Яг одоогийн байдлаар Найман шарга худалдааны төвд долларыг 2550 төгрөгөөр авч 2580 төгрөгөөр зарж байна. Долларыг дагаж бусад валютын ханш ч нэмэгдсэн бөгөөд юаны ханш өнгөрсөн долоо хоногийнхоос даруй 32 төгрөгөөр нэмэгдэж 382 төгрөгт хүрчээ. Харин энэ үнэ үдээс хойш хэд болж нэмэгдэхийг хэн ч таашгүй. Өчигдөр арилжааны банкууд доллар зарахаа зогсоосон нь өнөөдөр бусад арилжааны төвүүдийг долларын ханшаа өсгөхөд нөлөөлөх нь дамжиггүй.
Энэ сарын 1-ны өдөр буюу аравхан хоногийн өмнө 2400 төгрөгөөр зарагдаж байсан доллар зөвхөн өчигдөр үдээс хойш 50-80 төгрөгөөр нэмэгдэв. Монголд долларын ханш шиг гэрлийн хурдаар өсч буй зүйл алга.
Эрх баригч МАН Засгийн эрхийг хүлээж авахад долларын ханш 1950 төгрөг байв. Доллар 2000 төгрөгт хүрвэл бараг л боож үхнэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулна гэж ярьж байсан МАН-ынхан өнөөдөр олигтой тайлбар ч үгүй зогсож байна.
Энэ оны эцэс гэхэд долларын ханш 2500 төгрөгт хүрэхээр байгааг аль өнгөрсөн хавраас эхлэн эдийн засагчид анхааруулсаар ирсэн. Гэвч энэ засгийн газар ханшийн өсөлтийг хязгаарлаж, валютын нөөцөө нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогоо өсгөх тал дээр дорвитой ажил хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Харин ч эсрэгээрээ өмнөх Засгийн газраа муулж, хамаг болохгүй, бүтэхгүй зовлонгоо бусад руу чихэж сууна.
Өчигдөр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар долларын ханшийг хязаарлах асуудлаар “2.2 тэрбум ам.долларын нөөц байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүнийг үрэн таран хийсэн. Одоо валютын нөөц гэж байхгүй. Хятадаас авсан 1.3 тэрбум долларын зээлээр нөөцөө бүрдүүлж байна” гэв.
Уг нь бол улс төрчдөд хэрэлдэх зав байхгүй баймаар юм. Та бүхнийг шүлсээ үсчүүлээд хэнд ч хэрэггүй хэрүүл хийгээд сууж байх хооронд чинь долларын ханш өсч байна. Экспорт өсөөгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, гаднаас зээл тусламж аваагүй тохиолдолд валютын нөөц нэмэгдэнэ гэж санах ч хэрэггүй. Иймд долларын үнэ цаашид өссөөр л байна. Тэгэхээр Засгийн газар гадны хөрөнгө оруулалтыг татахаас эхлээд валют олж ирэх үүргээ сайн хийх хэрэгтэй байна. Гэтэл Засгийн газрыг өдөр биш цагаар өсч буй долларын ханшийн хурдыг гүйцэхгүй ажиллаж байна хэмээн ард иргэд шүүмжилж байгаа. Иймд Засгийн газар илүү өргөн цар хүрээтэй шийдэмгий ажлаа яаралтай явуулж ядаж ОУВС-тайгаа эхлүүлсэн яриа хэлэлцээрээ дуусгах хэрэгтэй. ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал 1-1.5 тэрбум, дээр нь Японоос хоёр тэрбум долларын зээл тусламж үзүүлж болно гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт 2-3 тэрбум долларын орж ирнэ гэсэн хүлээлт байна. Гэхдээ Засгийн газрын өнөөгийн өр өсвөл ДНБ-д эзлэх хувь нь 90 хувийг давахаар байгааг ч Дэлхийн банкнаас анхааруулж байгаа. Цаашилбал уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгаа учраас маш болгоомжтой бодлогыг хэрэгжүүлэх үүрэг энэ Засгийн газарт ногдож байгаа юм.
Долларын ханш огцом өссөн шалтгаан юу вэ?
Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад Монгол банк валютын дуудлага худалдаа тогтмол зохион байгуулдаг. Валют арилжааны цэгүүд Монгол банкинд болсон арилжааны үнийг мэдээг харчихаад өөрсдийн үнээ тогтоодог жишигтэй.
Тэгвэл өчигдөр Монгол банк валютын дуудлага худалдааг зохион байгуулсангүй. Өчигдрийн своп арилжаагаар банкууд 2525-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар авах саналыг ирүүлжээ. Гэтэл Монгол банк дуудлага худалдаанд оролцоогүй нь долларын ханш огцом өсөх нэг шалтгаан болсон байж мэднэ. Нөгөөтэйгүүр Төв банк валютын нөөцийнхөө байх ёстой хамгийн доод түвшинд очжээ гэдгийг энэ үйл явдал харууллаа. Хажуугаар нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд нь валютын нөөцгүй болсон гэдгээ ил, цагаанаар зарласан нь валют арилжагчдыг валютаа нэмэхэд хүргэсэн байх өндөр магадлалтай.
Манайх шиг өргөн хэрэглээний барааны үнэ нь валютын ханшаасаа өндөр хамааралтай оронд дээрх бүхэн аюулын дохиотой ижил зүйл. Өнөөдөр доллар, юаны ханш нэмэгдэхэд маргаашнаас бензин, талхнаас эхлээд бүх барааны үнэ нэмэгдэнэ. Энэ бүхэн ард түмний нуруун дээрх ачааг л нэмэгдүүлнэ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл монголын дундаж давхрагын айлууд доод түвшиндээ очиж ядуурал газар авах нь ээ. Харин талхаа таллаж авдаг байсан иргэд дөрөв хувааж авах нөхцөл байдал руу очих нь тодорхой.