8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Амартүвшин: Хөгжлийн банкнаас зургаан зочид буудал 77.1 тэрбум төгрөгийн зээл олгоно

2015-12-09 08:20:00

Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Жэньжоу хотод зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцохоор болсон талаар  мэдээлсэн юм. 


Эдийн засгийн харилцааны хөтөлбөрийн талаар

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг хэлэлцэж, баталсан байна.УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн юм.Энэ нь гадаад зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг гаргах боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг Монголын хөрсөнд нутагшуулах, үндэсний аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүнийг экспортод түлхүү гаргахыг чиглэсэн зорилтуудыг тусгасан хөтөлбөр юм. Тус хөтөлбөр 2015-2020 оны хооронд хэрэгжинэ гэж Г.Амартүвшин хэллээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дэд консул А.Баярсайханг ажлаас нь халсан. Гэтэл ажлаа хийж байна гэсэн мэдээлэл байна? 

-Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайхан ажлаа хүлээлгэн өгсөн байгаа. Ажлаа хийхгүй байгаа. Дипломат төлөөлөгчийн газар гэдэг бол гэр бүлээрээ тухайн улсад ажиллаж, амьдардаг. Ажлаа хүлээлгэж өгсөн хэдий ч гэр орноо нааш нь нүүлгэх, хүүхдийнхээ сургуулийг шилжүүлэх зэрэг хувийн ажлаа амжуулах шаардлагатай байгаа болов уу гэж бодож байна. Түүнээс ажлаас нь чөлөөлөөд ажлыг нь хүлээгээд авсан байгаа. 

-Дараагийн хүнийг хэзээ томилох вэ?

-Төрийн албанд 20 гаруй жил ажилласан Н.Золзаяа гэж хүн томилогдож байгаа.

-А.Баярсайхан ажлаа өгөөгүйгээс Н.Золзаяа улсын мөнгөөр 20 хоног улсын мөнгөөр зочид буудалд байрлаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Дипломат төлөөлөгчийн газар тухайн ажиллагсад нь зочид буудалд амьдардаггүй. Тухайн консулын газрууд нь өөрийн гэсэн орон байртай. Зарим нь өөрийн эзэмшил, зарим нь түрээсийн байр байдаг учраас үүнд улсаас ямар нэг илүү зардал гарна гэсэн ойлголт байхгүй.

-Н.Золзаяа ажлаа авсан даруйдаа 20 гаруй хүнийг халж солино гэсэн мэдээлэл байна?

-Дипломат төлөөлөгчийн газар ажиллагсадыг тухайн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн халах эрхгүй байдаг. Энэ нь  хуулиараа Гадаад хэргийн яамны салбар зөвлөл гэж байдаг. Гадаад хэргийн яамны салбар зөвлөл хуралдаад дипломат төлөөлөгчийн газар ажиллагсдыг томилж, чөлөөлдөг.

-Гадаадад байгаа Монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Гадаадад байгаа иргэдийнхээ аюулгүй байдалд үе үеийн засгийн газрууд ажиллаж ирсэн. Хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газруудын тоог нэмэгдүүлэх, байршлыг эргэж харах, Монгол иргэд олноор суурьшсан газар консулын албаны орон тоог нэмэгдүүлэх чадавхийг нь нэмэгдүүлэх чиглэлээр зөвхөн засгийн газрын түвшинд гэлтгүй УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороотой ярилцаж тогтмол зөвлөлддөг.  Сүүлийн үед Европд олон халдлага болж байгаа. Үүнтэй холбогдуулан холбогдох дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан Монгол иргэдээ аюулгүй байдлыг хангах зорилгоор сэрэмжлүүлэг хүргэж байна. Монгол иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж тус бүс нутагт Монгол иргэдийн санаачлагаар байгуулагдсан Монгол иргэдийн холбоодтой тогтмол хамтар ч ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа.    

-Сэрэмжлүүлэг өгөхөөс өөр гадаадад байгаа иргэдээ хэрхэн хамгаалж байна вэ?

-Хилийн чанадад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газар байдаг.  Дипломат төлөөлөгчийн газар гэдэгт элчин сайдын яам, байнгын төлөөлгчийн газар, ерөнхий консулын газар, консулын газар,  зарим тохиолдолд консулын төлөөлөгч байдаг. Монгол иргэд олноор суурьшсан газарт консулын албан ажиллаж байгаа. Улс төр, эдийн засгийн харилцаа сайн хөгжсөн газар ихэнх тохиолдолд  элчин сайдын яам консулын албатайгаа  хамтарч байгаа. Сүүлд засгийн газрын шийдвэрээр иргэдэд туслах сан гэж байгуулагдсан. Энэ бол хилийн чанадад хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн, хүнд нөхцөл байдалд байгаа иргэдэд тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор ашигладаг. Энэ сангийн шийдвэрээр хилийн чанадад эрх нь зөрчигдөж байгаа иргэдээ хамгаалдаг арга хэрэгсэл байгаа. 

-Японоос төмөр замын асуудлаар ажлын хэсэг ирсэн гэсэн энэ үнэн үү? 

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр байгуулсан санамж бичгийн хүрээнд тус улсын Эдийн засгийн яамны газрын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад танилцах айлчлал хийсэн байна. Энэ үеэр төмөр замын асуудлаар мөн холбогдох судалгаа хийх зорилгоор Оюу-Толгой, Таван-Толгой зэрэг орд газруудад танилцах айчлал хийсэн.

- АСЕМ-ын уулзалтад зориулж Хөгжлийн банкнаас авсан 70 тэрбум төгрөгийг танайхаас олгосон гэж яриад байгаа. Харин зочид буудлын холбооноос манайх мөнгө аваагүй гэсэн мэдээлэл гараад байна?

-Засгийн газраас шийдвэрлэсэн гэдгийг олгосон гэж буруу ойлгоод байгаа. Хөгжлийн банкнаас зохих шалгуурыг хангаад буй зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарсан. Олгосон, шийдвэр гарсан гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.

Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл