8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Л.Эрдэнэчимэгийн дуулиант бичлэг тарж, “МИ-8” онгоцны ослоор амиа алдсан залуусыг дурссан өдөр

2016-06-16 08:52:10

“Монголын нэг өдөр” тойм булангаар эрхэм уншигч тантай үдэш бүрийн яг энэ цаг мөчид учран золгодог билээ. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Тоймоо хүргэхийн өмнө есөн жилийн өмнөх тэр нэг өдөр болсон нэгэн харамсалтай хэргийг сөхөж байгаадаа хүлцэл өчье. Харамсалтай хэдий ч дурсахаас өөр аргагүй билээ. Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт есөн жилийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын 13-ны өдөр гарсан ойн түймэр унтраахаар үүрэг даалгавар авч 22 залуу мордсон. Тухайн үед цаг агаарын байдлаар үүдэн тэдний сууж явсан “МИ-8” онгоц осолдож эх орны 15 эрс тэнд халуун амиа алдсан. Эх орноо хамгаалахаар мордсон  эрэлхэг хөвгүүд амиа алдаад өдгөө есөн жилийн нүүрийг үзэж буй энэ өдрийг ийнхүү онцолсон юм.  

185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлт гаргажээ

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өчигдрөөс хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд арилжааны банкинд хандаж, хүсэлтээ өгч эхэлсэн юм. Тэгвэл өчигдрийн байдлаар 185 мянган иргэн хүсэлтээ өгсөн байна. Иргэд энэ шийдвэрт ам сайтай байгаа бөгөөд хувьцаагаа зарах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Дансаа нээлгэж, бүртгүүлснээс хойш долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногоос 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар нь хувааж авах юм байна. 

350 нугараач "Гиннес"-т бүргүүлэхээр бэлтгэж байна

Монголын уран нугараачид “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хийж эхэлжээ. Тодруулбал, ирэх наймдугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд 350 уран нугараач нэгэн зэрэг нугарах юм байна. Энэхүү 350 гаруй нугараас монголын уран нугаралтыг суртачилах, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэх зорилготойгоор ийнхүү нэгэн зэрэг нугарахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа аж. Тэнд тун удахгүй нэгдсэн бэлтгэлээ хийх юм байна.

Иргэд хувьцаагаа худалдахын тулд брокер диллерийн компанид хандах шаардлагагүй

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газраас хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан билээ. Ингэхдээ хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авахаар болсон. Хувьцаагаа Засгийн газарт худалдахыг хүссэн иргэд өчигдрөөс эхлэн өргөдлөө арилжааны банкуудад өгч эхэлсэн юм.  Иргэд өөрт ойрхон ямар ч арилжааны банкинд хандах өчигдрөөс эхлэн хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаж эхэлсэн билээ. Ингээд ХААН, Төрийн банк, Голомт банкаар орж хувьцаагаа худалдах хүсэлт гаргаж буй иргэдийн байр байдалтай танилцаж, ямар сэтгэгдэлтэй байгаа талаар сурвалжилсан сурвалжлагаа хүргэж байна. 

Д.Балжин: Иргэд хувьцаагаа зарах сонирхолтой байна

Бидний очсон эхний газар бол Төрийн банкны Сүхбаатар дүүрэг VIII хороо “Сонор” плазад байрлах Арслантай гүүр салбар юм. Төв зам дагуу болоод ч тэр хөл хөдөлгөөн их ч байв. Гүйлгээ хийх үйлчлүүлэгчдээс гадна гурван газарт тусгай теллер гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байлаа. Гурван газар тус бүрт 20 гаруй хүн дугаарлаж зогссон нь иргэд хувьцаагаа зарах хүсэлттэй байгаа нь илтгэж байсан юм. Мөн  хувьцаагаа худалдахыг хүссэн иргэдийн дунд “Эдийн засаг хүндэрч иргэдийн мөнгөн орлого буурсан энэ цаг үед хувьцаагаа зарах нь зөв. Харин сонгуулийн шоу болгоод 332 ширхэг хувьцааг Засгийн газар худалдаж аваад үлдсэн нь ямар ч хэрэгцээгүй, ашиггүй болчих вий” гэж хардах хүн ч ажиглагдав. Зарим нэг нь худалдаж авна гэсэн үед өгсөн л дээр гэж ярих хүн ч байлаа. Ингээд тус банкны салбарын ажилтанаас тодруулахад “Иргэд нэлээд ирж байна. Өдрийн 11:40 минут болж байхад 200 гаруй хүн бүртгүүлсэн байна. Одоогоор бүргүүлсэн иргэдийн дунд мэдээлэл зөрсөн зүйл гараагүй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай төвөөс зөвшөөрөл авсаны үндсэн дээр авах боломжтой” гэв. Ингээд хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэн Д.Балжингийн сэтгэгдлийг сонссон юм.  Тэрбээр, “Иргэд 1072 хувьцаагаа зарах сонирхол их байх шиг байна. Дугаарлаж байхад нэлээд хүн ирж мэдээлэл авч байгаа нь харагдлаа. Би ч гэсэн хувьцаагаа зарах хүсэлт гаргачихаад явж байна.  Хүмүүс янз бүрийн бодолтой байх шиг байна. Өнгөрсөн жилүүдэд хувьцааны талаар ямар ч үг, яриа гарахгүй байж байгаад гэнэт ийм шийдвэр гаргасанд иргэд янз харж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зарим иргэний гэрийн хаяг зөрөх тохиолдол гарч байна 

Бидний дараагийн очсон газар нь уг төвд үйл ажиллагаагаа явуулдаг ХААН банкны салбар юм. Үүдэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын Улсын Засгийн газарт худалдах хүсэлт гэсэн өргөдлийн маягт барьсан үйлчилгээний ажилтан зогсож иргэдэд тарааж байсан юм.  Энд иргэд нэлээд бухимдалтай байлаа. Учир нь иргэдийг өөрийн цахим иргэний үнэмлэхийг гурван хувь канондуулж ирэхийг шаардаж байсан юм. Үүнээс үүдэн урт дараалал үүсч иргэдэд чирэгдэл, үүсгэж байгааг хэлэх хүн ч байлаа.Энэ төв хоёр теллерээр үйлчилж байсан юм. Ингээд иргэдийн сэтгэгдлийг сонссон юм. Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Мөнхөө Надад 527 ширхэг хувьцаа бий. Би төгсөх курсийн сургалтын төлбөрөө тал хувьцаагаараа төлсөн. Аав, ээж хоёр минь тэтгэврийн хүмүүс болохоор тухайн үед нь бэлэн мөнгөөр авсан. Миний бодлоор иргэдэд байгаа хувьцааны 30 хувийг худалдаж авахаар болсон нь зөв шийдвэр байсан юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр бидний гар дээр бэлэн мөнгө алга. Ийм үед хувьцааг маань эдийн засгийн эргэлтэд оруулж бэлэн мөнгөтэй болох боломжтой болж байгаа нь сайн хэрэг” хэмээн сэтгэдлээ хуваалцсан юм. Харин үйлчилгээний ажилтан “Хувьцаагаа зарах хүсэлт гаргах иргэд нэмэгдэж байна. Манайх нэлээн ачаалалтай байгаа болохоор нэмж теллер гаргасан. Зөрчлийн хувьд зарим иргэний гэрийн хаяг буруу байх тохиолдол гарч байгааг эс тооцвол бүртгэл хэвийн үргэлжилж байна” гэв. Үргэлжлэлийг энддарж уншина уу.

Л.Ганбат: Хоёр батламжийн хуудас хүчинтэй байж, их, дээд сургуульд элсэж орно

2016-2017 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ. Тодруулбал ЭЕШ  энэ сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх юм.
6 дугаар сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл,6 дугаар сарын 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл 6 дугаар сарын 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдана.  Ингээд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

-Маргааш  ЭЕШ эхлэх гэж байна. Шалгалтын бэлтгэл ажил хэр хангагдсан вэ?

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 37 мянган хүүхэд бүртгүүлсэн. Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүртгүүлсэн нийт шалгуулагчдын суудлын хуваарийг байршуулж тавьсан. Тэгэхээр шалгуулагчид манай сайт руу өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан орж, суудлийн хуваариа татаж авч болно. Ер нь бол элсэлтийн шалгалтын үйл ажиллагаа бүрэн хангагдсан.  

-Шалгалт авах байр бэлэн болсон уу?

-Улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 47 шалгалтын байр бэлтгэсэн. Мөн өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын байрыг их, дээд сургуулийн байруудад авдаг байсан. Харин энэ жилээс дунд сургуулиудыг сонгож, шалгалтын байраа бэлтгэсэн байгаа.. Шалгуулагчид хаана шалгалтаа өгөх тухай мэдээллээ Боловсролын үнэлгээний газрын www.eec.mn сайт болон манай төвөөс үнэгүй гаргадаг Элсэгчийн сонин дээр хэвлэнэ гаргасан байгаа.

-Монгол хэлний шалгалтыг хамгийн түрүүлж өгч байгаа. Хэрэв монгол хэлний шалгалтад тэнцээгүй бол цаашаа шалгалтаа өгөхгүй боломжгүй гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-Бүх нийтээр Монгол хэл болон Монгол бичгийн шалгалтыг энэ сарын 15-нд өгнө. Монгол хэлний  шалгалтад хэдэн оноо авсан хамаагүй, дараагийн шалгалтыг өгөөд явна. Ингээд ирэх долдугаар сарын 1-нд дүн оноо гарна. Дүн оноо гарахад хүүхдүүдийн гар дээр хоёр янзын батламжийн хуудас очно. Нэгэн Монгол хэлний хичээлийн батламж хуудас, нөгөө нэгэн элсэлтийн шалгалтын бусад хичээлийн батламж хуудас гэж өгнө. Энэ хоёр батламжийн хуудас хүчинтэй байж, их дээд сургуульд элсэж орно. Хугацааны хувьд Монгол хэл, бичгийн шалгалт 100 минутын хугацаанд өгнө. Харин монгол хэлний шалгалт 80 минутын хугацаатай өгөх юм. Энэ нь Сэтгүүлзүй, Хэл шинэчлэл болон монгол хэлний хичээлтэй холбоотой, энэ чиглэлээр цаашаа сурах хүүхдүүд монгол хэлний хичээлээр  шалгалтыг бас  өгнө. Иймээс үнийг салгаж ойлгох хэрэгтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Дуулиант бичлэгнийхээ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан. Үүний дараахан Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар Л.Эрдэнэчимэг гишүүнд мөнгийг нь өгөхөөр хэвлэлийнхэнтэй хамт очиход гишүүн авахаас татгалзлаа. Тэрбээр “Та нар реалити шоу хийж байгаа юм уу? Х.Бат-Ялалт бид хоёр олон жилийн өмнөөс биенээ мэднэ. Найз нөхдийн холбоотой. Х.Бат-Ялалт I хорооллоос сонгууль нэр дэвшиж байгаа. Сонгуулийн суртачилгаанд хэрэглэх мөнгө гээд надаас 50 сая төгрөг зээлсэн. Би дансаар нь мөнгө шилжүүлсэн. Чамд баримт чинь байгаа. Баримтаа үзүүл. Яагаад эмэгтэй нэр дэвшигчид рүү ингэж дайрч байгаа юм. Шударгаар өрсөлдөж яагаад яадахгүй байгаа. Ш.Алтаншагай бид хоёр нэг тойрогт нэр дэвшиж байгаа. Намайг буруутгаад Ш.Алтаншагайг сонгож болно. Та нар эмэгтэйчүүдийг улстөрөөс гаргах гэж байгаа бол шударгаар “Улс төрөөс зайл” гээд хэлчих л дээ. Би тэр бичлэгийг мэдэхгүй. Тайлбар хийх боломжгүй, бичлэгээ үзсэн хойно 25 дугаар суваг телевизийн MN мэдээллийн төвд албан ёсоор тайлбар хийнэ” гэв.   

Б.Өлзийбаяр: Хувьцааг арилжаалах үйл ажиллагаа хууль зөрчсөн үйлдэл

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос өнөөдөр 1072 хувьцааны асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр арилжааны банкууд 1072 ширхэг хувьцаагаа арилжаалах тухай иргэдийн хүсэлтийг авахдаа болон олгохдоо хууль зөрчиж буйг онцолсон юм.  Уг хэвлэлийн хуралд МҮЦАЭХ-ны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг болон албаны хүмүүс оролцлоо. Засгийн газраас 1072 ширхэг хувьцааны 322 хувьцааг багцаар нь 300 мянган төгрөгөөр худалдаж авах тогтоол гаргаад байна. Энэ үйл ажиллагааг арилжааны банкуудаар дамжуулан хийж байгаа. Энэ нь үнэт цаасны зах зээлийн хууль болоод, компанийн  тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж байгаа дурдсан юм. Мөн энэ үеэр МҮЦАЭХ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Хувьцааны худалдах үйл ажиллагааны журмыг санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон байдаг.  Компанийн хувьцааг борлуулах, арилжаалах аливаа үйл ажиллагааг санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу явуулах бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулах ёстой эдгээдүүд хийдэг юм. Нэг үгээр хэлбэл үнэт цаасыг борлуулах тусгай зөвшөөөрөлтэй үнэт цаасны компаниуд хийдэг үйл ажиллагаа юм. Тэгэхээр хувьцааг арилжаалах үйл ажиллагааг банкуудаар зуучлуулж хийж байгаа нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна. Банкуудын тухай хуулинд ч ашиг олох зорилгоор энэ төрлийн үйл ажиллагааг хориглосон байдаг. Нөгөөтэйгүүр Засгийн газар хувьцааг худалдаж авах тогтоолдоо банкуудад гуван хувийн шимтгэл өгнө гэж заасан байна. Харин брокер диллерийн компаниуд арилжааны шимтгэлийг дунджаар хоёр хувь авдаг. Энэ хувиасаа бид 25 жилийн турш Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг 100 хувь төрийн өмчит компанийг тэтгэсээр ирлээ. Тэгэхэд өнөөдөр иргэдээс хүсэлтийг нь аваад дансанд нь мөнгө байршуулсныхаа төлөө 3 хувийг банкуудад төлөх юм байна. Үүнийг мөнгөн дүнгээрээ тооцвол нэг хүний 9 мянган төгрөг.  Энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс л гарна” гэв.

В.Дамдинсүрэн хурандаа есөн аймгийн 30 гаруй сумын нутгаар явган алхжээ

Өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг биелүүлэхээр зорьсон В.Дамдинсүрэн Монголын орны хилийн цэгүүдийг явган алхаж тойрохоор зорилго тавин аялалаа эхлүүлжээ.Тэрбээр ахмад хилчин, бэлтгэл хурандаа бөгөөд өнгөрсөн нэг сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөлжээ. Өдөрт 25 км алхах зорилт тавиж энэ сарын 9-ний байдлаар 4470 км газрыг туулаад байгаа аж.  Энэ хугацаанд нийт есөн аймгийн 30 гаруй сумын газар нутгаар алхсан байна. Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган алхахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Увс аймгийн Улаангом суманд хүрч очжээ. Энэүү явган аялал нь монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулах зорилготой аж.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл