8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн од морилж, Төрийн цагдаа иргэнээ дарамталж, Төрөх эмнэлгийн эмгэнэлт явдлын араас мөшгисөн өдөр

2015-12-02 20:40:00

Эрхэм уншигч та цав цагаахан цас, цэв цэнхэрхэн тэнгэр, нүд гялбасан нар, нүүр дүүрэн инээмсэглэлээр дүүрэн хорвоогийн нэгэн сайхан өдрийг үдэж байна. Өнөөдөр юу хийв, юу хийж амжуулав. Ирээдүйн төлөө, эхнэр хүүхдүүд гэр бүлийнхээ төлөө, сайн сайхан амьдралын төлөө санаж бодож явсан ажлынхаа хэдийг нугалав. Хэнд зүрх сэтгэлээсээ талархаж, хэнд хайрыг түгээв... эцэст нь өнөөдрийн тухай юу гэж бодож байна вэ. “Маргааш гэдэг надад хүрээд өнөөдөр болно. Мартагдахгүй сэтгэлд хадагдаад өчигдөр болно. Ирж яваа өчигдрийг маргааш гэдэг. Ирээд буцсан маргаашийг өчигдөр гэдэг. Өөрчлөх боломж бүхий Өчигдөр бүхнийг өнөөдөр гэдэг” гэх мөртүүд интернэтийн хуудсанд бичээстэй байна шүү цаана чинь. 

Хорвоогийн өдөр, өнөөдөр бүхэнд утга учир бий. Өнөөдөр л гэхэд олон улсын боолчлолын эсрэг өдөр гэдгийг мэдэх үү. Боолчлол гэдэг хэдийгээр өнгөрсөн баларсан мэт сонсогдовч орчин үед хүний наймааны хэлбэрээр оршин тогтнож, олон ээж, аав, хүүхэд, эмэгтэйчүүдийн зүрхэнд шар ус хуруулж, өрийг нь эмтлэж байна. Энэ тухай бодож, энэ гэмт хэргийг гаргуулахгүй тулд өөрийн зүгээс юу хийж чадахаа бодоорой. Энэ бол өчигдрөөс “айлчилсан” өнөөдрийн зорилго юм шүү.

Олон юм нуршилгүйгээр “Монголын нэг өдөр” булангаараа өнөөдөр болсон үйл явдлын тоймыг уншигч танд хүргэе. Улс орны амьдрал явдагаараа явж, улс төр, нийгмийн салбар буцалдагаараа буцалж байна. Нийгэмд хүнд байгаа үед нэг ч сайн мэдээ түгээ гэж уншигчидаасаа зэмлэл хүртсэн болохоор сайн, сайхан мэдээг түгээсэн монголчуудынхаа мэдээгээр тоймоо эхлүүлж байна.

Тэгвэл өнөөдөр манай сайтад...

Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн сарын 21-нд гарсан эх үрийн эндэгдэлийн талаар баримтад түшиглэсэн нийтлэл гарлаа. Нэлээд эрэл сурал болсоны эцэст манай сайт Өргөө амаржих газрын Ерөнхий эрхлэгчийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эх нярай болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, стандартын дагуу үзүүлэх  “Жижүүр эмч нарын багаар ажиллах журам”-ыг олж авсан юм. Журамд заасаныг харахад эндсэн эх, үр хоёрын үхэлд 2-р нэрийн жижүүр эмч буруутай байх магадлал өндөр байгаа юм... Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай...

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын жолооч нартай холбоотой осол аваар их гарах болсон. Эдгээр ослууд  техникийн аюулгүй байдал хангалттай бус, зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг, зорчигчийг хаалгандаа хавчдаг, хоорондоо уралддаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг гэх мэт шалтгаанаас үүсдэг. Тэгвэл сүүлд эдгээр гараад байгаа ослуудын талаар манай сэтгүүлч сурвалжлага бэлтгэжээ...

