Хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жил болдог арванхоёрдугаар сарын эхний өдөр эх оронд минь болоод дэлхий дахинд үйл явдлаар дүүрэн өдөр болж өнгөрлөө. Энэ долоо хоногт нийт нутгаар цасан шуургатай учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл 2016" наадмын загварын 7 хоног энэ сарын 26-28-нд “Blue Sky” цамхагт явагдсан юм.Харин шилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын Төв Өргөөнд өнөөдөр боллоо. Монголын дизайнеруудын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй "Гоёл 2016" наадмын топ моделиор Х.Уянга шалгарлаа. БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа. Тэгвэл энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулсан байна. сайн мэдээний хажуугаар өнөөдөр таагүй үйл явдлууд ч мөн боллоо. АТГ-ынхан өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтохыг баривчилж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Уг хэрэгт холбогдуулан хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтохоос гадна дахин өөр хүмүүсийг саатуулан шалгаж байгаа гэнэ. Тэгвэл өнөөдөр нийтийн тээвэртэй холбоотой хоёр осол гарлаа.Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, 21 дүгээр хорооллын орчимд нийтийн тээврийн хоёр автобус мөргөлдсөн осол өнөө өглөө гарсан. Мөн Өнөр хорооллын урд талын төв замд, Хархорин захын орчимд нийтийн тээврийн автобус хүн мөргөж аминд нь хүрсэн осол болсон байна.Түүнчлэн хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Алтанхүүгийн шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал энэ сарын 4-нд буюу ирэх баасан гаригт шүүхээр болжээ. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлнэ.Түүнийг анхан шатны шүүхээс найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон юм. Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч байна. Эдгээр аймгуудад өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж эхэлсэн байна.Мөн өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газар, баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс нийт иргэдэд сэрэмжлүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр цас орно, оройдоо хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ажээ.
Иргэдийг шаардлагагүй тохиолдолд БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулав
БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрсэний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч Монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байна.Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөх хот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан Хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч байна. Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг сануулж байна.
С.Зоригийн үхлийн “нууц хадгалагчид” Д.Булганд туслаад байна уу?
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон нь нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байгаа энэ үед хэвлэлээр төдийгүй сошиал ертөнцөд янз бүрийн мэдээлэл гарч байна.Тухайлбал, Д.Булганыг С.Зориг агсны хэрэгт мэдүүлэг өгөхдөө хуулийн байгууллагынхныг төөрөгдүүлсэн, худал мэдүүлэг өгч байсан нь тогтоогдсон учир шалгагдаж байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа.Харин өөр эх сурвалжуудын зүгээс С.Зориг агсны хэрэгтэй холбоотой чухал хуурцаг олдсон нь Д.Булганыг хамгаалалтанд авахад хүргэсэн ч гэх мэдээлэл байна.Энэ нь иргэдийг төөрөгдүүлж Д.Булганыг яг шалгагдаж байгаа юу эсвэл баривчилж байгаа нэрийдлээр хамгаалалтад авсан уу гэдэг дээр талцахад хүргээд байна. Юутай ч түүний цагдан хоригдох хугацааг сунгасан байгаа ч ХЭҮК, өмгөөлөгчдийнх нь зүгээс батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл байна.Цаашлаад Д.Булганы төрсөн охин Б.Сийлэгмаа БНХАУ-д сурч байгаад ээжийгээ баривчлагдсан сургаар Монголд ирээд байгаа аж. Эх сурвалжуудын хэлсэнээр Б.Сийлэгмаа нь санхүүгийн асуудалд орж байгаагүйн дээр цадиггүй нэгэн гэдгээр тодорхойлогдсон. Харин Д.Булганы хувьд ганц охиноо хүний дор оруулахгүйн тулд гадаад руу явуулсан ч тансаглуулахаар хэмжээний мөнгөний эх үүсвэргүй гэдэг. Бусдын таамаглаж буйгаар үүнд ганцхан л тайлбар бий. Д.Булган санхүүгийн тэтгэлэгийг хэн нэгнээс авдаг гэх. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
О.Жавхлан: Өмхий үнэртэй, бие нь замаг шиг ногоон өнгөтэй хүүхэд ирсэн шүү гэж эмч нь хэлсэн
Анхны үрээ өлгийдөн авахаар нэгдүгээр төрөхийг зорьсон 27 настай бүсгүй хүүхдээ төрүүлээд амиа алдаж, нярай хүүхэд нь ч мөн эндсэн эмгэнэлтэй хэрэг гарсан. Төрөх дөхсөн 27 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэж байсан ч эмч нар хайхрахгүй байсаар амиа алдсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж. Ийнхүү эмнэлэгт эх, хүүхэд хоёр хоёулаа амиа алдсан энэ хэргийг хууль хяналтынханд шалгуулахаар ар гэрийнхэн нь харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Харамсалтайгаар эхнэр, охин хоёроо алдсан Н.Жавхлантай хийсэн ярилцлагыг эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.
