Х.Тэмүүжин хүүхдээ гадаадад сургахын тулд хүнд үрчлүүлжээ гэсэн мэдээ хэсэг шуугиан тарьж байсан. Шүүхийн шийдвэрийг харахаар тухайн үед буюу 2012 онд “МCS” компанийн гурван хувийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир гэдэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 15 настай хүүг үрчилж авсан байдаг. Хүүг нь үрчилж авсан шалтгаанаа Л.Элдэв-Очир шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон.
Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн ярьсан байдаг. Энэ асуудал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэгсхийгээд намжсан. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй холбоотой бас нэг таагүй мэдээлэл гарчээ. Энэ талаарх мэдээлэлийг “Үнэн Худал” буландаа онцолж байна.
Тодруулбал, Х.Тэмүүжин сайд байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн ах дүү нартаа байр олгосон талаар таагүй мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Хууль зүйн яамны ажилтнуудад зориулсан байрыг хувиарлах тушаалд гарын үсэг зурсан байна. Байр авсан иргэдийн дотор Х.Тэмүүжин ах, дүү хамаатан садандаа найман орон сууцыг олгосон байна. Энэхүү тушаал нь өнөөдрийг хүртэл нууц байсан аж. Хамаатан садандаа байр олгохын тулд мөн л хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна.
Мөн Х.Тэмүүжингийн ажлын албанд зүтгэсэн, хууль зүйн салбарт хоёр жил ч ажиллаагүй газрын дарга, хэлтсийн дарга, бодлогын дарга, сайдын туслах гэсэн хүмүүс нэг нэг байр аваад сайдтайгаа хамт огцорсон гэнэ. Энэхүү хуль бус үйлдэлийг Хууль зүйн яамныхан мэддэг ч өнөөдрийг хүртэл хав дарсан аж.