УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар луйвардаж авсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Уг асуудлаар түүнтэй ярилцлаа.
БИ “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛААР НАМД ЗАХИРАГДАХГҮЙ
- Та “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирч чадлаа. Гэтэл улс төрийн хүрээнд хэн ч уг асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээхдээ өргөн хүрээний асуудлаар үг хэллээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг огт хөндсөнгүй. Үүнийг та юу гэж харж байна вэ?
- УИХ-ын дарга намрын чуулганыг нээж үг хэлэхдээ уг асуудлыг яагаад хөндөөгүйг мэдэхгүй байна. Хэлэх ёстой юм аа л хэлж байгаа гэсэн үг. Шалгасан дүнг нь танилцуул гэж ээлжит бус чуулганы хаалт дээр М.Энхболд хэлж байсан шүү дээ.
- Таныг “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлыг хөндөөд эхлэнгүүт бүлгийн гишүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Би “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар анх удаа ярьж байгаа юм биш. 1998 онд ийм зүйл болж байсан. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байх үед буюу 1998 оны долдугаар сарын 20-дын үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсоны дараа Эрдэнэтийн хаалгыг сүхдэж байгаад эзэлж байлаа. Түүний дараахан “ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдвал манайх татгалзахгүй, манайх өөрт ногдох хувиа иймэрхүү байдлаар авбал танайх дуугүй байгаарай” гэсэн утгатай бичгийг тухайн үеийн ерөнхий сайд Орос руу явуулсан. Орост очсон тэр бичгийг Москвагаас З.Энхболд олж аваад энд авчирч Н.Энхбаярт өгч байсан. Уг бичгээс болж Засгийн газар огцорч байлаа. Тэр шалгалтыг ахалж ажиллаж байсан хүн нь би шүү дээ. Одоо энэ хоёр дахь нь.Тэр хэрүүл ид явагдаж байх үеэр буюу аравдугаар сарын 2-нд С.Зориг алагдсан юм шүү дээ. Одоо юу болох юм би мэдэхгүй байна. Тухайн үед хойд айлтай далдуур хуйвалдсан арга өнөөдрийнхтэй яг агаар нэг. Эзэн нь л өөр.
- Эзэн нь хэн гэж. Та нэрлэж болох уу?
- Одоогоос гурван жилийн өмнө буюу Ч.Ганзоригийг захирлаар нь ажиллаж байхад Сингапурт нэг уулзалт болсон. Тэр уулзалтанд ХХБ-ны Ц.Эрдэнэбилэг Ростехийн төлөөний нэг буриад генерал хоёр уулзаж Эрдэнэтийг зарах тохироо хийсэн. Тэр уулзалтын гэрч болсон үед эх орноо гэсэн сэтгэлтэй нэг залуу надад “Тэнд Эрдэнэтийн асуудлыг шийдчихлээ. Энэ аюултай юм болох гэж байна. Ямартай ч үүнийг таньд дуулгъя гэж” хэлж байсан юм. Би арай ч ийм зүйл болохгүй байлгүй дээ гэж дотроо бодоод байдлыг ажиглаад байж байтал сая яг хийлээ. Ийм л учиртай. Энэ асуудлыг улс төрийн нэг хүчин дангаараа шийдвэрлэж чадахгүй. Учир нь дөрвөн жилд нэг удаа сонгууль болж Засгийн эрх солигддог мөчлөгтэй. Тэгэхээр заавал хоёулантай нь ярьж, ойлголцож байж урьдчилсан байдлаар ажлаа явуулдаг. 1998 оных ч тийм л байсан. Бас л хоёр талын оролцоо байсан. Тэгэхээр энэ бол явдалтай эд шүү. 1998 онд Ж.Наранцацралтыг ерөнхий сайдаар томилогдох хүртэл бөөн юм болж байсан. Даваадоржын Ганболдыг 7 удаа буцаасны цаад шалтгааны нэг нь Эрдэнэтээр тохиролцож чадаагүй явдал байсан. Да Ганболд энэ тухай хэвлэлийн бага хурал хийх гээд айгаад чадаагүйг хүртэл би мэднэ. Ингэж 18 жил “төөрч” яваад Эрдэнэтийн ТУЗ-ын дарга боллоо доо. Энэ удаад Ц.Эрдэнэбилэг гэдэг хүн л энэ бүх зүйлийг хийчихлээ. Гэхдээ Ц.Эрдэнэбилэг маш жижигхэн хүн. Энэ бол Монголын бүх том дарга нартай урьдчилан тохироод хийгдсэн ажиллагаа гэдэг нь дэндүү ойлгомжтой. Үүнд баримт ч хэрэггүй. Хэрвээ том дарга нартай тохирохгүйгээр очоод хийлээ гэж бодоход ирснийх нь дараа УИХ, ЗГ эсхүл шинээр Засгийн эрх авсан хүчин гэхэд “үгүй” гээд ганцхан гишгэхэд бүх юм дуусна биздээ. Тэгэхээр энэ бол төрийн томчууд оролцсон хуйвалдаан. Ер нь бол Монголын төрийн томчууд Эрдэнэт, Худалдаа хөгжлийн банк гэсэн хоёр зүйл дээр зодолддог. Худалдаа хөгжлийн банкыг хувьчлах шийдвэр 2002 оны үед гарсан. Гэтэл хувьчилна гэж худлаа ярьж баахан алгуурласан. Тэр үед Худалдаа хөгжлийн банк улсын төсөвт 12 тэрбум төгрөгийг нэг жилд төлдөг байсан. Гэтэл хувьчлагдах шийдвэр гарсан намар улсын төсвийн тодотголоор зургаан тэрбум төгрөгийн татварыг нь байхгүй болгосон. Эндээс үүдэлтэй бөөн маргаан тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд ил далд их явагдсан даа. Ингэж наад банк чинь хувьчлагдах ч юм шиг, үгүй ч юм шиг байж байгаад нэг л мэдэхэд Ц.Эрдэнэбилэг гэдэг хүний гарт орсон. Үүнээс болж Н.Багабанди 2003 оны 12 дугаар сард “урт шар дээлтээс болгоомжил” гэсэн үг хэлж УИХ-ын 2004 оны хаврын чуулганы нээлт дээр “шинэ сонголтын жил байх болно” гэж хэлж байлаа. Ер нь Монголын томчуудын ил, далд тэмцэл энэ хоёроос л болдог. “Эрдэнэт”-тэй харьцуулах үйлдвэр өнөөдөр байна уу. Худалдаа хөгжлийн банктай харьцуулах банк байна уу. Социализмын үед боссон Монголын эдийн засгийн хоёр акул нь энэ хоёр юм шүү дээ. Х.Баттулгын 26 саяар авчихдаг Баянгол зочид буудал бол хажууд нь юу ч биш. Тэгэхээр Эрдэнэт, Худалдаа хөгжийн банкны асуудал чинь эдийн засгийнхаас гадна илүү улс төр эрх мэдлийн шуналыг байнга дагуулж байдаг юм. Одоо эргээд харахад өнгөрсөн 70 жилийн ард түмний хөдөлмөр нэг хүний өмч болох гэж байна. “Эрдэнэт”-ийг хувьчлах асуудлыг жижиг банкны захирал хийчихдэг юм биш.
АРДЫН НАМ ЭНЭ ХУЙВАЛДААНД ОРОЛЦООГҮЙ ГЭДГЭЭ БАТЛАХ ГАНЦ АРГА БАЙНА
- Төрийн томчууд гэж Ардчилсан намыг эрх барьж байх үед ажиллаж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүнийг хэлээд байна аа даа?
- “Эрдэнэт”-ийг хувьчлах шийдвэр гараад хэрэгжих хүртэл Ч.Сайханбилэг, З.Энхболд, Ц.Элбэгдорж нар байсан шүү дээ. Тэднийг эрх барьж байх үед шийдэгдээд дууссан. Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсан, мөн сарын 17, 20-ны өдрүүдэд Орос луу төлбөр хийгдсэн 23-ны өдөр Ташкентэд Орос, Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалт болж тэр арга хэмжээнд Худалдаа хөгжлийн банкны тэргүүн орлогч О.Орхон оролцсон, 28-нд Сайханбилэг нийтэд зарласан яг л байгаа биз дээ. Үүнийг юу гэж үзэх вэ. Мэдээгүй байна гэж үзэх үү. Тэгэхээр далд шийдвэрүүд байна. Үүний цаана нэг л зүйл бий. “Эрдэнэт” үйлдвэр УИХ-аар батлагдсан гэрээтэй. Тэгэхээр энэ үйлдвэрийн 49 хувийг зарах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлэх хууль номтой. Оросын Засгийн газар “Бид 49 хувиа зарна” гэдэг саналаа манай Засгийн газарт тавина. Тэр саналыг нь манай Засгийн газар авч хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлсний дараа яриа, хэлэлцээрээ хийх ёстой юм. Энэ бүх зүйл байхгүй байхад О.Орхон “Би хоёр жил хэлэлцээр хийсэн” гэж ярьсан. Тэгэхээр энд аймшигтай хуйвалдаан болсон нь ойлгомжтой байгаа биз дээ.
- Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах ажилд Монгол Ардын намынхан бас оролцсон юм биш үү.
- Манай намын удирдлага энэ ажилд оролцоогүй гэдгээ батлах ганц л арга байна. Үйлдвэрээ буцааж авах хэрэгтэй. Дураараа авирласан хүмүүсийн мөнгөний эх үүсвэр хаанаас гарсаныг шалгаад шударга гэдгээ нотол. Ингэж чадвал Ардын нам энэ хуйвалдаанд оролцоогүй гэдгээ ард түмэндээ харуулж чадна. Бултагнаад, дарж өнгөрүүлэх ажил хийгээд, цаг саармагжуулж дампуураад байх юм бол эвгүй шүү дээ.
- Өнөөгийн Засгийн газар уг асуудлыг ил гаргахаас сэрэмжилж бултагнаад байгаа юм биш үү. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнөх Засгийн газрын хуйвалдаан, хулгайг энэ Засгийн газрынхан нууж дараад байна гэж хэлсэн?
- Өө мэдэхгүй. Баримттай юм ярьсан байгаа даа. Ямартай ч хугацаа алдаж байгаа нь үнэн. Хугацаа алдаад байгаа учраас л би ярьж эхлээд байна шүү дээ. Наймдугаар сарын 5-нд шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулж эхлэх ёстой юм.
- Гэтэл хоёр сарын хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Засгийн газар шалгалтын дүнгээ танилцуулахад ийм их цаг хугацаа орно гэж үү?
- Шалгалтын дүнгээ танилцуулалгүй хоёр сар өнгөрсөн учраас булталзаж байна гэж хэлдэг нь зүй ёсных. Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргаж чадахгүй байгаагийн шалтгааныг би мэдэхгүй. Ямартай ч Засгийн газрын ажлын хэсгийнхэн 49 хувийг авсан этгээдүүдээс материал шаардахаар өгөхгүй байгаа нь үнэн юм билээ. Тоохгүй байна.Улсын доторх улс болчихсон. Надад өмөг түшиг байна гэж бодож байгаа байх. Одоогийн эрх баригчдын түвшинд шүү. Тиймээс том толгой гаргаж байгаа байх. Тийм учраас “Эрдэнэт”-ийн асуудлаар би намд захирагдахгүй, энд дарга, цэргийн харьцаа байхгүй гэж хатуу үг хэлээд байгаа юм. Эрдэнэт, Худалдаа хөгжлийн банк хоёрыг гартаа оруулчихвал түмэн жилдээ Монголын толгойд сууна гэсэн бодолтой хүн байх шиг байна. Тэр мөрөөдөл биелэхгүй. Тэр хэн байх нь хамаагүй. Үүнийг л таслан зогсоохын тулд бүх зүйлийг хийх ёстой юм.
- Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг Сангийн сайд асан Б.Болорын “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлахтай холбоотой гаргасан хоёр тушаалыг хууль бус гэдгийг тогтоосон гэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар сонссон зүйл таньд байна уу?
- Мэдэхгүй байна. Өнгөрсөн хоногуудад сайд нар цуглаад ярьсан гэсэн. Ямар дүгнэлт гаргасныг би мэдэхгүй байна. Сая бүлгийн хурлаар гурав дахь өдөр асуудлыг шийдэх юм ярилаа. Харж л байя. Уг нь сэтгэл, зориг байвал гурван цагийн дотор шийдэх ажил. Эрдэнэтийг луйвардахдаа хуучин эрх баригчид 6-р сарын 27 гэсэн ганцхан өдөрт бүхнийг амжуулсан. Гэтэл манай Засгийн газар ганц үйлдвэрээ алдчихаад 3 сар юу ч хийж чадахгүй сууж байдаг. Энэ хооронд хоног бүр татвар төлөх ёстой хагас тэрбум төгрөг алдагдаж байна. Элдэв шалгалт явуулж цаг барж, 49 хувийг луйвардаад авчихсан хүмүүстэй харьцаж маяглах шаардлага байхгүй. Зүгээр л Б.Болорын хоёр тушаалыг хүчингүй болгочихоод ТУЗ-ын гишүүдийг томилоод хурлаа хийчих л асуудал байхгүй юу. Зургадугаар сарын 27-ны өдөр тийм л зүйл болсон. Юунд нь бэргээд байгааг би ойлгохгүй байна. Би Ерөнхий сайд байсан бол энэ ажлыг тэр өдөр нь дуусгах байсан юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан этгээдүүд Засгийн газрыг байхгүй болгочихоод байхад хаалгыг нь сүхдэж байгаад орох эрхтэй юм байгаа биз дээ. Тэгэхгүй байгаа учраас би яриад байна. Сүхдээд ороо гэж өөрсдөд нь би хэлээд байгаа. Яахаараа хулгайн замаар хөлжсөн хоёр, гурван этгээд төрийн дээр гардаг юм. “Ямаа туйлж янгаа эвддэггүй, тэмээ туйлж тэнгэр эвддэггүй” гэж үг бий. Эрх мэдлээ хэрэгжүүлж чадвал хууль зүйн хүрээнд 30 минутын дотор шийдэх ажил юм.
- Гэтэл Засгийн газар хөдлөхгүй байгаа учраас өнөөдөр өөрсдийгөө хардуулахад хүргээд байна.
- Чиний хардаж байгаа чинь зөв. Минийх ч зөв. Наадах чинь чи бид хоёрынх ч биш Монголын ард түмний хүсэл.
- “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д томилогдсон гэх гишүүдийн нэрс тодорхой болсон уу. Эдгээр гишүүдийн дунд Да.Ганболдыг байгаа гэх мэдээлэл байсан. Энэ талаар таньд олж мэдсэн зүйл байна уу?
- Би асуусан. ТУЗ-ын гишүүдэд Сангийн яамнаас гурав, Худалдаа хөгжлийн банкнаас гурван хүн тус, тус орсон байна. Харин даргаар нь хэн томилогдсон талаарх албан ёсны бичиг баримтыг Сангийн яамныхан олохгүй байгаа юм байна лээ. Даваадоржийн Ганболд даргаар нь томилогдсон гэх яриа байна. О.Орхон, Д.Ганболд, Мөнхбаатар, Рэвгийлхам, Шинэбаатар, Ганбат гэсэн хүмүүс ТУЗ-д байна даа. Шинэбаатар нь ТУЗ-ын даргынхаа шийдвэрээр ерөнхий захирлынхаа нэгдүгээр орлогч болоод худалдагдсан. Ингэж л энэ хуйвалдаан явагдсан. Би 1998 оны хуйвалдааныг нь мэддэг учраас одооныхтой нь харьцуулж үзээд байна. Ижил төстэй байна. Оросын талын хувьцаа эзэмшигч нь Оросын өмчийн хороо гэж байсан. Тэгсэн Оросын өмчийн хороог Ростех гэж сольсон. Ингэж бэлтгэл хангаад байсан юм байна лээ. Сая Ростех нь санал болгоод тэр худалдаа явагдсан.
Chuhal.mn