Н.Гантулга: Ялтан А.Мэндбаяр хар тамхи хэрэглэсэн үедээ зан байдал, үйл хөдлөл ярьж байгаа зүйл нь өөр болчихдог юм билээ
Өш хонзонгийн сэдлээр өөрийн найз М.Эрхэмбаярыг зургаа удаа буудаж, амийг нь хохироосон гэмт этгээд А.Мэндбаярыг анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял оноосон билээ.Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард Налайх дүүрэгт гарсан бөгөөд А.Мэндбаяр хэрэг үйлдчихээд оргон зайлж, гадаад руу нисэх гэж байхад нь цагдаа нар Буянт-Ухаа дээрээс баривчилсан байдаг. А.Мэндбаяр мэдүүлэгтээ “Өш хонзонгийн сэдлээр буудсан нь үнэн. Бидний дунд мөнгө төгрөгийн маргаан ч байсан. Мөн миний найз охиныг хэд хэдэн удаа хүчирхийлснийг нь сонсоод би тэвчиж чадаагүй юм” гэж ярьж байсан аж. Тиймээс хохирогч Д.Мөнхжаргалаас хар тамхитай холбоотой асуудлаар тодруулсан юм. Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү.
Хятадууд хуурамч картаар мөнгө залилжээ
Гадаадын иргэд хуурамч карт ашиглан арилжааны банкуудад хохирол учруулсан хэрэг гарчээ. БНХАУ-ын дөрвөн иргэн зохион байгуулалттайгаар хуурамч төлбөрийн карт ашиглан манай улсын иргэний пос терминал төхөөрөмжөөр хууль бус гүйлгээ хийсэн байна.Тэднийг цагдаа нар илрүүлэн саатуулсан бөгөөд 30-46 насны иргэд аж.
Нуурын ус цөмөрч машин унажээ
Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан чиргүүлтэй “ЗиЛ-130” автомашин нуурын мөс цөмөрсөнөөс усанд унажээ. Энэхүү дуудлага арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, орон нутгийн гурван иргэн нийт 12 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр дөрвөн өдрийн турш ажиллаж, арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргажээ. Харин 29-нд машин гаргах бэлтгэл ажил хийгдсэн байна. Тодруулбал, дөрвөн тайль /өргөгч/ бэхэлсэн бөгөөд машин зургаан тн жинтэй тул дөрвөн талаас нь өргөж гаргах ажиллагаа хийгдэж байгаа аж.
Сурагчдын амралт энэ сарын 22-нд эхэлнэ
Ерөнхий боловсролын сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Энэ улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчид 14-ээс нэг сарын хугацаанд амарна.Тодруулбал ахлах ангийн сурагчид 14 хоног амарна.Харин I-V ангийн сурагчид 12 сарын 21-нээс ирэх 2016 оны нэгдүгээр сарын 25 хүртэл амарна. IV-IX ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 4-нээс 25-ныг дуустал амарна. X-XII ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 11-нээс 25 хүртэл амарна.
ӨНӨӨДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ЦӨӨН ӨГҮҮЛБЭРЭЭР
-АСЕМ-ын дээд түвшиний уулзалтын зам тээвэр, онгоцны буудалтай холбогдсон бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна гэж АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ахлах албан тушаалтан, Элчин сайд Л.Оргил өнөөдөр мэдээллээ.
-Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
-Өнөөдрөөс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлнэ.
-“Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эв санааны нэгдэл” ҮЭ асуудлуудаа шийдвэрлэжээ.
- Ирэх онд газрын төлбөрөөс 22,24 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр батлав.
-Он гарсаар 15 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ.
-Эрдэм шинжилгээний шилдэг залуу ажилтан, судлаачдыг шагналаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы Төр, засгийн тэргүүн нарын уулзалтад хэлсэн үгийг хүргэлээ.
-"Гоёл-2016" наадмын загваруудаас цуврал болгон толилуулж байгаа билээ. Энэ удаад "Шилмэл загвар" компанийн загвар зохион бүтээгчдийн бүтээлээс танилцууллаа.