Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулна гэсэн бор шувуу өнгөрсөн 7 хоногт Төрийн ордоноор жиргэлээ. Ажлаа аваад 58 хонож байгаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох уу. Энэ асуудал энэ 7 хоногийн гол сэдэв, яриа болох нээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тодруулбал , гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд онцолсон байна. Хуулийн дагуу бол ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих нөхцөл бүрддэг билээ. Албан бус мэдээллээр бол огцруулах саналыг энэ сарын 20-нд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ. Учир нь, энэ сарын 20 хүртэл яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлж ажлаа эхлэхтэй зэрэгцэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтворжсон хойно Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авсан хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж, 22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад байгаа аж.
Ямартай ч намын зарим гишүүд нь Ерөнхий сайдаа огцруулах санал гарсан нь ард түмэнд таалагдахгүй байгаа гэнэ. Учир нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хямралаас гарах ая тал бодох байтал ажлаа аваад 2 сар хүрээгүй байхад ийнхүү огцруулах асуудал яригдаж байгаа нь ард иргэдээ бодох гэхээс илүүтэй ашиг сонжоо харсан эрх мэдэлтнүүдийн “нүүдэл” гэж үзэх хүн ч байна. Түүгээр ч зогсохгүй 2016 оны УИХ-ын сонгууль 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсанэрх баригч намын гишүүд дотроо хагарч эхэлсэнийг илэрхийлж байна. Юутай ч Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын Ж.Эрдэнэбатын суудал “Ганхаж” эхэлсэн бололтой. Гэхдээ нөгөө талаасаа аваад үзэхэд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад мөрийн хөтөлбөр ихээхэн ашиг тус өгсөн. Сонгууль дууссан үеэс л эхлээд МАН-ын Засгийн газрын амлалт биелэлт зөрж эхэлсэн. Тодруулбал, Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байсан ч сонгуулийн дараагаас эхлээд санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Хэрвээ улс мөнгөтэй болбол үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэж буй. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулсан. Мөн үүнээс гадна иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан бол өнөөдөр найман төрлийн татвар нэмэх асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ мэтчилэн үг үйлдэл нь зөрж байгаа болохоор үүний эсрэг намын гишүүд хөдлөж магадгүй бололтой.