хүссэн. Ингэхдээ улстөргүйгээр нэгдэж ажиллах зарчим баримтлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн” хэмээн хариулсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Ахмадууд тэтгэврээ 2-3 жилээр зээлээд авчихдаг. Хожим нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэх мөнгө болчихоод байна. Иймээс тэтгэврийн зээлийн олголтод хэмжээ тогтоох хэрэгтэй. Нийтийн тээврийн унааны хөнгөлөлтийг хөдөө орон нутгийн ахмадууд хэрэглэж чадахгүй байна. Мөн нийслэлд ирэээд эмнэлэгт үзүүлэхэд оочер дугаар нь хүчрэгдэхгүй байна. Хиймэл шүдний хөнгөлөлт 5 жил байгаа нь оновчгүй” гэсэн асуудлыг тодруулахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр хуралдаж, нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулна гэсэн шийдвэр гаргасан.
Одоогийн байдлаар тус сангийн 557 тэрбум төгрөг 9 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр банкинд байршиж байна. Мөн харилцах дээр байгаа 640 тэрбум төгрөгийг хадгаламж руу байршуулж, 15 хүүтэй байршуулах гэхчлэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж тэтгэврийн зээлэнд 1-6 сарын хугацаа тогтоох, дараа 6 сард нь тэтгэвэр өгөхгүй байх эсвэл 50 хувьд нь зээл олгох, нэг дор зээлийн хүүг авдаг асуудал дээр уян хатан болгох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулсан. Ахмадууд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зориулж 8 сард зээл ихээр авдаг юм билээ. Энэ асуудлыг шийдэхэд Боловсролын зээлийн сан ихээхэн нөлөө үзүүлэх юм. Хуулийн төсөлд орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг тусгасан” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, "Тэтгэврийн зөрүүтэй ахмад улсын хэмжээнд хэд байна. Яаж зөрүүг нь арилгах гэж байна вэ. Ахмадуудтай уулзахад хөдөлмөрийн чадвартай гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Ажил эрхлэвэл хөдөлмөрийн хөлсийг яаж тооцох вэ. Ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээг хүсдэг. Группын мөнгийг нь багасгаж өгч байна гэх юм үүнд хариулт өгөөч?
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Байцаагч нар хуурамчаар бичиг баримт бүрдүүлж мөнгө зувчуулдаг, багаар тэтгэвэр тогтоон түүнээс нь мөнгө татсан байж болзошгүй. Тиймээс улсын хэмжээнд тэтгэврийг дахин тогтоолгох аяныг хууль хүчний байгууллагуудтай хамтарч явуулна. Ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндтэй холбогдоод байдаг тал бий" гэсэн тайлбарыг хийв.
УИХ-ын гишүүн Х.Бадельхан, "Тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх боломж байна уу" гэсэн асуудлыг тодруулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Номтойбаяр, "Зах зээлийн зарчмаараа иргэн, банк хоёр тохиролцоод зээл өгч авч байгаа. Төр засаг ийм шийдвэр гаргавал суурь зарчмаасаа ухарна. Ийм боломжгүй зүйлийг битгий ярьж бай гишүүд ээ. Дараа нь цалингийн зээлтэй, үүний дараа арилжааны зээлтэй ААН-үүд зээлээс чөлөөлөх давалгаа үүснэ шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ахмадууд аялах сонирхолтой байдаг юм билээ. Ахмадын аялалд анхаарах хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Салбарын сайд Н.Номтойбаяр, "Ахмадуудыг нийгмийн идэвхтэй байлгах хүрээнд аялал жуулчлалын байгууллагуудтай холбох бүрэн боломжтой. Энэ хуулинд ахмад настны хүндлэлийн асуудлыг тусгасан. Энэхүү зорилт нь НҮБ-ын болон олон улсын байгууллагуудаас гаргасан шийдвэртэй уялдаж байгаа юм. Намын түвшинд 1050 ахмадуудтай уулзалт хийхэд тэтгэврийн зөрүү гэхээсээ хүндлэлийн асуудлыг хөндөж илүүтэй байсан" хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Оршуулгын газар олдохгүй боллоо, худалдаж авч байна” гэсэн асуудал яригдаж байгааг шийдээрэй. Ахмадын орон сууцны асуудал дээр анхаараарай" гэсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт бие дааж амьдрах чадваргүй ахмадуудын асуудлыг тодруулсан. Н.Номтойбаяр сайд, "Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй 7200 иргэн байна. Гэтэл 243 ортой 9 асрамжийн газар ажиллаж байна. Энэ асуудалд анхаарч байгаа" хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Ахмад настны тухай хуулийн төслийг дэмжиж байна. Цаг үеэ олсон бодит хууль орж ирлээ. Ахмад настны амжиргааг дэмжих гэдэг асуудал дээр түрээсийн орон сууцны хөнгөлөлт нөхцлийг эрх зүйн зохицуулалт хийж өгөөч. Бүх сумдад ахмадын өргөө бий болсон. Хамгийн гол нь ахмадын өргөөны урсгал зардлыг төрөөс дэмжих боломж байгаа эсэхийг ахмадын холбоод асуудаг" гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Хэрэгжүүлэх арга зам болон санхүүгийн эх үүсвэрийн талаар хэлэлцээд явж байгаа. Түрээсийн үнэ тарифыг тухайн орон нутгийн удирдлагууд тогтоох боломжтой. Ахмадын өргөөний тухайд энэхүү хуулийн төсөл дотор хэд хэдэн заалт орсон.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ахмадууддаа амласан зүйлээ хэрэгжүүлж эхэлж байгааг сайшааж байна. Долларын ханш өссөнтэй холбогдуулан иргэдийн худалдан авах чадвар буурсан. Энэ хэмжээний мөнгийг ахмадууддаа нөхөж өгөх хэрэгтэй. Санхүүгийн хувьд боломжгүй гэж бидний тархийг угааж байна. Гэхдээ бидэнд мөнгө бий. Зэсийн баяжмалаас олсон мөнгийг ашиглах хэрэгтэй. Мөн оффшорт хэдэн зуун саяар нь мөнгөө хадгалуулж байгаа хүмүүсийн мөнгийг Монголд оруулж ирэх хэрэгтэй. Оффшорчдыг хамгаалсан хуулиа татаж ав" гэж асуув.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Ахмадуудын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь зээлийн хүү. Тус хуульд зээлийн хүүгийн талаар тусгагдаагүй байна. Холбогдох яамны зүгээс энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ. Ахмадуудын орлогын эх үүсвэр тэтгэвэр. Тэтгэврийн зээлийн хэмжээг арилжааны банкуудтай тохирох боломж бий юу. Ахмадуудын нийтийн тээврийн унааны хөнгөлөлтийг хөдөө орон нутгийн ахмадууд хэрэглэж чадахгүй байна. Хөдөө орон нутгийн ахмадууд нийслэлд ирэхэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бий юу" гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр түүний асуултад хариулахдаа "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр анхны хуралдаанаа хийсэн. Энэ үеэр хоёр шийдвэр гаргасан. Монгол банкны хүүтэй уялдуулан хадгаламжид байршуулах шийдвэрт хүрсэн. 640 тэрбум төгрөгийг арилжааны банкинд 15 хувийн хүүтэй байршуулна. Ийм шат дараалсан арга хэмжээгээр тэтгэврийн зээлийг бууруулна. 640 тэрбум төгрөгийн зөвхөн 40 хувийг тэтгэврийн зээлд зарцуулахаар төлөвлөж байна. Тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруулна. Тэтгэврийн зээлийн хугацааг 1-6 сар гэж тогтоосон. Тус хуулийн төсөлд хөдөө орон нутгийн ахмад настнууд нийслэлд ирэхдээ нийтийн унаагаар үнэ төлбөргүй ирэх зохицуулалтыг тусгасан" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Ахмадуудын амьжиргааны үндсэн хөшүүрэг нь тэтгэвэр. Тэтгэврийн зээлийн зөрүүтэй хэдэн хүн байгаа вэ. Үүнийг хэрхэн арилгах вэ. Ахмадуудын дунд хийсэн судалгаагаар 86 хувь нь хөдөлмөр эрхлэх чадвар, тэмүүлэл байна гэж хариулсан. Ахмадуудад хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ. Ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ" гэж асуулаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг багц болгож оруулсан. Үүнтэй холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн. Ахмадуудыг нийгмийн идэвхтэй, санхүүгийн хувьд чадамжтай байлгах бодлоготой уялдана. Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох заалтуудыг мөн оруулж орсон. Заавал өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх заалтуудыг оруулсан. Тэтгэврийн шинэчлэл хийхэд хэд хэдэн шат дараалалтай арга хэмжээ авна. Одоогоор бол аудит хийх шатандаа явж байна. Тухайлбал, нэг салбар дээр 187 сая орчим төгрөгийн зөрчил гарсан. Ахмад настны тэтгэврийг буруу тогтоосон хэрнээ гүйцэтгэл дээрээ байцаагч нь бичилтийг нь өндрөөр тогтоож дундаас нь мөнгө завшдаг байж болзошгүй байдал харагдсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авах, тэтгэврийн хэмжээг нь тогтоосноос дутуу өгөх зэрэг зөрчлүүд илэрч байна. Үүнтэй холбогдуулан тэтгэврийг дахин тогтоох аяныг зохион байгуулахыг Ерөнхий сайд надад үүрэг болгосон. Он гараад тус аянг зохион байгуулна" гэж хариуллаа.
Т.Энхэлээ