8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа

2016-06-22 07:41:36

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай зэрэгт хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг хүргэлээ.

Өчигдрөөс эхлэн манай орны нийт нутгаар усархаг бороо тасралтгүй орж, зарим голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болох магадлал нэмэгдэж байна.

Энэ сарын 21, 22, 23, 24-нд бороо үргэлжлэн орно. Иймд иргэдийг амралт, аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо буудаллахгүй сонор сэрэмжтэй байлгах, бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан авто тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарц бүхий газраар аюулгүй зорчихыг Шадар сайд анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл