Хүмүүс Монголын зэс компанид талархсанаа илэрхийлэх цаг ирнэ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд очсон 49 хувийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд ард иргэдийг талцуулаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар ямар байр, суурь илэрхийлснийг онцлох 30 ишлэл булангаараа хүргэж байна.
- Би 1990 онд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг ахалж тухайн үеийн Орос, Монголын 50, 50 хувь байсныг 51 болгосон. Монголын талд нэг хувийг авчирсан гэсэн үг.
- 1990 оны үед Орос улсад маш их алаан, хядаан, буудалцаан мөргөлдөөн гэмт хэрэг гарч туйлдаа хүрч байсан. Зэрлэг капитлизм цэцэглэж байв. Хэн гэмт хэрэгтэнтэй илүү холбоотой тэр давуу эрхтэй байлаа. Тухайн үед Эрдэнэтийн 49 хувийг Оросын нэгэн компани хувьдаа авах гэж оролдож байсан. Тэр компани Засгийн газартаа нөлөөлөх гэж байсан. Тухайн үед тэр үеийн монголын зарим дарга нар тэр компантай нийлэх сонирхол байсан. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийн хаалга үүдийг нь эвдэж эзлэх гэж оролдож байсан.
- Ерөнхий сайд Ж.Наранцацралт танхимын гишүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр албан ёсоор Засгийн газрынхаа хурлаар оруулж, протколд тусгалгүйгээр нэгэн захиаг бичиж өөрийн гарын үсгээ зураад Оросын Засгийн газарт явуулж байсан. Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах талаар тэр захиандаа бичсэн байсан. Тэр захианаасаа болоод огцорч байсан. Оросын Засгийн газар тэр захиаг нь албан ёсны бичиг баримт биш байна гэж үзээд хүлээн авч шийдвэрлээгүй.
- Намайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд долоон удаа буцааж байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди намайг хүлээж авалгүй буцааж байсанд нь би баярладаг.
- Намайг хүлээж аваагүй учраас миний оронд өөр хүмүүсийг нэр дэвшүүлж байсан. Намайг буцаасан. Харин С.Зоригийг буцаах шалтгаан байхгүй байсан учраас дарсан юм байлгүй. Хэрвээ тэгээгүй бол С.Зоригийн хэрэг учир битүүлэг байхгүй байсан.
- Монголын ямар өмчийг дээрэмдчихсэн юм. Эрдэнэт чинь Оросын өмч шүү дээ.
- Монголын хувийн компани мөнгөө олоод гадаадын өмчийг олж ирсэн нь юуг буруу хийгээд ямар хууль зөрччихөөд байгаа юм.
- Энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газар энэ үйлдвэрийг авах мөнгөгүй байсан.
- Монгол улсын төсөвт ийм дайны худалданг авалт хийх хөрөнгө байхгүй байсан. Тийм учраас Монголын зэс компани авсан.
- Монголын Засгийн газрын хэлэлцээрийг Орос руу явуулахад тус улсын засгийн газар зөвшөөрсөн.
- Ростех компани албан ёсоороо зарахаа мэдэгдээд албан ёсны тендерээ зарлахад олон улсын компаниуд оролцсон. Харин ч Монгол улс тэр тендерт нь ялж чадсан. Энэ бол манай хоёр улсын хооронд маш эелдэг харилцаа байна гэсэн үг.
- Хүмүүс Монголын зэс компанид талархсанаа илэрхийлэх цаг ирнэ.
- Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр авах гэж байсан бол УИХ-аар оруулахаар байсан. Тэнд улсын мөнгөөр хийгдэх наймаа яригдах гэж байна шүү дээ. Харин энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар төрийн мөнгийг захиран, зарцуулах зүйл яригдахгүй учраас УИХ-аар хэлэлцүүлээгүй.
- Хоёр улсын Засгийн газын хэлэлцээрийг цуцлах нь Засгийн газрын өөрийнх нь эрх мэдэл. Эрдэнэт үйлдвэрийн гэрээ бол хоёр улсын засгийн газрын хэлэлцээрээр хийгдсэн.
- Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн лиценз хэнд ч шилжээгүй. Тэр ордын баялагийн захиран зарцуулах эрх нь Эрдэнэт үйлдвэрт л байгаа. Хэн нэгний эрх мэдэлд очоогүй.
- Эрх мэдэлтэй эрхэм гишүүдийн хэлж байгаагаар гэрээг буцаах гэнэ. Буцаах ямар ч боломжгүй. Наймаа буцна барина гэснээс хууль шүүхийн байгууллагаар хууль зөрчсөн эсэхийг л тогтоох эрхтэй.
- 49 хувьд шилжүүлсэн гэрээний хохирогч нь хэн юм бэ. Монгол улс хохироогүй. Орос өмчөө зарсан. Орос өмчөө хулгайд алдаагүй. Хэний өмнөөс гомдол гаргах гээд байгаа.
- Төр авч болох юм аа аваагүй.
- Цахилгаан станц барихгүй гээд 20 жил хэрэлдэж байгаа хүмүүс яагаад эрдэнэтийн 49 хувь дээр хэрэлдээд байгаа юм. Яагаад гэвэл цахилгаан станц барихад миний эрх ашиг байна уу гэдгийг хараад байна гэж би боддог ш дээ.
- Хэдхэн жилийн дараа Ц.Нямдорж өөрийнхөө хэлсэн үгнээс ичих хэрэгтэй болно. Оюутолгойг дуусгасан гэж байна. Юу дуусчихсан юм. Дөнгөж эхэлж байсан.
- Харин ч 100 жил ашиглах гүний уурхайн ажил хоёр талд гацаад байхад нь эхлүүлсэн. Хэрүүлийн дунд гацаад байсан шүү дээ. Оюутолгойг эхлүүлсэн нь ашигтай эсэх талаар тэнд ажиллаж байгаа 2000 гаруй монгол ажилчнаас очоод асуудаа.
- Дубайн гэрээг шийдэх тийм ч амар байгаагүй. Хоёр жил гаран хүнд хэлэлцээрт ажиллаж ирсэн. Улс төр байдаг учраас хийж, бүтээсэн ч өөлье, шүүмжилье гэсэн өнөөдрийг хүртэл шүүмжлэл яваад байна.
- Тавдугаар цахилгаан станцийг барина гэж маш олон жил ярилаа. Гэтэл өнөөдрийг хүртэл барьсангүй. Цахилгаан станц нэхэж хэн ч өнөөдөр дуугарахгүй байна. Байхгүй цахилгаан станцыг ярихгүй. Байлгаад бүтээхээр Ц.Нямдорж гишүүн шиг зүйл яриад байна.
- Дубайн гэрээ гүний уурхайг ажилд оруулах нэмэлт зээлийн гэрээ байсан. Оюутолгойн гүний уурхайн зардал нь хэтэрсэн учраас нэмж мөнгө зээлээд ажиллуулсан.
- Маргалдаад л байсан бол гүний уурхай ажилд орохгүй байсан. Оюутолгой татвар төлөлтөөрөө “Эрдэнэт”-ийг хол хаячихсан байна. Хэрвээ бид тийм гэрээ хийгээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Үүнийг цаг хугацаа баталж харуулна. Оуютолгой компани хамгийн амжилттай, дэг журамтай ажиллаж байна.
- Дампуурдаг улс гэж байдаггүй юм. Улс төрийн утгаараа л дампуурдаг.
- Өнөөдөр нэмэлт зээлийг авах ёстой. Гагцхүү тэр зээлээ хэрэгтэй зүйлд л зарцуулах хэрэгтэй.
- Намайг төрийн өмчит үйлдвэрийн өрөмийг хамдаг гэж байна. Хаанаас, юунаас нь өрөм хамах юм.
- Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн байхдаа маш өндөр цалин авдаг байсан. Өнөөдөр төрийн байгууллагууд 200-300 мянган төгрөгийн цалин өгчихөөд шударгаар ажилла гэж шаардах эрхгүй. Хангалттай цалингий нь өгчихөөд “Хулгай хийж болохгүй шүү” гэдгийг нь ярих хэрэгтэй. Төрийн байгууллагууд хоёр нүүр гаргалгүй стандартаа нэг болгоё.
- Эрдэнэт үйлдвэрийг Оюутолгой шиг болгосон туршлагыг маань ашиглах гэж ТУЗ-ийн гишүүнээр сонгосон байх гэж бодож байна.