8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болормаа: ОУХМ Э.Бэхбаяр шагналын 4200 ам.доллараа алдаж цагдаагийн байгууллага шалгаж байгаа

2015-12-02 14:07:00

Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн өнгөрсөн сарын 28-29-ны өдрүүдэд болсон. Уг тэмцээнд манай тамирчин ОУХМ Э.Бэхбаяр  урилгаар оролцож мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан юм. Тэгвэл ОУХМ Э.Бэхбаяр хулгайлд алдсан байна. Энэ талаар ОУХМ Э.Бэхбаярын багш  Л.Болормаагаас тодруулаа. 

 

-ОУХМ Э.Бэхбаяр шагналынхаа мөнгийг хулгайд алдсан мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Азербайжаны нийслэл Баку хотноо Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” тэмцээн өнгөрсөн сарын 28-29-ны өдрүүдэд болсон. Уг тэмцээнд чөлөөт бөхийн хүчтэнгүүдийг урьж оролцуулсан. Шагналын сан өндөртэй. Тухайлбал алт 10,000, мөнгө 5,000, хүрэл 2,000 ам.долларын шагналтай. Тэмцээнд манай шавь ОУХМ Э.Бэхбаяр урилгаар оролцоод мөнгөн медаль хүртсэн. Замын зардал, байр хоолны мөнгийг Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч "Алтай" констракшны захирал Бат-Эрдэнэ гаргасан юм. Улмаар манай шавь мөнгөн медаль хүртээд 5000 ам.доллараар шагнуулсан. Тэр шагналын мөнгөнөөс бүх дасгалжуулагч тамирчиддаа 100 ам.доллар өгсөн. 

-Хэн хэнд 100 ам.доллар өгсөн юм бэ?

-Тэмцээнд оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь зуун ам.доллар өгсөн юм билээ. Өөрөө 4300 ам.доллартай үлдсэн гэсэн. Үлдсэн мөнгөө  энд ирээд хэрэглэхийн тулд онгоцонд суухаасаа өмнө ахлах дасгалжуулагч 4300 ам.доллараа хадгалуулсан байгаа юм. Тэгээд Бакугаас Бээжин нисэхийн өмнө миний аяганы цуглуулганд аяга авахаа мартаад 100 ам.доллар авсан гэсэн. Тэгээд 4200 ам.доллар багшдаа өгөөд онгоцонд суусан. Тэд долоон цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буунгуутаа бүгдээрээ хоол идэх гээд "Макдоналдс" орсон гэсэн. Тэгээд Бэхээ багшаасаа "мөнгөө авъя"  гэсэн чинь “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд шидсэн байна билээ. Бүгдээрээ яав, ийв юу болов гээд харсан чинь хоёр талд нь зуутын доллар хийгээд дунд нь 21, 22 ширхэг нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан гэсэн. Ийм л асуудал болсон хэрэг. Улмаар манай шавь өнгөрсөн сарын 30-ны өглөө над руу багшаа мөнгөө алдчихлаа гэж ярьсан. Тэгээд би шууд 102-т мэдэгдээд Улаанбаатарт буунгуут нь цагдаатай хамт угтсан. Тэд байцаалтаа Нисэхийн цагдаагийн хэлтэст өгсөн. Бид өнөөдөр хэн нэгний нэр төрийг гутаах гэж, гүтгэх гэсэнгүй. Яагаад гэвэл бид нар тэнд байгаагүй, хоёрдугаарт цагдаагийн байгууллага эцсийн шийд гараагүй байхад ямар нэгэн хүн гүтгэх хардах асуудал байж болохгүй. Цагдаагийн байгууллага хэргийн эзнийг тодруулж, биднийг хохиролгүй болгож өгнө гэж бодож байна гэлээ.

Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл