Төрийн сүлд бүхий чуулганы хуралдааны танхим эл хуль. Хойморт УИХ-ын дарга З.Энхболд зөөврийн компьютерээ оролдонгоо УИХ-ын гишүүдийг хуралдаандаа суухыг сануулна. Теле сүлжээгээр УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын гишүүдийг хуралдаандаа орж ирэхийг урина. Тэр даруйд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд гишүүд рүү утас цохин хуралдаандаа суухыг ятгана. УИХ-ын даргын баруун болон зүүнтээх хүндэтгэлийн сандлууд эзгүй бөгөөд Монгол Улсын төрийн далбаа л УИХ-ын даргад хань болно. Ингээд хүлээсний эцэст УИХ-ын дарга З.Энхболд ирц бүрдээгүйн улмаас хуралдаан хийх боломжгүй болсныг мэдэгдэж, чуулганы хуралдааныг долоо хоногоор хойшлуулна. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилийн нэгээхэн дүр төрх.
Тэгвэл энэ дүр төрх МАН-ыг олонхоороо эрх барих үед буюу одоо ч үргэлжилсээр. Өнгөрсөн дөрвөн жил МАН-ынхан сөрөг хүчний байр, сууринаас ажиллаж зарим асуудал эцэг, эхдээ эрхэлж туньсан хүүхэд шиг хурал хаяж зарим үед бөөн, бөөнөөрөө алга болдог байв. Тэгвэл энэ парламентын үед цөөнх болсон АН-ынхан ингэж аашилж байх юм.
Зөвхөн АН гэлтгүй МАН-ын гишүүд ч сүүлийн үед ажилдаа идэвхгүй хандаж хурал тасдаж алга болцгоодог боллоо. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор гурван гишүүнтэй хуулийн төсөл хэлэлцэж суусан бол энэ долоо хоногт бүр ирц нь бүрдэхгүй арга ядаж сууцгаана. Өчигдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хорооны ирц хүрээгүйн улмаас хуралдаан хойшилсон. УИХ дахь олонхийн бүлэг ирцээ бүрдүүлж чадаагүйгээс тус байнгын хорооны хуралдаан хоёр дах удаагаа хойшилсон нь энэ юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хуралдах ёстой байсан ч тухайн үед Ардчилсан намын Их хурал болж байгаатай холбоотойгоор хойшлогдсон юм. УИХ-д 65 суудал авсан тус намынхан Ардчилсан намыг харалгүй ирцээ бүрдүүлээд хуралдах бүрэн боломжтой. Гэвч сүүлийн үед ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар олон хурал хойшлогдож байгаагийн нэг жишээ энэ. Энэ байдлаас болж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг нь хасах хуулийн төсөл санаачилж болдоггүй юм уу. Сонгогчдынхоо эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ. Иргэдээ хүндлэхгүйгээр ийм их хурал яваад байдаг” гэж өнгөрсөн баасан гаригт шүүмжилж байсан юм. Эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ үед амрах завгүй ажиллах ёстой хүмүүс нь ийм л дүр төрхтэйгөөр сулдаа ганхаж явна.
Мөн өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлосон цагаасаа хоёр цагаар хоцороч эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч дөрөвхөн гишүүнтэйгээр хуулийн төслийг хэлэлцсэн. Тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Оюундарь, Л.Энхболд нар биечлэн оролцож байгаа бол Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Эрдэнэ нар ирээгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бол нийгэмд хүлээлт үүсгэсэн чухал хуулиудын нэг. Гэтэл олон эмэгтэй болон бусад хүний эрх, ашгийг хамгаалсан уг хуулийг дөрвүүлээ хэлэлцсэн болоод л өнгөрч байна.
Нөгөө олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг үг жинхэнэ утгаараа парламентад л үйлчлэх ёстой баймаар. Гэтэл манай гишүүд хуулийн төсөл боловсруулах, батлах үйл ажиллагааг халтуурдсаар. Ингэсээр байвал Монголд сайн хууль гарч зорилтот бүлэгтээ очиж үйлчилнэ гэдэгт эргэлзээтэй.
Мөн өчигдөр УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох байсан ч бас л хойшилсон юм. Хамтарсан байнгын хорооны хуралдаанд хамгийн багадаа 19 гишүүн ирж ирцээ бүртгүүлснээр эхлэх ёстой юм. Гэтэл 15 гишүүн ирээд бусдыгаа хэдэн цагаар хүлээв. Тус хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн байсан шалгалтын дүнг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал хоёр долоо хоногийн өмнө орж ирсэн. Энэ үед нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, улмаар завсарлагын хугацаа дахин үргэлжилж, энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн ч гишүүдийн ирцээс шалтгаалж дахин хойшилсон нь энэ.
Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан нам Чингис бондыг олон улсын зах зээлээс босгосны хүчинд эдийн засгийн хямралыг даван туулсан. Мөн бондын эх үүсвэрээр олон аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, авто замууд олноор баригдаж, бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж онцолсон юм.
Сүүлийн үед ганц байнгын хороо гэлтгүй УИХ-ын чуулганы ирц ч муу байгаа. Чуулган 76 гишүүнтэйгээр хуралдах номтой бол сүүлийн үед 30 хүрэх үү, үгүй юу гишүүнтэй хуралдаж байгаа гэж хэлж болно. УИХ-ын гишүүдийн хуралдаа суудаггүй назгай байдлыг ажигласан иргэд олон нийт “Баяр дөхөөд гишүүд ажилдаа хуумгай ханддаг болжээ” гэж ярьцгааж байна.
УИХ-ын гишүүд албан ёсоор завсарлага авалгүйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь ажлаа тасалж байна гэсэн үг. Нэгэнт УИХ-ын гишүүд намынхаа бодлогоос зөрж чаддаггүй юм бол төрийн ажил гацааж байгаагийн хариуцлагыг улс төрийн намууд хүлээх болох нь. Төрийн ажил тогтвортой, тасралтгүй явах нь маш чухал асуудал. Гэтэл үүнийг ухамсарлаж байгаа нам ч алга. Санаа зовч байгаа улстөрч ч ховор байна. Төрийн гол бодлогыг баталж, боловсруулдаг байгууллага бол УИХ. Гэтэл үйл ажиллагааг нь гацаана гэдэг бол Монгол төрийг гацааж байна гэсэн үг. Тэгэхээр ажилдаа хайнга ханддаг УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг ч хөндөх нь энүүхэнд байгаа юм. Ажлаа тасалдаг энгийн иргэн хариуцлага хүлээдэг харин УИХ-ын гишүүд зүгээр өнгөрдөг байж болохгүй. Улс орны хувь заяатай холбоотой ажил хариуцдаг УИХ-ын гишүүдийн энэ хэнэггүй байдалд хэн, ямар хариуцлага тооцох вэ?
Т.Энхэлээ