Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио-Тинто компани өчигдөр байгууллаа. Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авах бөгөөд Рио-Тинто батлан даалт гаргаж буй. Зээлийн гэрээг байгуулсантай холбоотой ёслолын ажиллагаа өнөөдөр болох юм байна.
Оны төгсгөлд их хэмжээний мөнгөний урсгал манайд орж ирнэ гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө" гэх таатай мэдээлэлийг дуулгасан.
Гэхдээ энэ мөнгө бол Оюутолгойг Олон улсын 15 банкинд бүр нарийн хэлэх юм бол "ломбардаж" байж орж ирж байгаа мөнгө юм. Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байгаа билээ, ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ гээд бодоод үзэхээр хэрэгтэй мөнгө орж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ үүний цаана айдас байна.
Дэлхийн Jubilee Debt Campaign-ы гаргасан шинжээчийн шинэ дүгнэлтээр өөр 20 гаруй улсын засгийн газар өрийн хямралд хэдийнээ орсон бөгөөд нөхцөл байдал тун хүнд байгаа гэнэ. Jubilee-гийн шинжээчдийн дүгнэлтээр дараах нөхцлийг хангасан орнууд өрийн хямралд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа гэж үзэж байна. Үүнд:
Гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ий 30 хувиас давсан
Гадаад худалдааны алдагдал нь ДНБ-ий 5 хувиас давсан
Өрийн эргэн төлөлтийн хэмжээ нь төсвийн орлогын 10 хувиас давсан
Тэд Монгол улсыг тодорхойлохдоо, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг хичээж байгаа, байгалийн их баялагтай энэ орон ойрын жилүүдэд $1 тэрбум орчмыг зээлэхээр төлөвлөж байгаа. Гэвч тэдний үндэсний валют болох төгрөгийн ханш эрчимтэй унаж байна. Хэрвээ өмнөх жилүүдэд тохиосон эдийн засгийн өсөлтийн үе төгсгөл болж байгаа бол энэ нь хүнд цохилт болно гэжээ.
Бутан (Өмнөд Ази)
Кэйп Верд (Африк)
Доминика (Карибын сав)
Эфиоп (Африк)
Гана (Африк)
Лаос (Зүүн Өмнөд Ази)
Мавритани (Африк)
Монгол (Зүүн Ази)
Мозамбик (Африк)
Самоа (Номхон Далай)
Сан Томе э Принсип (Африк)
Сенегал (Африк)
Танзани (Африк)
Уганда (Африк)
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэгсэн. Гэвч зах зээлийн нийгэмд өр тавьж, зохистой зөв зарцуулвал хөлжих, баяжих боломжтой хэмээн хүн бүр зүтгэсэн. Үүний нэгэн адил улс маань ч өр тавьж томрох төлөвлөгөө боловсруулан 1.5 тэрбум ам.долларын зээл авсан нь саяхан. Гэвч эргэн төлөлтийн хугацаа хаяанд иржээ.
Манай улс Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр буй болжээ. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх юм.
“Чингис бонд”-ынх 2018 оны нэгдүгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн өрийг төлж эхлэнэ. Харин нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх гэнэ. Үүний дараа Самурай бондын төлөлт орж ирэх бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ хийжээ. Тэгвэл одоо орж ирэх мөнгөө ашигтай зүйлд зарцуулаад улс төржихгүй ашигтай бүтээн байгуулалтаа урагшуулаад явахгүй бол хүнд нөхцөлд байдалд орно. Энэ 4.4 тэрбум долларын санхүүжилт мөн л бондын мөнгө шиг үр ашиггүй зүйлд зарцуулж, сураггүй алга болх вий гэсэн хардлага ч мөн байна. Хэрвээ манай улс өрөө төлж чадахгүй бол газар нутгаа алдана. Энэ мөнгө түр хугацаанд амь зогоох эм тариа гэдгийг улс төрчид сайн санах хэрэгтэй. Мөн үүнээс Тун удахгүй ээлжит 2016 оны сонгууль болох гэж байна. Манай улс төрчид аль хэдийн сонгуулийн шоугаа хийгээд эхэлсэн. Сонгуулиар мөнгөөр цохиж гарч ирэх гэсэн “сонгууль горилогчид” ихэссэн байна. Энэ мөн эрхэм гишүүдийн сонгуулийн мөнгө болчихгүй биз.
Б.Анхням