8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхцэцэг: Урлан бүтээх төвөө авч үлдэхийн тулд бид тэмцлийн бүх аргыг хэрэглэнэ

2015-12-04 08:44:00

Монгол Улс ардчилсан хувьсгал гарснаас хойш нэг ч хүүхдийн барилга нэмж бариаагүй. Тэгвэл манайдаа л  ганц гэгддэг хүүхдийн урлан бүтээх төвийг НИТХ-ын өнгөрсөн сарын 30-ны хурлаар ирэх онд хувьчлахаар шийдвэрлэжээ.Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга нь 1958 онд хүүхдийн байгууллагын зориулалтаар ашиглалтад орсон аж. Харин хүүхдийн урлан бүтээх төв уг байранд 1988 оноос одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хүүхдийн урлан бүтээх төв нь хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай болгож тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид  суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадварыг суулган, хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн авъяасыг нь хөгжүүлэх зорилгоо биелүүлэн ажиллаж байна.

 Монгол Улсын хэмжээнд үнэ төлбөргүй хичээллэдэг хүүхдийн урлан бүтээх төвийн газар барилгын компаниудын овоо хараанд байнга байдаг гэхэд хилсдэхгүй. Арваад жилийн өмнөөс эхлэн урлан бүтээх төвийн газраас бага багаар хумсалж эхэлсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хүүхдийн урлан бүтээх төвийн хашааны зүүн хэсгийг өөрийн болгосон. Улмаар өдгөө 16 давхар зочид буудал сүндэрлэн босоод буй. Энэ  мэт эрх мэдэлтэнгүүд газраас нь хумсалж байсан бол өдгөө 1415 суралцагч хүүхдүүд, багш ажилчдын хаашаа яв гэж хувьчилахаар яарна вэ. Уг асуудалтай холбогдуулан урлан бүтээх төвийн нийгмийн ажилтан Б.Энхцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ирэх онд хувьчлагдах байгууллагуудын тоонд танайх орсон байна. Үүнд танай багш ажилчид, сурагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал дээр эцэг, эхчүүд, сурагчид, багш ажилчид бүгдээрээ бухимдалтай байгаа. Өнгөрсөн сарын 30-ны НИТХ-ын хурлаар манайхыг хувьчлалд оруулна гэж тогтоол гаргасан байсан. Яагаад ганц хүүхдийн хөгжлийн байгууллагыг хувьчлалд оруулж байгааг нь ойлгохгүй байна.Бид нар уг асуудалд янз бүрээр  эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

-Салбар яамнаас танайд энэ талаар  ямар нэг мэдээлэл өгсөн үү?

-Яагаад манайхан ингээд бухимдаад байна гэхээр бид нарт энэ талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй. Үнэхээр манайх ингээд хувьчлагдах юм бол ажиллаж байгаа багш нар 1415 сурагчид хаачих вэ. Мөн дээрээс нь манай багш нар бүгдээрээ цалингийн зээл, лизинтэй байдаг.Төрийн албан хаагчид бид нар зээлээс зээлийн хооронд амьдарч яваа. Бид нар сэтгэлийн дарамтад ороод байна.Манай эцэг, эхчүүд урлан бүтээх төвийг хувьчлах гээд байна.  Бид нарын зүгээс ямар тусламж байна вэ гэх зэргээр асууж байгаа.Харин сурагчид эсэргүүцлээ илэрхийлж гарын үсэг зурсан байна лээ. Уг хувьчлах шийдвэр нь хүүхдийн байгууллагыг худалдаж болохгүй гэсэн хоригийг зөрчиж, хүүхдийн эрхийн конвецийн заалтыг зөрчөөд байна. Би өөрөө нийгмийн ажилтан учраас үүнд их эмзэглэж байна. Ямарваа нэгэн шийдвэрлэх шатны байгууллага ямар нэгэн шийдвэр гаргахдаа хүүхдийн эрхийг нэн түрүүнд хамгаалах ёстой байдаг. Хүүхдийн ордон зургаан дүүрэгт салбар дугуйлантай. Харин манайх салбар дугуйлан байдаггүй. Салбар дугуйлан нээгээд алслагдсан  гэртэй хүүхдүүдэд гар урлал сургахын оронд байгаа ганц хөгжлийн ордонг устгаад хаяах гэж байгаад харамсаж байна. Манайх хотын А бүсийн байрлалтай учир уг байрлалд нь л шунадаг байх. Манайх том талбай байсан одоо дуусаж байна. Манайхан хүүхдүүддээ анхааралд хандуулахгүй харин зочил буудал, цэнгээний газар барихын тулд хүүхдийн хэдэн байгууллага руугаа дайрч байгааг ойлгохгүй байна. Манай хажууд хэдэн жилийн өмнө  зочид буудал баригдсан. Манай эзэмшлийн газрыг хэдэн талаас нь зочид буудал, орон сууц барьсаар байгаад газар нь улам л багас ч байгаа. Зочид буудлыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гишүүний эзэмшлийн компани гэж сонссон.

- Нийт хичнээн суралцагчид, багш ажилчидтай  вэ?

-Манайх Монгол улсад байгаа ганц хүүхдийн хөгжлийн байгууллага. Гар урлал, техник технологийн дугуйлангуудыг хүүхдийн чөлөөт цаг хичээлийн бус цагаар хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой. Манай сургалт үнэ төлбөргүй явагддаг. 16 төрлийн 23 дугуйлан хичээллэдэг. ЕБС-121 сургуулиас 1415 хүүхэд хичээллэж байна. Манайх нийт 49 багш, ажилчидтай. Манайх хоёр ээлжээр хичээллэдэг. Өдөрт нэг удаа хүүхдүүддээ аарц өгдөг.

Сийлбэрийн ангийн сурагч Э.Энхтөр:  Би сийлбэрийн ангид энэ намраас эхлэн суралцаж байгаа. Өмнө нь би дугуйланд сурдаггүй байхдаа гадуур их pc  тоглох, найзуудтайгаа гадуур явах зэргээр  цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг байсан. Харин дугуйланд явснаар олон зүйл сурч шинэ найз нөхөдтэй болж байна.Урлан бүтээх төв байхгүй болохын бол бид нар сурах газаргүй болно. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бид нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байхгүй болж байгаад харамсаж байна.

 

Хүүхэлдэй бэлэг, дурсгал, шүр урлалын дугуйлангийн багшС.Оюунсайхан: Мэдээж юу гэж дуртай байх уу. Хүүхдүүд урлан бүтээх төвийг маш ихээр зорьж ирдэг.10 жилийн сургуулиудад дугуйлан хичээллэдэг боловч тэдгээр дугуйлангууд ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс заадаг. Манай дугуйлан хүүхдэд анхан шатнаас гүнзгий шат хүртэл нь заадаг. Хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээрээ маш их уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Түүнчлэн үзэсгэлэн гаргасан хүүхдүүд зөндөө байдаг.  

Уран барималын багш Т.Даваасамбуу: Манай ангид 60 хүүхэд суралцаж байгаа. Манай ангийн хүүхдүүд уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Урлан бүтээх төвийн байрыг хувьчлана гэдэг бол ирээдүй болсон авьяастай хүүхдүүдийг байхгүй болгож байгаа хэрэг. Урлагийн суралцахын хүссэн хүүхдүүд манайд суралцаж суурьтай болдог. Тэгэхээр суурийг нь аваад хаяж байна гэсэн үг. Хундаамгүй байшин хэрхэн тогтох вэ. Манай урлан бүтээх төвд 1400 гаруй сурагчид суралцдаг. Эдгээр хүүхдүүдээс байрыг нь авна гэдэг бол  гудамжинд гаргаж байгаа юм.

 

Уран барималын ангийн сурагч О.Гэрэлт-Анар: Долоон жилийн өмнө аарц өгдөг байсан одоо болтол өгдөг.Хүүхдийн урлан бүтээх төв нь үнэ төлбөргүй сургалтаа явуулдаг нь нэг томоохон давуу тал болдог. Би урланд долоон жил явах хугацаанд урлангаас их олон зүйл сурсан. Хүүхдийг их олон талаар нь хөгжүүлж өгдөг сайхан газар. Урланд явснаар урлагийн чиг баримжаа өгч ирээдүйн маргэжлийн уран бүтээлчдийг төрүүлж өгдөг. Дүрслэх урлагийн газрын суурь боловсролыг нь өгдөг газар байхгүй болно гэхээр харамсалтай байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл