УИХ-ын сонгуулийн 67-70 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёр том намын лидерүүд хүч үзэхээр болсон. Нийслэлийн Баянгол дүүрэг дөрвөн мандаттай. Тодруулбал, УИХ-ын 67, 68, 69, 70 дугаар тойрогт 34 хүн өрсөлдөж байна. Тэдний гуравны нэг нь буюу арав гаруй нь эмэгтэйчүүд. Эдгээр эрхэмүүд дотроос олны танил С.Одонтуяа, А.Ундраа, Х.Оюунцэцэг, М.Алтантуяа гэсэн эмэгтэйчүүд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүд дундаа хамгийн их анхаарал татаж байгаа нь А.Ундраа юм. Мордохын хазгай гэгчээр олонд танил болсон 2011 оноос эхлээд Монголыг цөмийн хаягдлын сав болгохоор санаархагч гэсэн нэр зүүж өнөөдрийг хүрсэн. Тодруулж хэлэхэд А.Ундраа нь 67 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд МАН-ын бага хурлын гишүүн, судлаач юм. Тэрбээр Гадаад хэргийн яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж, цөмийн энергийн чиглэлээр судалгаа хийж байсан юм. Олон түмэн түүнийг Занданшатарын туслахаар ажиллаж байсан гэдгийг мэднэ. Анх 2011 онд Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа талаар Японы Майничи сонин анх мэдээлэл гарч байсан. Үүнээс хойш цөмийн хаягдал гэх нэр томъёо хаваржин зунжин моодонд орж, одоо нэгэнт чихэнд танил дотно сонсогддог болчихсон билээ.
Японы Майничи сонины сэтгүүлч Хараюүки Айкавагийн бичсэн нийтлэлд Монголын талаас ГХЯ-ны зөвлөх А.Ундраагийн нэр байн байн гарч, түүнтэй ярилцсан тухайгаа нийтлэлдээ дурьдсан байдаг. Тухайн үед гарч байсан нийтлэлээс иш татахад “Монголын Гадаад хэргийн яамны цөмийн асуудал хариуцсан Элчин сайд А.Ундраатай нэгэн кафены тусгай өрөөнд уулзав. Би түүнд дээрх төлөвлөгөөний талаар хамгийн гол асуултаа тавихаас өмнө орчуулагчаа өрөөнөөсгарахыг хүссэн юм. Би өөрөө ч дуу хураагчаа зогсоож, бидний яриа өмнөхөөсөө арай өөр болж ирэв. Тэр бүсгүй асуултад минь англиар хариулж, цөмийн хаягдлын талаарх хэлэлцээрийн зорилго, үйл явц, түүгээр ч зогсохгүй хаана хаягдал булшлахаар ярилцаж буйгаа хэлсэн. Монгол улс газар нутаг дээрээ цөмийн хаягдал булшлах агуулах барьсны төлөө АНУ, Японоос цөмийн эрчим хүчний технологи авах аж. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын дараа тэрээр Австрали үүнтэй ижил төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зэхэж буй тухай сонссоноо хэлж, энэ өрсөлдөөнд Монголын Засгийн газар Австралийг ялах хүсэлтэй байгаа тул хэрэв энэ талаар мэдээлэл байвал бидэнд өгч туслаач гэж надаас хүсэв. Үүний дараа би Монголын Засгийн газрын цөмийн цахилгаан станц барихаар нэр дэвшүүлээд буй гурван ч өөр газарт очиж үзсэн” хэмээн бичсэн байдаг. Энэ үеэс л энэ асуудалд анхаарал хандуулж, А.Ундраагийн нэр байнга дурьдагдаж байсан юм.
Байгаль орчны төлөө тэмцэгч Ч.Мөнхбаяр түүнийг "Цөмийн хатан хаан" хэмээн тодорхойлон бичсэн нь бий.
Үнэхээр ч МАН-ын бага хурлын гишүүн, доктор А.Ундраа 2010 оны 12 сарын 23-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа :"Жилд 3000-5000 орчим уран олборлох боломжтой" хэмээн хэлж байсныг баримт байна.
Цөмийн хаягдлын асуудалд холбогдсон А.Ундраа гэж хэн бэ?
Түүнийг Агваанлувсангийн Ундраа гэдэг бөгөөд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1973 онд төрсөн. Тэрбээр МУИС-т физикч мэргэжил эзэмшжээ.Ажилласан байдлыг авч үзэхэд
Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн оржээ. ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болсон. Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж эхэлсэн юм. А.Ундраагийн ажил хэрэг энэ хүрэхгүй. ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгчээс буцаад цөмийн судлаач, эрдэмтэн гэдэг карьер дээр ч бууж байсан нэгэн. Одоо тэрбээр Монгол улсад “МонАме” хэмээх шинжлэх ухааны төв байгуулсан, захирлаар ажилладаг нэгэн.
МАН А.Ундраа VS АН С.Одонтуяа нар халз тулна
Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт нийтдээ 11 хүн нэр дэвшиж байна. Парламентад суудалтай хоёр том намуудаас хоёр эмэгтэй нэр дэвшигчийг халз тулгаж өсрөлдүүлж байна. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг хуучин тойрогт хүч үзэж байгаа бол МАН-аас А.Ундраа нэр дэвшиж байна. Гол өрсөлдөөн АН, МАН-ын хоёроос нэр дэвшүүлсэн эдгээр хоёр эмэгтэйн дунд болно. А.Ундрааг бодоход АН-аас нэр дэвшигч С.Одонтуяа нэр цэвэр нэгэн. Хэнийг сонгохыг хэзээнээс сонгуульдаа идэвхтэй оролцдог Баянгол дүүргийн иргэд хийнэ биз ээ.