Монгол Улсын иргэншилтэй боловч өөр үндэстэн, басхүү чинээлэг эрхэм Абдул Каримыг монголчууд сонирхож дуусахгүй л байна. А зэрэглэлийн газрыг 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсан түүнийг шонхорын наймаа хийдэг, хууль бусаар шонхор агнасан, одоо худалдаж авсан газар дээрээ 68 давхар байшин барих нь хэмээн эх захгүй шуугиж байгаа энэ үед тус байшингийн хуучин эзэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, шинэ эзэн Абдул Карим нэг зүйлээр холбогдож байгаа талаар энд дурджээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж сонирхоорой.

Түүнчлэн Төрийн цагдаа жирийн иргэнд хилс хэрэг тулгаж, зодож дарамталсан талаар сурвалжлага өнөөдөр нийтлэгдлээ. Тодруулбал Баянгол дүүргийн цагдаагийн дөрвөн алба хаагч нэгэн иргэнийг хэрэг хүлээлгэх гэж зодож, дарамталсан байна.

 

Өнөөдрийн онцлох үйл явдал

  • Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын цаасан падаан ашиглах шаардлагагүй болсон талаар татварынхан мэдээлэл хийлээ. Үүний оронд татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтын хувилбарыг өнөөдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулахаар болжээ. Ингэснээр татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын систем рүү нэвтрэх боломжтой юм байна.
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ЕТГ, БОЯ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдид, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцохын зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар хамтдаа хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж үг хэлсэн. Тэрбээр “Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа” хэмээн нулимс дуслуулж байлаа. Мөн "ХҮний амь насыг хөнөөх хүртэл өш хонзогносон эрх ашгийн зөрчил, ашиг сонирхол явагдаж байгаа нь харамсалтай, аймшигтай.Тиймээс цаашид тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах хүртэл хичээн ажиллах болно" гэсэн юм.
  • Эрүүл Мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамбыг өнгөрсөн сарын 4-ний шөнө АТГ-аас баривчлан, шалгаж эхэлснээс хойш тус газраас албан ёсны мэдээлэл өгч байгаагүй билээ. Тэгвэл АТГ-аас өөрийн вэб сайтдаа энэ хэргийн талаар тайлбарыг өнөөдөр нийтэлсэн байна
  • Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн өнгөрсөн сарын 28-29-ны өдрүүдэд болсон. Уг тэмцээнд манай тамирчин ОУХМ Э.Бэхбаяр  урилгаар оролцож мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан юм. Тэгвэл ОУХМ Э.Бэхбаяр хулгайлд алджээ.
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст 2015 оны 01 сарын 01-нээс 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд осол гарсан тухай 56 дуудлага ирж, тухай бүр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажилласан байна. Дээрх 22 ослын улмаас 13 хүн нас барж, 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. 

 

Харин энэ хэсэгтээ өнөөдөр болсон зарим үйл явдлын хураангуйг хүргэе.

  • Баярын сүлд модыг энэ сарын 15-нд асаана
  • Утаатай тэмцэх ажлаа үр дүнтэй зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
  • УИХ-ын гишүүдэд шинэ жилийн бэлгэндээ чихмэл тоглоом худалдан авахыг уриаллаа.
  • Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2015” наадам арванхоёрдугаар сарын 25-нд болохоор тов гарч нэр дэвшигчид тодорлоо.
  • Засгийн газар эдийн засагт нийт 5.9 их наяд төгрөг нийлүүлжээ.
  • Ерөнхийлөгчийн санааачилсан, Улс төрийн намын тухай хуулийн төслийг нэгэн дуугаар эсэргүүцлээ.
  • Аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн нэгдлээ.
  • Ирвэс хамгаалагчийн үхэлд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани буруутай гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн үүний талаар мэдээлэл хийлээ. 

 

“Ирж яваа өчигдрийг маргааш гэдэг. Ирээд буцсан маргаашийг өчигдөр гэдэг” хэмээн дээр дурдсан ишлэлээрээ энэ удаагийн тоймоо өндөрлүүлж байна. Таны маргаашийн ажилд чинь амжилт хүсье.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment