УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдсан юм. Уг хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Үүнд 8 нэр төрлийн татварыг нэмэх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг заалтууд багтаж байгаа аж.
1. Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) нэмэх
Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд ноогдуулна. Ингэхдээ тэдний сарын цалин 2.5 саяас их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө. Одоогийн хуулиар иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг.
2. Хадгаламжийн орлогод татвар ногдуулах
2018 оноос эхлэн энэ татварыг авах хуулийг 2017 оны нэгдүгээр сар болгон урагшлуулсан.
3. Автомашины онцгой албан татварыг цилиндрийн багтаамж, насжилтаас нь хамааран нэмэх
- 1500 см куб түүнээс бага бол 750 000 төгрөг
- Одоогийн хуулиар 725 000 төгрөгийн татвар авдаг.
- 1501-2500 см куб, 0-3 жилийн насжилттай 1 520 000 төгрөг
- 1450 000 байсан.
- 1501-2500 см куб, 4-6 жилийн насжилттай бол 2 250 000 төгрөг болгох
- Одоогоор 2 175 000 төгрөг төлдөг.
- 2501-3500 см куб бол 3 сая төгрөг
- 2.9 сая төгрөг
- 4501 ба түүнээс дээш, 0-3 жилийн насжилттай бол 15 сая төгрөг
Одоогийн хуулиар 10 сая 150 мянган төгрөгийн татвар авдаг.
3. Архи, тамхины онцгой албан татвар - Тус бүр 20 хувиар нэмэх
4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)
5. Алт олборлогчид Монголбанканд алтаа тушаахад 5 хувийн АМНАТ төлөх - Одоо 2.5 хувь байгаа аж.
6. Хуучин сэлбэгийн гаалийн албан татвар
7. 20 хувьд хүргэх - Одоо 5 хувь байгаа бөгөөд хуучин сэлбэг импортлон, энд машин босгох нь түгээмэл үзэгдэл болсон.
8. Тансаг орон сууц буюу 150-иас дээш метр кв талбайтай орон сууцны татвар- 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах.
Ийнхүү татвар нэмэг болсон үндэслэл нь манай улсын татварын ачаалал бусад улстай харьцуулахад харьцангуй бага. Татвар төлөгчдөд ирэх татварын дарамт, ачааллыг жигд хуваарилах, тэгш шударга байх зарчмыг бий болгох үүднээс уг хувь хэмжээг өөрчилж, шатлал бий болгох нь зүйтэй байгаа аж. Тиймээс уг шатлалыг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.