Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбогдуулан БНХАУ-ын тал манай талын дөрвөн айлчлалыг цуцлаад байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас айлчлалуудаа цуцлаад байгаа БНХАУ-ыг хүлээлгүй зээл өгөх боломжтой өөр улсыг эрэлд гараад байгаа аж.
Саяхан Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболд тус улсын ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр амласан $1 тэрбумын зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж. Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболдын энэхүү хүсэлтийг БНЭУ-ын гадаад хэргийн яам уг хүсэлтийг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.
Харин үүний дараахан Хятадын гадаад бодлогын тусгал болдог Global Times сайтад “Монгол улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн нийтлэл гарсан байна.
Тус нийтлэлд Монголын эрх баригчдын Энэтхэгээс зээл тусламж авах тухай дурьдсан байна. Мөн үүнээс гадна Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай болохыг сануулсан байна. Монгол улс Энэтхэгээс тусламж хүссэн явдал улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр бөгөөд ингэснээр байдлыг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх боломжийг улам багасгана хэмээн нийтлэлдээ дурьджээ.
Хятадын талаас “Хямралд автсан Монгол улс алдаанаасаа суралцаасай гэж бид хүсэж байна” хэмээн хэлсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө Далай ламыг урьсан Монголын засгийн газрын эр зоригийг магтжээ гэсэн мэдээлэл tibet.net сайтад гарсан. Тухайн нийтлэлд, Хятадыг тайван замаар ардчилсан засаглалд шилжүүлэхийн төлөө тэмцдэг “Хятадын санаачилга” (Initiative for China - IFC) хөдөлгөөн мэдэгдэл гаргаж Коммунист Хятадын дарамт шахалтыг үл тоон Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаасан байсан.
Харин энэ удаад Хятадын талаас “Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай” болохыг сануулсан байна.
Эх сурвалж: Global Times