8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн”-ыг тоймлов

2016-06-21 17:32:00

 

Хангай дэлхий хураа хайрласан бороотой өдрийн мэнд. “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы хүрээнд уншигч тантай үдэш бүрийн энэ цаг мөчид хүрдэг  “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэж байна. Эрхэм уншигч та тоймоо хүлээн авна уу.  

Монголын соробанчид хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болов

Соробаны олон улсын олимпиад Японы Цүкүба хотод болж өнгөрлөө. Уг олимпиадад манай улсаас “Монгол соробан” төвийн 15 сурагч анх удаа амжилттай оролцоод ирсэн байсан. Тэд хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна.  18 дугаар сургуулийн сурагч, долоон настай Ц.Цэцбилгүүн, 97 дугаар сургуулийн сурагч, 11 настай Б.Баярбаясгалан нар мөнгө, нэгдүгээр сургуулийн сурагч Ө.Хатанзаяа хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Зорилтот бүлгийн 350 хүүхэд зусланд амрах эрхийн бичгээ авлаа

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран  нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн албан хаагч нарын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулсан байна. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй халамж асрамжийн газруудад хүмүүжиж байгаа хүүхдүүд, хөгжлийн бэрхүшээлтэй хүүхдүүдэд зуны амралтаа  дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг гардуулж өгсөн байна.

Малчид 133 тэрбум төгрөг зээлжээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 37 227 малчин 144 тэрбум   491.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Өчигдрийн байдлаар байдлаар нийт 34 795 малчинд 133 тэрбум 725.0 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байна. 

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай. Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай

www.Chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Altaahuu
Yamar goyo erool we? Erool bat orshig
2016/06/21 103.10.23.112