Мэргэжлийн Засгийн газрын сайд нар эрийтэл сууж байгаад 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Тэдний 100 хоногт амжуулсан ажлуудын дотор "Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.метр болгож нэмэгдүүлсэн" гэх өгүүлбэр байна. Тодруулбал, ипотекийн зээлд хамруулах байрны хэмжээг 80 ам.метр байсныг 100 ам.метр болгосноо тэд гайхуулан ярив.
Тэднийг ингэж хэлэхийг сонссон зарим иргэд "Байрны м.кв-ийн хэмжээг томруулах яах вэ?. Ядаж 80 м.кв байраа асуудалгүй найман хувийн зээлээр өгчих хэрэгтэй. Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгож чадахгүй зогсоочихоод байрны м.кв ярьж буй нь цагаа олоогүй хэрэг. Олон зуун айл ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байна. Тэдний асуудлыг шийдэж чадахгүй байж байрны м.кв томруулах асуудал ярих нь утгагүй. Жижиг ч гэсэн байранд орох хүсэлтэй залуус олон байна" хэмээн шүүмжилж байна. Аргагүй, ипотекийн зээл зогссон гурван сарын хугацаанд орон сууцанд орох хүсэлтэй иргэд Засгийн газраас нааштай шийдвэр гарчих байх хэмээн горьдож суугаа. Зарим нь хашаа, байшингаа хүртэл зараад байр хөлсөлж амьдарч байна шүү дээ.
Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудлаар "Энэ зээл өмнөх хувилбараараа явбал Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд хөтөлбөр хэрэгжүүлээд байж болно. Надад эх орноо, эдийн засгаа гэсэн сэтгэл байгаа учраас тэгж чадагүй байна. Орон нутгийн сонгуулийн өмнө тэгэж болох байсан. Эдийн засаг миний гоёоор ярих хөтөлбөрийг даагаад явах боломжгүй учраас зогсоосон юм. Найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцлөөр хэрэгжих боломж бүрдэнэ" гэж өчигдөр мэдэгдлээ.
Түүний хэлж буйгаас дүгнэвэл ипотекийн зээл үргэлжиллээ гэж бодоход өөр нөхцлөөр хэрэгжих нь. Тодруулбал,найман хувийг нэмж ес эсвэл 10 ч болгож магадгүй байна. Учир нь найман хувийн зээлийг энэ хэвээр үргэлжлүүлбэл эдийн засаг ачааг нь даахгүй сөхөрнө гэдгээ Ерөнхий сайд битүү утгаар хэлчихлээ шүү дээ. Эсвэл шалгуур нь өндөр болж магадгүй юм. Хэрвээ тэгвэл хүссэн хүн бүр байранд амьдарч чадахгүй нөхцөл байдал үүснэ. Түүний хэлснийг том зургаар нь харвал уг зээлийг санхүүжүүлэх хөрөнгө Засгийн газарт байхгүй юм байна. Монгол банкны Ерөнхийлөгч нь ч мөн "100 мкв битгий хэл 80 мкв байраа санхүүжүүлэхэд хүндрэлтэй байна. Тэгсэн ч уг зээлийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна" гэж чуулганы танхимаас хэлсэн. Тэгэхээр одоохондоо ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө Засгийн газарт байхгүй гэж ойлгох хэрэгтэй болж байна.
Гэтэл ямар ч санхүүжилтгүй, мөнгөгүй байж яагаад байрны хэмжээг 100 мкв болгож нэмэв гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. 80 мкв-ийг санхүүжүүлэх мөнгөгүй байж 100 мкв болгож буй нь ямар учиртай вэ гэдэгт иргэд эргэлзэж байгаа. Зээл зогсоосныг эсэргүүцэн шүүмжилж буй иргэдийн бухимдлыг орон нутгийн сонгууль өнгөртөл дарах гэсэн арга ч байсан байж мэднэ. Сонгуулийн үеэр иргэдийн эмзэг асуудлаар сэтгэл зүйг нь зөөлрүүлж түр хуурсан арга болсон нь энэ үед улам илүү мэдрэгдэж байна.
Зээлд хамрагдах байрны хэмжээг 100 мкв болгон түүнд нь зориулсан журам боловсруулж байна гэх халхавчаар энэ Засгийн газар иргэдийг хоёр сар хүлээлгэж байна. "Журамаа боловсруулж дуусаагүй байна. Иргэд та бүхэн том талбайтай байранд орохын тулд түр хүлээгээрэй" гэж цаг нөхцөөж иргэдийг аргалж байна гэж хардахаас өөр аргагүйд хүргэж байна.
Монгол банк нь зээлд хамрагдах байрны хэмжээг томруулсаныг эрс эсэргүүцэж ирсэн. Тус банкны зүгээс Засгийн газрын энэхүү шийдвэрийг эхэндээ хүлээж авахгүй гэж мэдэгдэж байсан ч одоо "Шийдэхийн тулд хичээж байна" гэж дуугарч байгаа.
Тэр бүү хэл Засгийн газраас ипотекийн зээлийн журманд 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах саналыг гаргасан нь түр зогссон найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоход тушаа болж байгааг Монгол банкнаас сануулсан удаатай. Ипотекийн зээлийг санхүүжүүлэгч гол байгууллага нь ингэж мэдэгдсэн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг судалгаагүй, бусад салбартайгаа уялдаа холбоогүй ажилладагийг тод харуулж буй юм.
Засгийн газрын тэргүүн нь чухал асуудлаар төв банктайгаа зөвшилцөлгүй дураараа мэдэгдэл хийж тэр нь байранд амьдрах хүсэлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд төвөг, чирэгдэл учруулж буйн л жишээ. Засгийн газар иргэдийг түр аргалж дур мэдэн ийм шийдвэр гаргасан нь ипотекийн зээлийг санхүүжүүлэх ажилд хүндрэлд учруулахаас гадна иргэдэд чирэгдэл учруулж байна. Хамгийн чухал нь эдийн засаг хүндрэлтэй 80 м.кв байраа ч санхүүжүүлэх боломжгүй энэ үед нэмэлт санхүүжүүлэлтийг хаанаас, хэрхэн гаргахаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө ч сайн мэдэхгүй явна.
chuhal.mn